Гүйцэтгэх засаглалынхан цонхоор харж, твиттердэж цаг нөгцөөх эрхгүй

Монголчуудын хувьд  хамгийн хариуцлагатай долоо хоногийн нэг эхэлж байна.

Улстөрийн намууд хамтарсан Засгийн газрын дараах танхимыг бүрдүүлэх гэж долоо хоногийн турш хэрэлдлээ. Гэнэт сөрөг хүчинийхээ үүргийг  ухаарсан АН-ынхан Засгийн газрын гишүүнд санал болгосон  хүмүүсийг дэмжихгүй.

УИХ-ын гишүүн бус гишүүдээсээ сайдад санал болгосон хэмээн зөрүүдэлсэн. Үүнээс болж  парламентын болон гүйцэтгэх засаглалын ажил долоо хоногоор алдагдсан. Ерөнхий сайд  өөрийн саналаа батлуулах гэж зүтгүүлж, эцэст нь Тэргүүн шадар сайд гэх орон тоог цомхотгож Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж, аргадаж явсаар арай хийж танхимаа бүрдүүлээд эргээд хартал олон асуудал хүлээгдэж, өлссөндөө юу ч хийхээс буцахгүй болсон иргэдийн бухимдал туйлдаа хүрчихсэн хүлээж байв.

Шатахууны үнийн  өсөлтөөс өдрөөс өдөрт тогоон дахь хоол нь дундарч, халаасан дахь мөнгө нь үнэгүйдэж амьжиргаа нь доройтсон иргэд аргаа барахдаа Төрийн ордныг дайлаар мордож эрх баригчдад үгээ хүргэж гэж  цуглан жагслаа. Төрийн ордны хаалгыг барьцаалан шийдвэр гаргагчдад бага ч гэсэн ухаарал өгөх гэж оролдсон.

Үүнийхээ хүчинд ямар боловч гурван талт хэлэлцээрийн ширээнд сууж гарц хайж эхэллээ. Түүнчлэн УИХ-аас байгуулагдсан үнийн өсөлтийн Валютын ханш, бензин шатахууны үнийн өсөлтийн шалтгаан, цаашид авах арга хэмээний талаархи санал, дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг Монголбанк, Шударгө өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Монголын Үйлдвэрчний Эвлэл, “НИК”, “Сод Монгол”, “Магнай трейд”, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг төр болон хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүдийг оролцуулан бас л гарц хайсан.

Өнөөдөр эдгээр ажлын хэсэг, гурван талт хэлэлцээр хийсэн нөхдүүд энэ долоо хоногт саналаа нэгтгэж хамгийн найдвартай гэсэн гарцыг сонгох болно. Ямар боловч өнгөрсөн долоо хоногт хуралдаж хууль батлах завгүй байсан парламент, Засгийн газар хэвийн ажиллаж улстөрийн амьдрал хэвийн өрнөнө. Харин шинээр төвхнөсөн  гүйцэтгэх засаглалынхан цонхоор харж, интернэтээр аялж, твиттердэж цаг нөгцөөх завгүй ажиллах болж байна.

Хоёрдугаар сар гаргаад цалин, тэтгэвэр тэтгэмж нэмнэ гэж байсан ч өнөөдөр  шийдэж чадаагүй байгаа. Тэвчээр нь алдарсан багш нар дахин ажил хаяхаар ярилцаж байна. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  эрдэнийн хувь болох нэг сая төгрөгийг бэлнээр өгнө гэж байсан.

Үүнийгээ аваад цагаан сараа тэмдэглэнэ гэж  байсан хөгшүүлийн  найдвар тасрахад хүрч байна.  Өндөр настны тамирыг барахгүй, эмзэг ядуу иргэдээ туйлдуулчихгүйн тулд шинэхэн сайд нар илүү их ажиллах хэрэгтэй болж байна.


URL:

Сэтгэгдэл бичих