ОУВС “явж”, засаг дураараа авирлах цаг айсуй

5d6c76401931d4.22259262-Бидэнд дахин нэг Венесуэл болох сонголт байна-

Эдийн засгийн хүндрэл гаарах үед манайх ОУВС-д хэдэнтээ хадаг барин очсон. Олон удаагийн уулзалт, хэлэлцээрийн үр дүнд гурван жилийн хугацаатай тусгай хөтөлбөр авч, улсаа засах эрхийг тэдний гарт шилжүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл, санхүүгийн эрх мэдлээ бусдад өгсөн гэсэн үг. Уг хөтөлбөрийн хүрээнд газар авсан хямралт байдал ялимгүй илааршиж, үрэлгэн Засгийн газрын төсвийн алдагдал зогсох тийш хандсан. Бэлэн мөнгө хэвлэх ёстой гэсэн улстөрчдийн шахалтаас төв банк мултарч, инфляцыг тогтоон барих үндсэн ажилдаа орсон нь ердөө саяхан. Бизнес, хөрөнгө оруулалтын орчинд итгэлийн оч үсэрч, төсөв, мөнгөний бодлого 2017 оны дунд хагасаас цэгцэрч эхэлсэн. Монголын эдийн засагт нүүрлэсэн хямралын шинж тэмдэг бага багаар аньж, нөхцөл байдал өнөөдөр арай дээрдсэн гэж хэлж болно.

Эдийн засгийн жолоо цулбуураа ОУВС-д дахин атгуулсан Засгийн газар өрийг өрөөр аргалж, дотоодын зах зээлд задгай бондоо хумьсан. Хөрөнгийн биржээр тогтмол хугацаанд арилжаалж байсан Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд цэг тавьснаар улс дотроосоо босгосон бондын өр цааш үргэлжлэх замгүй болсон. Эдийн засгийн хүндрэлийг удирдсан ОУВС-гийн ээлжит хөтөлбөрийн явцад валютын нөөц дөрөв орчим тэрбум ам.долларт хүрч, ДНБ энэ оны эхний хагас жилд 7.3 хувиар өсөв. Төгрөгийн ханшийн уналт саармагжиж, инфляц найман хувиас хол давсангүй. Эдгээр нь төв банк, Засгийн газрын үйл хэрэг гэхээс илүүтэй уул уурхайн гол хэдэн таваар болон тусгай хөтөлбөрийн үр дүнд бий болжээ. Товчоор, сайд сайндаа бус зах зээл сэргэснээр эдийн засагт өсөлт ийнхүү ажиглагдав.

Хоёр Засгийн нүүр үзсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” оны дараа өндөрлөнө. Монголын эдийн засаг нуран унахаас сэргийлсэн энэхүү хөтөлбөрийн ач холбогдол ч энэ үед илүү тодорхой болох юм. Даамжирсан банкны чанаргүй зээл, олон жил үргэлжилсэн төсвийн алдагдал, төгрөгийн ханш зэрэг нь эдийн засгийг донсолгох хэмжээнд авчирна гэж хэн ч санаагүй байх. Гэвч төсөв, мөнгөний бодлогын хосолмол хямрал санхүүгийн зах зээлийн 95 хувийг бүрдүүлэх банкны тогтолцоог ч хамж аваад хийсгэж мэдэх хэмжээнд хурцадсан байсныг манай томчууд олж хараагүй билээ. Олж харсан нь тоогоогүй өнгөрсөн бололтой. Ийм нөхцөл байдал руу ч өөрсдөө түлхсэн нь бий.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг төрийн бодлого болгож чадсан Н.Золжаргал, түүний орыг залгасан Н.Баяртсайхан ч ханшийн уналтыг хашиж дийлээгүй юм. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2672 төгрөгтэй тэнцлээ. АН, МАН-ын эдийн засагт авчирсан хамтын бүтээл энэ. Амьдрах зардал бүхэлдээ улам үнэтэй болоход өнөөдрийн улстөрчид түүхэн үүрэг гүйцэтгэж байна. Шуудхан хэлэхэд, амьдрахад хүнд хэцүү болж байгааг ам.долларын “үнэ цэнэ” хэлнэ. Захын цайны газар аяга хоол 10 мянгад хүрэх тийм үе рүү ардын засаг хөтөлж байна.

Хөрөнгө оруулагчдад, бизнес эрхлэгчдэд өнөөдрийн эрх баригчид халтай шийдвэр гаргах болгонд ам.долларын ханш хөдөлж, ард түмний амьдрал харин уруудан доройтсоор. Граммын эдийн засаг ярьж, 2016 оны сонгуульд мандсан шийдвэр гаргагчид өөрсдөө энэхүү эдийн засгийн бүтцийг бий болгож чадлаа. Ирэх оны сонгуульд хамаг байдгаа тавиад тууж мэдэх Засгийн газарт бондын эргэн төлөлт, түүнээс гадна ОУВС-гүй цааш хэрхэн улс орноо авч явах ухаан байгаа эсэхийг цаг хугацаа харуулах үлдэж байна. Өнөөдрийнх шиг хорино, цагдана, хураана, авна, баривчилна, ачна, цэрэгжинэ гэвэл энэ улсад хувийн хэвшил устаж, зах зээлийн эдийн засгийн тогтолцоо нуран унах эрсдэл тун ойрхон байна. Үр дүнд нь дахин нэг Венесуэл дэлхийд бий болох тийм аргагүй сонголт үлдэнэ.

Эх сурвалж: Info5.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих