“Сүүлчийн могикан” болж “Рио Тинто” л үлдлээ дээ
Улаанбаатарт саяхан болж өнгөрсөн Боаогийн ээлжит форумыг манайхан баахан хөөрөгдөж магтах аястайгаар өндөрлүүлэх шиг санагдсан. Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны хөгжилд чухал ач холбогдолтой эл уламжлалт форумаас нэг зүйлийг анзаарснаа өгүүлэхгүй байж чадсангүй. Хэдийгээр Хятад улс энэ форумын автор, тэргүүлэгч орон хэдий ч, чуулганы үзэл санааг гагцхүү Хятадын эрх ашигт нийцүүлсэн мэт бодогдсон. Энэ бол гагц нийтлэгч миний хувийн бодол сэтгэгдэл юм шүү гэдгээ урьдчилан зориуд сануулаад өгүүлэх гэснээ шууд өгүүлсү. Нэлээд хэдэн жилийн өмнө хайнаньд болсон чуулганыг тухайн үеийн Ерөнхий сайд асан С.Батболдын хэвлэлийн багт багтан сурвалжилж байлаа. Тэр үед форумаас тунхаглаж байсан үзэл санаа өнөөдөр бараг хэвээрээ байх аж. Өөрчлөгдсөн юм алга. Бас л бүс нутгийн орнуудын хамтын ажиллагаа, хамтын ирээдүй, нэг зорилго гэсэн сэдэв нь хэвээрээ.Эндээс тэгээд юуг хэлэх гэсэн бэ гэхээр манайханд өнөөг хүртэл тогтвортой хөгжлийн ямар ч бодлого алга гэх гээд байна.
Бодлогогүй улс орон ямар ч чухал үйл явдлыг зүгээр л хэлбэр талаас нь анхаарахаас цааш хэтэрдэггүй бололтой. Тэр нь ч Улаанбаатарын чуулганаас анзаардагдлаа. “…Маш мундаг ач холбогдолтой боллоо. Манай монголчуудад сайн төсөл л байвал хөрөнгө оруулагчид ар араасаа цуварч байна” ч гэх шиг… Заавал ингэж худлаа хөөрцөглөх шаардлага байлаа гэж үү! Тэгвэл ар араасаа шахцалдаад байгаа тэр хөрөнгө оруулагч нар хаана байна вэ? Учир мэдэх хүмүүсийн ярьж байгаагаар тэдний сэтгэлийг зовоогоод байгаа ганц асуудал энэ гэж байна.
Монгол Улсаас гаднын хөрөнгө оруулагчид харин ч болгоомжлох болоод байгааг жишээ баримттайгаар тэд хэлж, анхааруулсаар байна. Уг нь манайх шиг улсад гаднын хөрөнгө оруулалт амин чухал гэдгийг захын хүн хэлнэ. Гэхдээ үр ашигтай байх ёстой. Дэлхийд хэмжээгээрээ хоёр, наймд жагсаж байгаа БНХАУ, ОХУ гэсэн хоёр том эдийн засаг бидний боломж. хил шууд залгасан аварга хөршүүдийн хувьд тэд Монголын гадаад хөрөнгө оруулалтад эзлэх хувь хэмжээ, боломж бололцоогоор аль ч улс орнуудаас хол давуу.
Гэсэн хэдий ч “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Ингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах; АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг Өрнө, Дорнын улс,орнуудтай холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогыг барина” хэмээн Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын 14.1,2-т тодорхой заачихсан байдаг юм билээ.
Энэ бол Монголын эрх ашигт маш чухал заалт. Харамсалтай нь гуравдагч хөршийн орнуудтай харилцах үзэл баримтлалаасаа манай өнөөгийн эрх баригчид санаатайгаар татгалзаж эхэлж байгаа юм болов уу гэсэн хар төрөх болж. Хардах нь сэтгүүлчийн эрх болохоор яалтай.
Яг нарийндаа 2016 оноос хойш Монголын төр, засаг өрнөдийн буюу гуравдагч орнуудын хөрөнгө оруулалтыг шахан гаргах бодлого барих болсон. Би жишээ татах хэрэгтэй байх. Өмнөговийн Гурвантэс суманд тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан Канадын хөрөнгө оруулалттай “Соут гоби сэндс” компани өөрийн эзэмшиж байсан хувиа Хятадын төрийн өмчит том корпорацын нэг болох “Чалко”-д зарж, шилжүүлээд гарч одсон. Австралийн “Проспект ресурс” компани мөн л дээрхийн жишгээр өмнөд хөршийн ямар ч билээ нэг компанид хувь эзэмшлээ зараад гарахаас аргагүй болсон юмдаг. Энэ бүхнээс хамгийн дуулиантайгаар Канадын “Хан ресурс” компани Монголоос шахагдан гарсныг монгол хүн бүр мэдэх байх. тэдний орыг мөн л урд хөршийнхөн залгасан.
• Ураны төслүүдээс францчуудыг шахан гаргах бодлого сүүлийн хэдэн жил төр, засгийн хүрээнд эрчимтэй өрнөх болсон.
• Хамгийн гол нь энэ бүхэн Монголын геостратегийн бодлогод аюултайгаар нөлөөлж байгаад юм.
• “Гурав дахь хөршийн бодлого” маань бидний нүдэн дээр нуран унах нэн гашуудалтай хэрэг явдалтай тулгарах болно.
Монголын тал хууль зөрчиж тус компанитай хөрөнгө оруулалтын гэрээгээ цуцалснаас болж олон улсын арбитрын шүүхээр орж, 80 сая ам.долларын нөхөн төлбөр буюу торгуулийг тус компанид төлж гадаад ертөнцөд нүдний булай болж билээ.
Ийм жишээ маш олон. Ураны төслүүдээс францчуудыг шахан гаргах бодлого сүүлийн хэдэн жил төр, засгийн хүрээнд эрчимтэй өрнөх болсон. Одоо тэгээд алдарт Оюутолгой л бараг цор ганцаараа гуравдагч орнуудын хөрөнгө оруулалтын төлөөлөл болж үлдлээ шүү дээ. Бусад нь бүгд гарчихлаа. Энэ байдлаараа “Сүүлчийн могикан” “Рио тинто” ч удалгүй Оюутолгойг орхин гарах биз. Намайг ийн бичиж буйн төлөө үгийн нөөцөө үл хайрлан, бараг шавхан байж хараалаар “мялаах” цуутай, цогтой “эх оронч” нөхдүүд хэдэн арваараа гарч ирнэ. Нөгөө алдартай “худалдагдсан сэтгүүлч” цолоо хайрлах нь ч лавтай.
Уг нь ингэж бичиж буй минь цэвэр өөрийн үзэл бодлоо дагасных билээ л. Оюутолгойн гэрээг Монголын талд хохиролтой болсон гэдгийг үгүйсгэдэггүй ч, зарим нэгний хүсэж байгаа шиг энэ төслийг зогсоох тухайд бүр тас эсэргүүцэн харин ч нэг хөндлөн зогсох хүний нэг би мөн. Гэрээ байгуулахдаа гаргасан алдаагаа даруй засаж сайжруулаад явах маань монголчууд бидэнд нэн чухал бөгөөд ашигтай гэж бас боддог хүн. Манай улстөрчид л Оюутолгой төслийг ард түмэнд ашигтай бус өөрсдөдөө ашигтай байлгахыг юу юунаас ч илүү эрмэлзэн асуудлыг өнөөг хүртэл сунжруулдаг гэдэгт ямар ч эргэлзээгүйгээр итгэдэг болсон. Оюутолгойн гэрээний талаар дахин дахин асуудал босгон ярьж эхэлсэн улстөрч болгон илтээр хөрөнгөжих болсон нь нийгэмд тод анзаарагддаг шүү дээ.
Ер нь сүүлийн хэдэн жилд Монголд хөрөнгө оруулалт хийж, бизнесийн үйл ажиллагаагаа эрхэлж байсан хоёр хөршийнхөөс бусад гаднын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдийг ийнхүү хоморголон хөөж байгаа нь магадгүй хэн нэгний захиалгатай, бүр шал өөр зорилготойгоор үйлдэгдэж байж болох уу гэдгийг бид өөрсдөөсөө асууж, тунгаан бодох ёстой гэдгийг л хамгийн түрүүнд сануулмаар санагддаг юм.
Хамгийн гол нь энэ бүхэн Монголын геостратегийн бодлогод аюултайгаар нөлөөлж байгаад юм. Зарим нэг маань бүр ил цагаанаар “Рио тинто”-г хөөн зайлуулах талаар ярьдаг болж. Яс юман дээрээ тулахад Монголын хувь заяа хэрхэх нь дэлхийн энэ том “мангас”-т түй ч хамаагүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй л дээ. Хэрэвзээ энэ “гигант” аргаа барах аваас Оюутолгой төслийг зүгээр л хэн нэг мөнгөтэй нөхөрт зарчихаад гараад явчихаж чадна гэдгийг монголчууд ухаарахгүй байна. Муу дүр зургаар харж, энэ төслөөс “Рио тинто” татгалзаж, өнөөдрийг хүртэл оруулсан хөрөнгөө тооцон хэн нэгэнд зарахаар болж гэж төсөөлөн бодъё л доо. Энэ том мега төслийг тэр чигт нь худалдаж авч чадах тэр мөнгөтэй “нөхөр” хэн байж болохыг бас төсөөлөх гээд үз. Хариу нь бараг л бүхэнд тодорхой гэдэгт эргэлзэхгүй байна.
Манай статистикийн алба гэж эрх баригчдын таалалд нийцүүлж “ажилладаг” дүүрчихсэн нэг газар байдаг. Тус газрын аль 2013 оны тайланд дурдсанаар Монголд хөрөнгө оруулсан зөвхөн Хятадын 5503 компани байдаг гэжээ. Харин 2018-2019 оны тайланд энэ тоо хэд болсныг харах гэж хайгаад олсонгүй. Улам л олон болсон нь дамжиггүй. Угаасаа Монголын бүхий л салбар дахь хөрөнгө оруулалтын орчинг өмнөд хөршийн хувь, хувьсгалын компаниуд аажмаар эзлэх болсныг бид харцгааж байгаа. Хамгийн харамсалтай нь эрх ашиг, хувийн сонирхолдоо баригдсан эрх баригчдын зүгээс ганц улсад ийнхүү санаатайгаар болон санамсаргүйгээр бодлогын дэмжлэг үзүүлэх болсноороо улс үндэстний аюулгүй байдлыг нэг улсаас хараат болгохын хамтаар гадаад бодлогынхоо үзэл баримтлал болгон тунхагласан “гурав дахь хөршийн бодлого” маань бидний нүдэн дээр нуран унах нэн гашуудалтай хэрэг явдалтай тулгарах болно.
Байдал ийм байгаатай зэрэгцэн төр нь хувийн хэвшил рүүгээ шууд халдан, эд хөрөнгийг нь хураах, үйл ажиллагааг нь зогсоох гэх мэт сонин хандлага гарч ирлээ. Ийм байхад гаднын хөрөнгө оруулагч нар Монголыг хүсэмжилж, хэтэвчээ дэлгэн дараалалд жагсаад зогсож байна гэх дарга нарын үг манай хошин шог хамтлагуудын ямар ч үзүүлбэрээс хол илүү инээдэмтэй, дэндүү марзан сонсогдоод байдаг юм. Өнөөдрийн зургаар бол эрх баригчдын маань хааяа бие биедээ үзүүлдэг байсан салаавч төрийн ордонд багтахаа байгаад гадаадын хөрөнгө оруулагч нар луугаа тэр тусмаа гуравдагч хөршийн бодлого руугаа чиглэдэг болсон юм шиг байна.
Дээр түр дурдаад орхисон Улаанбаатарын форум дээр Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан “Гадаадын хөрөнгө оруулагчдыг шахах хандлага нь Монголын хөгжилд хамгийн том саад үүсгэнэ шүү” хэмээн хэлсэн байсан. Манай сонсох ёстой хүмүүст түүний энэ үг хүрсэн эсэхийг мэдэхгүй. Юутай ч Монгол Улс дэлхийн таван том эдийн засагтай хамтын ажиллагаатай гэх үг уг чуулганаас хүчтэй сонсогдож байсан нь гадаадын хөрөнгө оруулагч нар манай улсаас дайжиж байгаатай ер авцалдаж, чихэнд наалдаж өгсөнгүй.
Учир нь гаднын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс орон энэ ертөнцийн түүхэнд байдаггүй юм билээ гэдгийг хаанаас л бол хаанаас олж уншчихаад байх юм даа.
Ш.Даваадорж
Засгийн газрын мэдээ
URL: