Арабын орнуудын тэргүүн хатагтай нар

Дэлхийн олон орны тэргүүн хатагтай нар улс орондоо тодорхой хэмжээний эрх мэдлийг гартаа атгадаг. Гэтэл зарим орны эрхэмсэг хатагтай нар нам гүмхэн жинхэнэ сайн эзэгтэй үүргээ гүйцэтгэн, эр нөхрийнхөө түшигтэй хань байхыг эрхэмлэх нь ч бий. Бид таа бүхэнд энэ удаа зарим тэргүүн хатагтай нарын тухай сонирхуулъя.

Асма Асад

Өнөөдөр дэлхийн олон орон Сирийн зүгт анхаарлаа хандуулаад байгаа бөгөөд тус улсад хүчирхийлэл газар авсан хэмээн дэлхийн хамтын нийгэмлэг, олон улсын байгууллагуудын зүгээс буруутгагдаад байна. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад улс орныхоо хамгийн нэр хүнд бүхий гэр бүлээс ирээдүйн эхнэрээ олж авчээ. Асма Асад гэгч эмэгтэй суннит угсаатай бөгөөд гэр бүл нь Их Британи руу дүрвэн гарсан байна. Асмагийн ээж нь Сирийн элчингийн нарийн бичгээр       ажиллаж, аав нь зүрхний эмнэлгийн тэргүүлэх зэргийн эмчийн нэг байсан гэдэг. Асма Асад нь Англид компьютерийн чиглэлээр төгссөн төдийгүй франц уран зохиолын чиглэлээр диплом гардан авчээ. Тэрээр араб, англи, испан, франц хэлээр чөлөөтэй ярьдаг аж. Асма сургуулиа төгссөний дараа “Deutsche Morgan Grenfell” компанид шинжээчээр ажиллаж байгаад хожмоо ажлаа сольж “Investment Banking Division of JP Morgan” компанийн Нью-Йорк дахь салбарт ажиллаж байсан юм.

2000 онд түүнд баярт үйл явдал тохиож Сирийн Ерөнхийлөгч шиит-алавит Башар аль-Асадтай гэрлэжээ. Хамгийн сонирхолтой нь тэр хоёрын гэрлэлт ямар нэгэн чимээ шуугиангүй зөвхөн гэр бүлийн хүрээнд л ёслоод өнгөрсөн байна. Сирийн ард түмэн төрийн тэргүүнээ гэрлэснийг нэг жилийн дараа хэвлэлээс мэдэж авсан юм. Хожмоо Асма удам залгамжлах хүү Хафезыг төрүүлсэн бол хэсэг хугацааны дараа удаах хүү Карим болон охин Зенийг төрүүлжээ. Гэр бүлийн хосуудын насны зөрүү 10 жил боловч тэд үүнээс нэг их шаналаад байдаггүй гэнэ. Асма Асад гэрлэмэгцээ албан ажлаа бүгдийг нь орхиж гэр бүлдээ хамаг цаг заваа зарцуулах болжээ. Түүнийг араб эмэгтэйгээс илүүтэй европ гэж хэлэх нь ч бий. Арга ч үгүй биз. Тэрээр уламжлалт алчуур зүүдэггүй, зарим тохиолдолд бүр бусдын анхаарлыг татахуйц хэмжээний хувцас өмсдөг. Хаа ч явсан эр нөхрөө дагаж, эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг тэргүүлдэг байна. Асма Асад Лондонд байнга очих дуртай бөгөөд Европын иргэншлээ хадгалан үлджээ. Тэрээр их идэвхтэй амьдардаг бөгөөд заримдаа телевизэд ярилцлага өгч үзэл бодлоо илэрхийлдэг байна. Тиймдээ ч тэрээр Сирийн ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж чадсан хэмээн тооцогддог.

Сафия Фаркаш Каддафи

Амь үрэгдсэн Ливийн тэргүүн Каддафийн гэргий Сафия Фаркаш нь цэргийн госпитальд сувилагч байсан бөгөөд 1970 онд Каддафитай гэрлэжээ. Тэр хоёр зургаан хүү нэг охинтой байжээ. Ливийн тэргүүн хатагтай асан нөхрийнхөө сүүдэр байхыг илүүд үздэг байсан бөгөөд улс орноор явахдаа гэр бүлийн хувийн онгоцыг хөлөглөнө. Гаднаас харах юм бол их даруухан юм уу гэмээр боловч 1986 онд америкчууд Ливийг бөмбөгдөх үеэр Каддафийн өргөмөл охин амь үрэгдэхэд тэрээр өс хонзонгоо авна хэмээн заналхийлж байсан гэдэг.

Тэрбээр Рональд Рейганыг цаазаар аваачих ёстой гэж үзээд зогсохгүй түүнд хүрч чаддаг бол өөрийн гараар ална гэж хүртэл ярьсан удаатай. Тэрхүү өс хонзонгоо Шотландын Локерби хотын дээр “Пан Америкэн” компанийн онгоцыг унагаснаар тайлж чадсан юм. Тухайн үед онгоцонд нисч явсан 243 зорчигч, онгоцны багийн 15 гишүүн амь үрэгдсэн билээ. Ливийн тэргүүн хатагтай 1999 онд сүүлчийн удаа гадаадад айлчилсан байдаг. Яагаад ч юм бэ эмэгтэйчүүдийг ялгаварлах үзлийн эсрэг байнга тэмцэж ирсэн Каддафи гэргийгээ гадаадад дагуулж явдаггүй байсан боловч бие хамгаалагч бүсгүйчүүдээр өөрийгөө байнга хүрээлүүлж ирсэн юм. Харин эхнэр нь улс төр сонирхдоггүй учир түүнд маш их хайртай гэж тэрээр ярьдаг байжээ.

Моза Насер аль-Миснед

Катарын эмирийн хоёр дахь гэргий Моза Насер аль-Миснед боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн хөгжлийн Катарын санг тэргүүлдэг. Тэрээр 52 настай, долоон хүүхдийн эх юм. Шейха Моза Насер Аль-Миснед-эмирийн гурван эхнэрийн дотроос олны өмнө гарч ирдэг цорын ганц эмэгтэй юм. Тэрээр Катарын үндэсний их сургуулийг төгссөн бөгөөд социологич мэргэжилтэй. Энэ эмэгтэй Катарт төдийгүй олон улсын байгууллагуудад алба хашдаг бөгөөд тэдгээрийн дотор боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн хөгжлийн тэргүүн, гэр бүлийн асуудал эрхэлсэн тэргүүний зөвлөлийн ерөнхийлөгч. Мөн суурь болон дээд боловсролын асуудал эрхэлсэн ЮНЕСКО-гийн тусгай төлөөлөгчийн албатай юм. Тэрээр гэр бүл дэх хүчирхийллийн эсрэг идэвхтэй тэмцэж, хүүхдийн эрх болон хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалж их олон нийтийн байгууллагын ажилд идэвхтэй оролцдог. 2010 онд “Forbes” сэтгүүл Шейхаг нэр нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад багтаасан юм.

Т.БҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих