“60 тэрбум”-ын гэх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ирэх сарын 9-нд дуусна

5804

Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан гэх хэрэг дээр 2016 оноос хойш хууль хяналтын байгууллагынхан олон удаа хавтаст хэрэг нээн шалгасан ч тодорхой  шалтгаануудын улмаас хаасан байдаг.

Харин тус хэрэг дээр шинээр нөхцөл байдал илэрсэн учраас өнгөрсөн оны наймдугаар сараас хойш дахин шалгаад прокурорт шилжүүлсэн байна. Өмнө нь тус хэргийг НПГ-аас хэрэгсэхгүй болгож байсан ч ийнхүү дахин бүтэн жил гаруй мөрдөөд энэ сарын эхээр яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтай ТЕГ-ын Мөрдөн байцаах газраас прокурорын хяналтад хүргүүлжээ.

Мөн “60 тэрбум”-ын гэх схемийг хэрэгжүүлэхийг завдсан гэх “Шинэ Монгол хаад” ХХК-ийн захирал А.Ганбаатар, нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй нарын гэм буруутай, эсэхийг тогтоолгохоор давхар шүүхэд хандсан байна.

Гэхдээ уг хэргийг шийдвэрлэх энэ удаагийн үйл явц удааширсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тухайлбал, Ц.Сандуй нарыг буруутай эсэхийг тогтоох хэргийг шүүхээр шийдвэрлэх үйл явц удааширжээ. Энэ  нь цаг хожих, шалгах нэрийдлээр  тус хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгахаар зэхэж буйтай холбоотой байж магадгүй гэх хардлагыг дагуулаад байгаа юм.

Учир нь “60 тэрбум”-ын схемийг танилцуулж, хэрэгжүүлэхээр тохирсон өдөр нь 2014 оны есдүгээр сарын 9-ны өдөр. Тэгэхээр ирэх сарын 9-ны өдөр тус хэргийг үйлдсэнээс хойшхи таван жил болж хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахаар байгаа юм.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох заалттай.

Тэгэхээр тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тун удахгүй дуусна. Магадгүй тус хэргийг прокурор, шүүх рүү сая шилжүүлдэг нь хөөн хэлэлцэх хугацааг нь дайруулж, хаах зорилготой ч байж  мэдэх юм.

Хуульчдын зүгээс уг хэргийн талаар “Хавтаст хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд шийдэх боломж хомс. Хуулийн дагуу шийдвэрлэвэл уг хэрэг хэрэгсэхгүй болох байх” хэмээж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: ISEE.MN


URL:

Сэтгэгдэл бичих