Хонг Конгийн тэмцлийн толгойлогчдыг баривчилжээ

5799

Өнөөдөр өглөө Хонг Конгийн ардчилсан хөдөлгөөний тэргүүн Жошуа Вонгийг цагдаа нар баривчилсан тухай түүний үүсгэн байгуулалцсан Демосисто намаас мэдээлжээ.

Жошуа Вонг нь 2014 онд Хонг Конгод дэгдсэн шүхэртэй тэмцлийн удирдагч болж, дэлхий дахинд танигдсан хүн юм. Түүнийг өглөөний 7:30 цагт гэрээсээ метроны өртөөнд хүрэхээр явж байх үед баривчилжээ.

23 настай тэмцэгч залууг Ван Чай дүүргийн цагдаагийн хэлтэст хүргэсэн байна.

Мөн түүний хамтран зүтгэгч Агнес Чоу өнөөдөр өглөө баривчлагджээ.

Тэднийг хууль бус цуглаанд бусдыг уриалсан, мэдсээр байж хууль бус цуглаанд оролцсон гэх үндэслэлээр баривчилсан гэнэ.

Жошуа Вонг хууль бус цуглаан зохион байгуулсан гэх хэрэгт нэмж холбогджээ. Тэднийг зургаадугаар сарын 21-ний өдөр болсон эсэргүүцлийн цуглаантай холбогдуулан баривчилсан гэнэ.

Тухайн үед тэмцэгчид цагдаагийн төв байрыг 15 цагийн турш бүслэн хааж байжээ.

Баривчилгаа нь Хонг Конгт болох ээлжит эсэргүүцлийн жагсаалын өмнөх өдөр болж байна. Маргааш болох арга хэмжээг зохион байгуулах зөвшөөрлийг Хонг Конгийн цагдаа өгөөгүй боловч тэмцэгчид үүнийг үл харгалзан цуглах төлөвтэй байгаа.

Зургаадугаар сарын эхээр иргэдийн тэмцэл эхэлснээс хойш нийтдээ 900 орчим хүнийг баривчлаад байгааг тус хотын цагдаагийн газар саяхан мэдээлжээ.

Эхэндээ гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төслийг иргэд эсэргүүцэж байв. Энэхүү хуулийн төслийг Хонг Конгийн хууль тогтоох байгууллага хэлэлцүүлгээс буцааж татсан юм. Гэвч иргэдийн тэмцэл өргөн хүрээнд ардчилсан шинэчлэл хийх, цагдаа нарын харгислалыг шүүх, хотын захирагч Кэрри Ламыг огцруулах зэрэг шаардлагуудаар өргөжин үргэлжилж байна.

Өчигдөр орой Хонг Конгоос Япон руу нисэх гэж байсан тусгаар тогтнолын хөдөлгөөний идэвхтэн Энди Чаныг цагдаа нар онгоцонд суухаас нь өмнө баривчилжээ.

Цагдаагийн биед халдсан хэрэгт түүнийг сэжиглэн шалгаж байгаа гэнэ.

“Нэг улс, хоёр систем” зарчмын дор Хятадын харьяанд байдаг Хонг Конг нь өнөөдөр Бээжингийн хамгийн эмзэг цэг болоод байна.

Сүүлийн үед Хонг Конгчуудын тэмцлийг эх газраас цэргийн хүчээр дарах тухай яриа улам нэмэгдэж байгаа юм. Пүрэв гарагийн шөнө Хятадын Ардын Чөлөөлөх Армийн цэрэг, техник Хонг Конгийн хилээр нэвтэрсэн нь үүнд нөлөөлж байна. Шиньхуа агентлаг энэхүү ажиллагааг Хонг Конг дахь Хятадын армийн гарнизоны хүн хүчийг сэлгэх зорилготой жил бүр хэрэгждэг арга хэмжээ гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: BBC

Э.СЭМҮҮН, IKON.MN


URL:

Сэтгэгдэл бичих