Агуу хайрын түүх: Жаклин Кеннеди, Аристотель Онассис
Америкийн хамгийн дэгжин бүсгүй, ерөнхийлөгчийн бэлэвсэн эхнэр Жаклин Кеннеди, дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг болох Грекийн магнат, “далайн дээрэмчин”, “гэгээн Жеки” буюу Аристотель Онассис нарын хурим олон улсад томоохон дуулиан тарьсан гэдгээрээ 20 дугаар зууны түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ.
Тэдний хурим хамгийн өргөн хэлэлцэгдсэн үйл явдал болсон юм. Хайртай нөхрөө нас барснаас хойш “ердөө” 5 жил өнгөрсний дараа Жаклиныг дахин хуримаа хийсэнд америкчууд дургүйцэж байлаа. Хэдийгээр Жаклин Онассисийн овгийг авахаас татгалзсан ч гэсэн АНУ-ын хамгийн алдартай ерөнхийлөгчийг нь “хуурсных нь төлөө» тэд Жаклиныг уучилсангүй.
Жаклин Бувье хүүхэд байхаасаа л эрчүүд бүгд л эхнэрээ хуурдаг гэдэг ойлголттой болжээ. Түүний хувьд энэ бодол нь яг л амьсгалж байгаа агаар нь мэт ердийн л зүйл байв. Хамгийн тод жишээ нь жинхэнэ эр хүн шиг биеэ авч явж чаддаг сүр жавхаатай эцэг нь байв. Тэрбээр хэдийгээр Жаклины ээжтэй ханилсан боловч бүсгүйчүүдтэй янаг амрагийн холбоо тогтоохоосоо огтхон ч ичиж зовдоггүй нэгэн байжээ.
Эцэстээ энэ нь эцэг эхийнх нь хувьд гэр бүлийн салалтаар дууссан ч Жаклин эцгийгээ хүндэтгэн хайрласан хэвээр байсан бөгөөд эцэг нь үргэлж зөв зүйл хийдэг гэдэгт итгэдэг байв. Охин үргэлж аавынхаа талд ордог байжээ. Амьдралынхаа туршид Жаклин өөрийн дурлалт залуучууд болоод эр нөхрүүдээсээ эцгийнхээ дүр төрхийг олж харахыг хичээж, эрчүүдийн тоглоом шоглоом болон ганцаардал, доромжлолын зовлонг амссан юм.
Гэсэн хэдий ч Жеки өөрийнхөө алдаатай төсөөлөлтэй тэмцэх болсон бөгөөд энэ тэмцлийн талбар нь хөдөөгийн нам гүм тосгон бус хүчирхэг улсын нийслэл болсон юм. Тэрбээр сая сая хүний нүдний өмнө бэрхшээл зовлонг гэтэлж, сэтгэлийн шархаа “нөхөх” хэрэгтэй болжээ. Бүхий л сорилтыг тэрбээр нүүрэндээ гэрэлтэх инээмсэглэлээр туулан өнгөрүүлж байсан ч Жаклиныг сэтгэлийн хөдлөлөө гээсэн “хүйтэн” эмэгтэй гэж гоочилж байв. Гэхдээ энэ бүх хугацаанд түүний зүрх сэтгэлд юу болж байсныг мэдэх хүн ховор байсан биз ээ.
Жаклин Бувье, Жон Кеннеди нарын хурим америкчуудын хувьд жинхэнэ үлгэрийн хурим болсон юм. Нүдэнд дулаахан сенатын гишүүн Жон Фицжеральд Кеннеди болон үзэсгэлэнт Жеки Бувье нар агшин зуур америкчуудын хамгийн хайртай хүмүүс болжээ.
Жоныг АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч болох үед америкчууд шинэ тэргүүн хатагтайгаа халуунаар угтан авсан юм. Америк орон анх удаагаа залуухан бөгөөд үзэсгэлэн төгөлдөр тэргүүн хатагтайтай болсон нь энэ билээ.
Гэхдээ үнэн хэрэгтээ Жаклин, Жон нарын гэрлэлт зөвхөн өнгөн дээрээ гоёмсог зураг байв. Кеннеди эхнэрээ байнга хуурч, үүнийгээ ч нуухын хэрэггүй гэсэн бодолтой байжээ. Түүний хувьд Жаклин олны дунд нэр хүндийг нь өсгөж байсан өвтэгш эхнэр нь байлаа. Энэ бүх доромжлолын хариуг Жаклин гадаад төрхөөрөө авч байв. Сэтгэл дотроо зовж шаналах бүрдээ тэрбээр өө сэвгүй гадаад төрх, өмсгөл зүүлтээрээ өөрийгөө хурцалсаар ирсэн бөгөөд сая сая бүсгүйчүүдийг араасаа дагуулан шүтээн нь болж чадсан юм.
“Далайн дээрэмчинтэй” танилцсан нь
Аргентины паспорттой, дээдсийн хүрээнийхний бизнесмэн, тэрбумтан Ари Онассистай эгч нь Жаклиныг танилцуулжээ. Ли эгч нь Жаклины хувьд мөнхийн өрсөлдөгч бөгөөд хамгийн итгэлт хүн нь байсан юм.
Аристотель хэмжээлшгүй их хөрөнгөтэй төдийгүй дур булаам тачаангуй, бас бусдын сэтгэлийг татаж чаддаг хүн байв. Тэрбээр ямар ч эмэгтэй хүн татагдахгүй байхын аргагүй тийм ауратай /гэрлэн бүрхүүл/ байжээ.
Нөхөр болон түүний ах Роберт нар нь дургүйцэж байсан ч Жаклин Онассисийн гоёмсог дарвуулт завийг хөлөглөхөөр зорьжээ. Яг энэ үед тэрбумтан түүний эгчтэй болзож байсан бөгөөд түүгээр ч барахгүй гэрлэхээр шийдсэн байв. Гэвч тэргүүн хатагтайтай уулзсанаар тэрбээр бодлоо өөрчилжээ. Дарвуулт завиар аялсныхаа дараа Онассис хатагтай нарт хоёуланд нь үнэт эдлэл бэлэглэсэн байна. Жекид бэлэглэсэн бэлэг эгчид нь бэлэглэснээс хавьгүй үнэтэй байжээ. Харин сарын дараа АНУ-ын ерөнхийлөгч бусдын гарт амиа алдав.
Кеннедийн ах нар Онассисийг үзэн яддаг байлаа. Ялангуяа Роберт Кеннеди түүнийг нэг нүдээр ч үзэхгүй.
Аристотель ямар нэгэн зарчимд баригдахгүйгээр бизнесийн агуу ухаан болон ажил хэргийн нарийн мэдрэмжээ ашиглан хөрөнгө зоорио цуглуулжээ. Тэрбээр анхныхаа сая долларыг 25 настайдаа олжээ. Энэ «дархлагдсан хулгайч» ашигтай гэрээ хэлцлүүдээрээ, шатахуун тээвэрлэгч хөлөг онгоцны бүхэл бүтэн флотоороо өрсөлдөгчдөө атаархуулж байсан бол харин асар их хөрөнгө чинээгээрээ мафийнхны шуналыг хөдөлгөж байв.
Аристотельд хэрэгтэй бүх хүн нь «халаасанд» нь байдаг байсан учраас түүнийг тийм ч амар хялбар илчлэх аргагүй байдаг байжээ. Харин Бобби Кеннеди Ерөнхий прокурор болж мафийнхантай дайн зарласан нь өөрийнхөө амийг хорлосонтой адил хэрэг болжээ. Энэ үеэр Онассисийн захиалгаар ерөнхийлөгчийг буудсан, мөн Роберт Кеннедийг үзэн ядах хувийн шалтгаан түүнд байсан гэх яриа тархах болжээ. Жон Кеннедийг нас барсны дараа Бобби Онассисийн эхнэрээ болгоно хэмээн төлөвлөсөн байсан Жаклинтай янаг амрагийн холбоо тогтоож байсан аж.
Онассис жинхэнэ аз жаргалыг амсч болохоор байсан дуучин Марии Калластай хувь заяаны эрхээр амьдралаа холбоогүй байна. Тэд бүхэл бүтэн юмны тал хэсгүүд байсан ч Мариигийн бүхнийг уучилдаг зан нь Аригийн хувьд хэтэрхий энгийн санагддаг байв. Түүнд үзэсгэлэнтэй хийгээд тачаангуй, түүний зэрэгцээ хүрч болшгүй тийм эмэгтэй хэрэгтэй байжээ. Тэр ард түмний хайр хүндлэлээс бусдыг худалдан авч чадахаар байлаа. Харин Жеки Кеннедид гоо үзэсгэлэн, алдар хүнд байсан бөгөөд Онассисийг төгс байдлаараа татаж байв.
Дэлхий дахиныг гайхшруулсан нь
Онассис Жаклинтай байнга уулздаг болж, Жеки ч өөрийг нь сэтгэл санаагаар дэмждэгт нь баярладаг байв. Ари түүний бүх зовлонг нь ойлгож байгаа мэт санагддаг байжээ.
Жаклин америкчуудын хувьд амьд домог мэт болсон байсан боловч үнэн хэрэгтээ түүнийг өмгөөлөх ганц ч хүн байсангүй. Нөхрөө нас барсны дараа тэрбээр гэр бүл болон хоёр хүүхдэд нь халдах вий гэхээс маш их айж байв. Харин хүчирхэг, бүхнийг захирагч Аритай гэр бүл болвол бүх асуудлыг шийдэж болох байжээ.
Энэ гэрлэлтийг эсэргүүцэж байсан цорын ганц хүн нь Бобби Кеннеди юм. Намайг амьд байгаа цагт Жеки хэзээ ч Онассистай суухгүй гэж тэрбээр ил тод мэдэгдэж байлаа. Түүний энэ үг нь муу ёрийг зөгнөжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдох хамгийн өндөр магадлалтай байсан Бобби1968 оны зургадугаар сарын 5-нд буудуулж амь үрэгдэв.
Аллага, урвалт шарвалтаар дүүрсэн энэ аймшигтай улсаас хүүхдийнх нь хамт авч явахыг Жаклин Аригаас аминчлан гуйдаг байжээ. Ингээд аравдугаар сарын 10-нд нефтийн магнат 1,2 сая доллароор үнэлэгдэх маш том бадмаараг бас алмас эрдэнийн шигтгээтэй бөгжийг тэргүүн хатагтай асны хуруунд зүүж өглөө. 1968 оны аравдугаар сарын 20-нд Онассисийн хувийн эзэмшлийн арал болох Грекийн Скорпио аралд албан ёсоор хуримаа хийх үед Жеки 39 настай, Аристотель 62 настай байжээ.
Гэрэл зурагчдад ердөө хоёрхон зураг авахыг зөвшөөрсөн бөгөөд тэр нь дэлхий даяар тарсан юм. Сонинууд Жекиг ичгүүр сонжуургүйгээр нь дуудаж, урвагч гэж нэрлэж байв. Тэдний хуримыг бас эцгээ хүн гэж тоодоггүй Онассисийн анхны эхнэр Тинагаас гарсан хүүхдүүд болох хүү Александр, охин Кристина нар нь эсэргүүцэж байлаа.
Гэвч тэдний хувьд олон зүйлийг амласан хурим нь ердөө хэдхэн долоо хоногийн настай байв. Онассис хуучин найз бүсгүй Марии Калластай уулзах болсон ч Мариигийн Онассисийг хайрлах сэтгэл өмнөх шигээ байхаа больсон байв. Харин Жеки дахин хайр халамжаар дутагдаж, тэрбумтны мөнгийг гэрлийн хурдаар үрж эхэлжээ. Жаклин алдартай загвар зохион бүтээгчдийн бүтээл, үнэт эдлэлийг худалдан авч, харин төлбөрийн чек нь Онассист ирдэг байв.
Аристотелийн туслахууд эхнэрийх нь дэндүү үрэлгэн байгааг хараад бараг «шооконд» орсон бол харин Онассис өөрөө Жаклины энэ үрэлгэн байдлыг нүдээ анин өнгөрүүлдэг байв. Гэвч удалгүй байдал буруу тийш эргэж байгааг ойлгож эхэлжээ. Жекитэй гэр бүл болсон нь түүнийг халаасандаа нэг ч центгүй хоцроход хүргэж магадгүй байсан бөгөөд түүний хуримтлуулсан хөрөнгө нүдэн дээр нь «хайлж» байлаа.
Мөнгө ба эрх мэдэл
Онассис Нью-Йорк хотод бараг л байнга амьдрах болсон эхнэрийнхээ алхам бүрийг мөшгүүлэхээр хувийн мөрдөгч хөлслөн авчээ. Аристотель Жаклинаас маш хурдан гэр бүлээ цуцлуулах шалтаг олдоно гэдэгт найдаж байлаа. Гэвч хүү Александр нь зуурдаар нас барснаас болж төлөвлөгөө нь нурсан байна. Тэдний харилцаа тийм ч сайн сайхан байгаагүй бөгөөд тэд хоорондоо ойлголцдоггүй байжээ.
Гэвч хүү нь нас барсан нь Аристогийн хувьд том цохилт болж, амьдрах эрч хүчээ алдаж эхлэв. Хожим нь амжилт, эд баялгийн бэлгэ тэмдэг болсон Аристотель Онассис 1975 оны гуравдугаар сарын 15-нд Парисын нэгэн эмнэлэгт хүнд өвчний улмаас нас нөгчжээ. Амьдралынх нь сүүлийн өдрүүдэд түүнийг эгч, охин хоёр нь асарч байсан бөгөөд харин Жаклин энэ хугацаанд Нью-Йоркт байжээ.
Жекигийн өмгөөлөгч Аристог оршуулах ёслол дөнгөж дуусмагц хөрөнгө мөнгөний асуудлыг хөндөж эхэлсэн байна. Онассис Жаклин болон түүний хүүхдүүдэд багагүй мөнгө гэрээслэн үлдээсэн боловч энэ нь тэдэнд хангалтгүй санагджээ. Кристина Онассис тэдний гэр бүлийнхнээс харьцаагаа бүрмөсөн тасалсных нь хариуд 26 сая долларыг Жекид төлсөн байна.
Онассисийг нас барсны дараа Жаклин редакторын ажил эрхлэх болсон ч дурсамжаа бичихийг хамгаас илүүд хүсч байжээ. Гэвч тэрбээр энэ хүслээ биелүүлж чадаагүй юм. Харин Жаклин Кеннеди хэчнээн их дурсамжийг өгүүлж чадах байсан бол? Жеки 1994 онд хорт хавдрын улмаас нас нөгчжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: “Моцнамэ”
URL: