Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журам” болон “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ыг хэлэлцлээ.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 137 сургууль, 231 цэцэрлэг боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Цаашид ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, байгууллагын зохион байгуулалтыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, удирдах ажлын арга барилаас харилцан суралцах, дадлага эзэмшүүлэх, мэдлэг боловсрол, мэргэжил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэхэд байгууллагын удирдах ажилтныг сэлгэн ажиллуулах хэрэгцээ шаардлага байна. Сэлгэн ажиллуулсаны үр дүнд боловсролын байгууллагын удирдлагууд хоорондоо ажлын арга барилаасаа харилцан суралцана. Байгууллагын хариуцлага, хяналтын тогтолцоо сайжирна. Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй гэж үзэж байна” хэмээн танилцуулгадаа онцолсон юм. Зөвлөлийн гишүүд төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хэлж, уг саналуудыг тусган сайжруулснаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зөвлөлийн гишүүд сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журмыг дэмжлээ
Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам” байв. “Сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүр сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой журам боловсруулсан. Энэ журмыг батлан хэрэгжүүлсэнээр баг хамт олноороо бүтээлчээр ажиллах, сургалтын материаллаг орчны бүрдүүлэлт болон эцэг, эхийн хамтын ажиллагаа сайжирч, сурлагын амжилт, чанар дээшлэх, сурагчид эх орноороо бахархах, хүүхдийн хүмүүжил төлөвшилд эерэг ахиц дэвшил гарч сургууль, цэцэрлэгийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх ач холбогдолтой” гэж Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа.
Нnйслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хүүхэд багачуудад хотын соёл, иргэний зөв төлөвшил, хандлага, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой хичээл эхлэхээс өмнө юм уу завсарлагааны үеэр таван минутын “албан бус” лекц ордог байх ажлыг журамд нарийн тусгах нь зүйтэй. Энэ нь сургалтын хөтөлбөр болон хичээлийн хуваарьт нөлөөлөхгүйгээр зохион байгуулдаг байх ёстой. Урамшууллын системтэй энэ ажлыг уялдуулж, журмын тодорхой хэсэгт заалт болгож оруулах хэрэгтэй. Сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, зөв хандлага хүмүүжилтэй хотын иргэнийг бий болгох энэ ажилд багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийг дэмжиж оролцоно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Журмыг хэрэгжүүлэхийг зөвлөлийн гишүүд дэмжсэн юм. Гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэн журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
URL: