Үүрэг ба биелэлт
Улсын онцгой комисс даваа гарагт хуралдаж өвөлд бэлдэх их ажлын тухай зөвлөлдөв. Эрчим хүчний системийн бэлэн байдал, өвлийн идэш, мах бэлтгэл, хүнсний ногооны нөөц, зам засвар, барилга угсралт, сургууль цэцэрлэгийн өргөтгөл, дулааны шугам сүлжээний бүрэн бүтэн байдал гэх мэтийн талаар хариуцсан албан тушаалтан нь танилцуулж, үүрэг даалгавар авав. Энэхүү үүрэг, даалгавар өгдөг нь жилийн жилд л болдог үзэгдэл. Ерөнхий сайд танхимаа цуглуулаад, үүрэгддэг. Сайдууд нь толгой дохиод гардаг. Харин тэр үүргийг хэрхэн биелүүлдэг вэ гэдэг л чухал байна.
18 сургуулийн 8500 хүүхэд гурван ээлжээр хичээллэнэ
Хаяанд тулаад ирсэн тул сургууль, цэцэрлэгтэй холбоотой жишээнээс эхэлье. Монгол Улсын Засгийн газар “Энэ хичээлийн жилээс эхлэн гурван ээлжээр хичээллэдэг бүх сургуулийн асуудлыг шийднэ. Мөн хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна” гэдэг зорилт тавьсан. Өнөөдөр хичээл ороход 10 гаруй хоног дутуу байгаа. Гэтэл Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр гурван ээлжээр хичээллэж болзошгүй 18 сургууль байгааг Боловсролын газраас мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, 18 сургуулийн 8500 хүүхэд 2019-2020 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж болзошгүй байгаа аж. “Болзошгүй” гэдгийн учир нь эдгээрийг гурван ээлжээр хичээллүүлэхгүйн тулд сургуулийн стандартад нийцсэн барилга түрээслэх маягаар зохицуулах тухай яамнаас мэдээлсэн байдаг. Гэвч одоо болтол тохирох барилгыг судалж байгаа тул гурван ээлжээр хичээллэх нь тодорхой болсныг ийнхүү хэлсэн байх. Уг нь энэ онд нийт 48 сургууль, 93 цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Үүнээс есдүгээр сарын 1-нээс өмнө 23 сургууль, 43 цэцэрлэг нь ашиглалтад орох боломжтой гэнэ. Түүнчлэн 22 барилга нь удааширалтай болон царцсан байна.
Шахмал түлшний нөөц зорилтын 50 хувьд хүрээгүй байна
Сайжруулсан түлшийг тойрсон мөн ч олон үүргийг Ерөнхий сайд танхимын гишүүддээ өгсөн. Анх тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс нийслэл рүү оруулахыг хориглосон шийдвэр гарахаас эхлүүлээд, өнөөдрийг хүртэл энэ асуудал дээр үүрэг өгсөөр байгаа. Гэтэл нийслэлийн 220.000 өрхийн хэрэглээг хангах сайжруулсан түлшний нөөц 50 хувьдаа ч хүрээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн өрхүүд галалгааны улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс түлдэг гэсэн судалгаа бий. Энэ хэрэглээг 600.000 тонн сайжруулсан шахмал түлшээр хангах боломжтой гэж тооцоолсон. Тэгвэл нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацралын хэлснээр бол “Наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний нөөц 155.600 тонн байна. Түлшийг Сонгинохайрхан дүүргийн 22, 28 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 22, 23, 27 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нийт 10 цэгээр тавдугаар сарын 15-наас борлуулж эхэлсэн. Өнөөдрөөс эхлэн нэмж борлуулагчидтэй гэрээ байгуулж ажиллана. Мөн Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавьж ажиллах бүтцийг дөрвөн түвшинд гаргаад байна” гэв. Ингэхээр өвөл хажууд ирчихээд байхад өрхүүдийн хэрэглээний сайжруулсан түлшний нөөцийн талыг ч бэлдээгүй байх юм. Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин Улсын онцгой комиссын хурал дээр “Энэ сарын эцсээр уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр агаар хөрсөнд цочир хүйтрэх төлөвтэй байна” гэсэн нь “Өвөл айсуй”-г улам бататгах шиг. Гэвч нийслэлчүүд түлээгүй.
Хоёр сард хоёр удаа таг харанхуй…
Эрчим хүчний системийн хувьд хойд хөршөөс хараат. Насжилт өндөр болсон цахилгаан станцтай, цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд энэ салбар бол жинхэнэ айдас хүйдэс. Жилийн жилд энэ асуудлаа ярьдаг, үүрэгддэг. Өнөөх нь толгой дохидог. Гэвч өнгөрсөн жил хоёр сард хоёр удаа нийслэлээрээ, бүсээрээ таг харанхуй болсон удаатай. Энэ тухай дор сануулъя.
2018.09.15. “ДЦС IV” сэлгэн залгалт буруу хийснээс үүдэн “0” зогссон. Өвөл болоогүй, намрын налгар өдрүүд байсан тул нийслэлчүүд арай ч хөлдчихөөгүй. Чадварлаг инженерүүд шуурхай ажилласны хүчинд тэр өдрөө цахилгаанаар хангасан. Тэр үед албаныхны мэдээлснээр 09.50 цагт цахилгаан тасарсан. Ингээд 15.00 цагт нийслэлийн хэрэглэгчдийн 70 орчим хувийн хэрэглээг боломжит чадлын хэмжээнд сэргээсэн. Харин нийслэлийн баруун хэсгээс буюу X хорооллын зарим, нэгдүгээр хороолол, Гурвалжингийн гүүр орчим, Баянхошуу, Өлзийт хороо, Шувуун фабрик орчмоор, хойд хэсгээс Тасганы овоо, Зурагт, Дэнжийн мянга, Хайлааст, Чингэлтэй, Дамбадаржаа, Долоон буудал, Шадивлан, Жигжид, Гүнт орчмын хэрэглэгчдийн цахилгааныг 22.00 цагийн орчимд засварлан сэргээсэн байдаг. Тэр үед салбарын яамнаас тайлбар хийхдээ “Энэ нь аваар осол, технологийн гэмтэлтэй холбоогүй. Тэг зогссон учраас эргээд эрчим хүчийг сэргээхэд хялбар юм. Улс орон даяар эрчим хүч тасалдаагүй, гол хэрэглэгчид цахилгаангүй болсон.
2018.11 сар. Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймагт шуурсан хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас цахилгаан дамжуулалтын хэд хэдэн тулгуур багана унаж, нийт 50 сум цахилгаан, эрчим хүчгүй болсон юм. Ес эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн дүн өвлийн хүйтэнд хөлдөх эрсдэл тэдний хоолойд тулав. Ховдын аймгийн тухайд Дөргөний усан цахилгаан станц байсан тул гал алдалгүй онцгой объектуудыг хангасан. Салбарын сайдын мэдээлснээр нийт 390 гаруй сая төгрөгийн хохирол гарсан. Эдгээр шугамуудыг 1950 оноос хойш шинэчлээгүй байгаа аж. Мөн тэрбээр бүх сумдад нөөцийн дизель станц байх хэрэгтэй гэдэг байр суурь илэрхийлсэн юм.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлтэй Ерөнхий сайд энэ сарын эхээр танилцаж, мөн л чиглэл, үүрэг өгсөн. Даваа гарагт болсон Онцгой комиссын хуралдаан дээр ч Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд “Эрчим хүчний эх үүсвэр, нэгдсэн сүлжээний тасралтгүй, найдвартай байдлыг ханган ажиллуулах, гамшгийн үед хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тодотгол хийх; дулааны цахилгаан станцуудын шугам сүлжээний шинэчлэл, их болон урсгал засварыг тогтоосон хугацаанд горимын дагуу хийж дуусгах; сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, түгээлтийн явцад байнгын хяналт тавих; сум бүрийг дизель станцтай болгох ажлыг эрчимжүүлж, шаардагдах хөрөнгийн асуудлыг холбогдох сайдын багц болон орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлэх гэх мэтийг үүрэгдсэн юм. Биелэлт ямар байхыг бусад үүрэг, биелэлтийн адил хүлээх, шаардах л үлдлээ.
ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN
URL: