Төрийн мөнгийг буцааж төлөхгүй байх эрх “Бэйзмент” ХХК-д бий юу?
Хөгжлийн банкнаас зээл аваад төлөлгүй “луу унжсан” томоохон зээлдэгчдийг тус банкны удирдлагууд өнгөрсөн хавар ил болгосон. Дараа нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мөн л тус банкнаас их хэмжээний зээл авчихаад эргүүлэн төлөхгүй байгаа, ноцтой зөрчилтэй компаниудын нэрийг “батлан”зарласан. Төрөөс зээл авчихаад төлдөггүй “том толгойт” компаниудын нэг болох “Хөтөл” ХХК-ийн тухай энд өгүүлье.
Байгуулагдсан түүх ба 30 жилийн дараа үйлдвэрийг өргөтгөв
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дахь Хөтөлийн шохойн чулууны ордыг түшиглэн “Цемент, шохойн үйлдвэрийн цогцолбор” барих ажлыг 1980 аад оноос эхлүүлж 1983 онд ашиглалтад оруулжээ. Үйлдвэр нь жилдээ 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай байгуулагдсан байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлж байсан төдийгүй Сэлэнгэ, Дархан, Улаанбаатар хотын цементийн хэрэглээг хангадаг байжээ.
“Бэйзмент” ХХК-д “Хөтөлийн цемент шохой үйлдвэрт технологийн шинэчлэл хийх төсөл”-ийг УИХ-ын 2010 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 11 дүгээр тогтоол, Засгийн газрын 2010 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр баталсан “Төсөл хамтран хэрэгжүүлэх талаар “Хөтөлийн цемент шохой” ТӨХК, “Бэйзмент” ХХК-ийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ” зэргийг үндэслэн үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөтгөх, цементийг хуурай аргаар үйлдвэрлэх төслийг эхлүүлсэн байдаг. Төслийг хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас 2012 онд 62 сая ам долларын барьцаагүй зээл авч, бүтээн байгуулалтын ажлыг 2014 оны тавдугаар сарын 14-ний өдөр дуусгаж, цемент үйлдвэрлэх хүчин чадлыг жилд 1.0 сая тонн болгон нэмэгдүүлжээ.
“Бэйзмент” ХХК “Хөтөл” ХХК болсон түүх
Энд дурдагдаж буй “Бэйзмент” ХХК нь 2008 онд гадаад худалдаа эрхлэх, барилгын засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан байдаг. Нэрээ өөрчлөх хүртлээ хийж байсан ажил нь тодорхой бус, татвар төлж байсан эсэх нь тодорхойгүй. Ийм тодорхой бус компанийн нэрийг гэнэтхэн 2015 онд “Хөтөл” ХХК болгон өөрчилсөн байна. Улмаар “Хөтөл” ХХК нь УИХ-ын 2015 оны70 дугаар тогтоол, мөн оны Засгийн газрын 330 дугаар тогтоолын дагуу ТӨХ-той 2015 оны10 дугаар сарын 14-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн 100 хувь буюу 119,452,690 ширхэг хувьцааг 1.38 тэрбум төгрөгөөр худалдан авснаар ТӨХК 100 хувь хувийн эзэмшилд очжээ. Тодруулбал, төрийн мөнгөөр үйлдвэрийн технологийн шинэчлэл хийчихээд буцаагаад төрийн мөнгөөр хувьчилж авсан гэсэн үг. Зүйрлэвэл, зайсанд байрлалтай дөрвөн өрөө байрны үнээр улсын том үйлдвэрийг хувьдаа завшсан хэрэг юм. Ингэж “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг УИХ, ЗГ-аар шийдвэр гаргуулан хуулийн дагуу “залгих” гэсэн мангасуудын урьдчилан боловсруулсан төлөвлөгөө биелэлээ олсон нь энэ.
30 гаруй жилийн түүхтэй Төрийн өмчит хувьцаат компанийг ганцхан тэрбум төгрөгөөр өөрийн болгосон эзэмшигч нь хэн бэ. Хөгжлийн банкнаас өндөр дүнтэй зээл авсан “Кью Эс Си” ХХК, “Хөтөл” ХХК хоёр нь нэг эзэнтэй гэж сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байсныг энд дурдах хэрэгтэй. Энэ сэжүүрийн араас хөөгөөд үзвэл Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалтай холбогдож болохоор. “КьюЭсСи” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг ажилладаг аж. Үнэхээр дээрх хоёр компани нэг эзэнтэй бол “Кью Эс Си”ХХК, “Хөтөл” ХХК, ХХБ, Эрдэнэтийн хувьчлал гэсэн тойрог үүсч буй юм. Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах санхүүгийн эх үүсвэрийн 72.4 хувийг төрөөс бүрдүүлж, 27.6 хувийг Худалдаа хөгжлийн эх үүсвэрээс бүрдүүлсэн тухай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга мэдээлж байсан учир энэ байж болох юм.
“Хөтөл” ХХК төрийн 240 тэрбум төгрөгийг төлөхгүй “луу унжиж” байна
Дээр өгүүлсэнчлэн “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт технологийн шинэчлэл хийх төсөл”-д зориулж Хөгжлийн банкнаас 2012 онд 62 сая ам долларын зээлийг олгосон. Гэвч өнөөдрийг хүртэл бүтэн 7 жилийн хугацаанд үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд өнгөрсөн хугацааны зээл, зээлийн хүүний нийт төлбөр 240 орчим тэрбум төгрөгт хүрч чанаргүй зээлд оржээ. Эх сурвалжуудын мэдээллийг сөхвөл Хөгжлийн банкнаас авсан бага хүүтэй зээлээр Улаанбаатар болон Худалдаа хөгжлийн банкнаас авсан өндөр хүүтэй зээлийг эргүүлэн төлсөн байна.
2014-2018 оны хооронд улсын комисст хүлээлгэж өгөөгүй үйлдвэрийг ажиллуулж нийт 2.0 сая тонн цемент үйлдвэрлэж, дотоодын зах зээлд худалдан борлуулсан баримт байна. Борлуулалтын орлогыг харахад зээлээ саадгүй төлөхөд хангалттай хүрэлцэхээр байгаа юм. Тухайлбал 2016 онд 54.28 тэрбум төгрөг, 2017 онд 62.99 тэрбум төгрөг, 2018 онд 52.09 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого тус тус олсон байдаг.
Хөгжлийн банк, “Хөтөл” ХХК /хуучин нэрээр Бейзмэнт/-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу төслийн хүрээнд бий болсон бүх хөрөнгө Хөгжлийн банкны барьцаанд байна гэсэн заалттай. Ингэхийн тулд улсын комисс ажиллаж хүлээж авснаар барьцаа хөрөнгө баталгаажих учиртай. Хөгжлийн банкны зүгээс дээрх байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комисс ажиллуулах хүсэлтийг 2016 оноос хойш удаа дараа гаргасаар энэ оны эхний улиралд Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар Улсын комисс байгуулж, уг комисс тавдугаар сард тус үйлдвэрт урьдчилсан байдлаар ажиллажээ. Улсын комиссоос үйлдвэрийн барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авахад шаардлагатай нэмэлт ажлыг гүйцэтгэх 30 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгсөн ч одоогоор биелүүлээгүй байна.
2014 онд төслийн бүтээн байгуулалтыг дуусгаж ашиглалтад оруулсан үйлдвэрийн байгууламжийг одоог хүртэл улсын комисс ажиллуулахгүй “хав дарж” байгаа нь хэний ашиг сонирхол вэ? Улсын комисс ажиллаагүй үйлдвэр таван жилийн хугацаанд ажиллаж ашиг орлого олсоор ирсэн ч төрийн мөнгийг төлөхгүй байгаа нь хачирхалтай. Хэрэв жирийн иргэний компани төрөөс зээл авчихаад мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан бол өдийд үйлдвэр нь улсын орлого болох байсан биз. Монгол Улсын хууль эрх мэдэлтнүүдийн өмнө сөгдөх нь энэ үү! Нөгөө талаар энэ үйлдвэрт хөдөлмөрийн аюулгүй байдал хэрхэн алдагдаж байгааг хэн ч мэдэхгүй. Учир нь улсын комисс ажиллуулаагүй. 800 орчим ажилтантай энэ том үйлдвэрт осол гарч эрдэнэт хүний эрүүл мэнд, амь нас эндвэл хэн хариуцлага хүлээх вэ. Улсын комисс ажиллуулаагүй үйлдвэр ажиллуулсан “Хөтөл” ХХК хүлээх үү.
Төрийн өмчийн үйлдвэрийг үнэгүйдүүлж хувьчилж авдаг, дээрээс нь төрөөс зээлсэн мөнгөө хугацаанд нь төлдөггүй бизнесийн ёс зүйгүй үйлдлийг зүгээр хараад суух уу. 2016 оноос хойш Хөгжлийн банк, төрийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллаад ч дийлдэггүй “Хөтөл” ХХК-д төр төмөр нүүрээ харуулах цаг нь болсныг энд сануулъя.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.8.19 ДАВАА №164 (6131)
URL: