Б.Чойжилсүрэн: Уг нь ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж бодоод л байгаа
-Монголын бизнесийн салбарын түүхэнд төрөөс шалтгаалсан хамгийн их хохиролтой хэлмэгдүүлэлт болох байх-
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.
-Засгийн газрын шийдвэрээр Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт орууллаа. Ингэснээр тантай нэр холбогддог “Сауд гоби коэл транс” компанийн ашиглалтын лиценз цуцлагдахад хүрлээ. Та энэхүү шийдвэрийг хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Би нарийн мэдээллийг албан бичгээр аваагүй байна. Хэвлэл, сошиалын хүрээнд л мэдээлэлтэй байна. Тодорхой, нарийн мэдээлэл авч, яг юу болоод байгааг нь гүйцэт ойлгоё. Яг үнэндээ ойлгоод ч байгаа юм алга.
-Хууль зөрчиж зөвшөөрөл авсан эсэхийг нь шалгахаар болсон байна. Үнэхээр хууль зөрчсөн асуудал байгаа юм уу?
-Одоо ажлын хэсэг байгуулж, шалгах юм гэсэн. Сайн шалгаж, хууль зөрчсөн үйлдэл байгаа эсэхийг тогтооно биз.
Би 2010 оны сүүлчээр энэ лицензийг худалдаж авсан. 2016 оны долоодугаар сард буцаагаад худалдсан.
Өмнө нь 2004 онд гадаадын компанид олгогдсон лиценз юм билээ. Өчигдөр (уржигдар) уурхайд цагдаа нар очиж баахан асуудал болсон шиг байна. Компанийн залуучууд хот руу ирж байгаа. Тэднийг ирэхээр нь олж уулзана.
Одоо яригдаад байгаа асуудлуудыг бичиг баримттай нь харж, юу болсон, ямар нөхцөл байдалтай байгааг нь мэднэ дээ.
-Таныг Сангийн сайд байхдаа Засгийн газарт нөлөөлж, тусгай хамгаалалтад авах газрынх нь хэмжээг өөрчилсөн гэж яриад байгаа шүү дээ?
-Манай улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар хэрвээ ашиглаж буй газрыг нь улсын тусгай хамгаалалтад авах гэж байгаа бол нөхөн олговрыг нь өгөх ёстой. 2016 онд лицензийг шилжүүлэхэд 50 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байсан.
Гэхдээ тухайн үед Засгийн газарт 50 тэрбум гаруй төгрөг өгөх мөнгө байсан юм уу. Би Сангийн сайд байхдаа нөхөн олговор авчихвал юу гэх байсан бол. Лиценз нь надад байсан нь үнэн. Т эгэхээр Сангийн сайд өөртөө мөнгө авлаа гэж ярина шүү дээ.
-Лиценз цуцлахад улс төр нөлөөллөө гэх шүүмжлэл бас гарч байна. Та юу гэж харж байгаа вэ?
-Энэ асуудалд улс төр орж байгаа гэж дүгнэж болохоор байна.
Ард түмний нэрийг барьж хэдэн хүн авчраад л зохиомлоор орилуулсан. Яг үнэндээ лиценз шилжүүлж авсан залуучууд надтай холбогдсоноороо хэлмэгдчихлээ. Өмнө нь тэнд есөн уурхай ажиллаж байсан. Тэр залуучууд 10 дахь уурхайг нь тэнд ажиллуулсан. Бүгд л зэрэгцэн ажиллаж байгаа. Дараа нь таван ч аж ахуйн нэгж уурхай ажиллуулах хүсэлтээ өгсөн юм билээ.
Гэтэл зөвхөн нэгийг нь яриад байгаа биз дээ. Монголын бизнесийн салбарын түүхэнд төрөөс шалтгаалсан хамгийн их хохиролтой хэлмэгдүүлэлт болох байх.
-Тэгвэл энэ асуудлын ард хэн байгаа юм бэ?
-Нотлоогүй учраас нотолгоогүй зүйл ярьж чадахгүй байгаа юм. Таамаг төдий зүйлээр нийгмийг шууруулах нь ёс зүйгүй үйлдэл. Баримт нотолгоотой зүйлийг л ярина.
Ер нь манай нийгэмд баялгийн хуваарилалт гэж бий. “Чи ядуу амьдарч байхад тэр чиний өмчийг хулгайлаад баяжчихлаа” гэж тайлбар хэлж, нэрд гарах хүмүүс байгаа шүү дээ.
Харин тэр баяжсан хүний хамгийн тохиромжтой дүр нь би юм байна л даа. Бизнестэй, УИХ-ын гишүүн учраас би тохиромжтой дүр нь болжээ. Ийм л юм. Одоо яах вэ дээ. Миний гуравдугаар курсийн оюутан, 20 настай байхдаа сонгосон амьдрал.
Тухайн үед би 20, 30 жилийн дараа ийм зүйл болно гэдгийг яаж таамаглах билээ. Хүмүүсийн сэтгэгдлийг харахаар УИХ-ын гишүүн, мөн “Хурд” гэж компанитай учраас намайг их шуналтай гэж ойлгодог юм шиг байна лээ. Би дараа нь шуналын тухай ярина аа.
-Таныг их шуналтай гэж Ерөнхий сайд орон даяар хэлсэн шүү дээ?
-Шунал гэх үү. Амбийц гэх үү. Бизнес хийдэг хүнд үйл ажиллагаа өргөжүүлэх хүсэл байдаг. Зардал нэмэгдэхийн хэрээр нэмж ашигтай ажиллах хэрэгтэй болно. Тэгэхээр бизнесийнхнийг шуналтай гэж хараад байгаа юм.
-Лицензийг анхнаас нь хууль бусаар авсан учраас нөхөн олговор олгохгүй гэсэн мэдээлэл байна. Компанид хэр хэмжээний хохирол учрахаар байгаа вэ?
-Компанийн залуучуудтай уулзаагүй учраас тодорхой мэдэхгүй байна. Хэвлэлээр гарсан мэдээллээр ойролцоогоор 130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэсэн. Миний эзэмшилд байх үед 50 тэрбум гаруй төгрөг болсон байсан.
Би энэ лицензийг гурван сая 600 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар хоёр тэрбум гаруй төгрөгөөр худалдаж авч байсан. Үүний дараа өөрийн эх үүсвэрээр 6-7 сая ам.долларын хайгуул хийж, дараа нь компанийн мөнгө хүрэлцэхгүй болохоор нь зээл авсан. Ингэснээр нийтдээ 20 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт гаргасан байсан.
-Үнэхээр нөхөн төлбөр төлөхгүй байх нөхцөл байдал үүсчихвэл яах вэ?
-Харъя даа. Уг нь ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж бодоод л байгаа. Улс төр “хөрөөд” бодит амьдрал дээр бууна биз.
-Аж ахуйн нэгжид асар их хэмжээний хохиролтой байгаа нь ойлгомжтой. Харин танд?
-Хууль зүйн хувьд надад их асуудал алга. Харин лиценз шилжүүлж авсан залуучууд надтай холбогдсоноороо хэлмэгдчихлээ.
Хэрвээ Б.Чойжилсүрэнгийн оронд гадаадын компани ч юм уу, өөр хүн байсан бол асуудалгүй юм байна. Энэ үүднээс ёс зүйн хувьд би тэр залуучуудын өмнө хүнд цохилтод орж байгаа нь үнэн. Би мөрөөрөө амьдарч байсан хүмүүст гай болж байна шүү дээ.
Хууль зүйн үүднээс энэ асуудлыг шалгана гэсэн. Сайн шалгаад тогтоосон нь дээр байх. Асуудал нэг талдаа гарна.
-Ерөнхий сайд танд хоёр, гурван удаа сануулсан гэж хэлж байсан. Та тухайн үед ямар байр суурь илэрхийлж байв?
-Өнгөрсөн жил нэг удаа уулзсан. Тэгэхэд Ерөнхий сайд “Чойжилоо чи ашиглахгүй байж болдоггүй юм уу” гэж хэлсэн. Би нэгэнт эрхийг шилжүүлчихсэн учраас миний эрх мэдлээс хальсан асуудал байсан л даа.
-Уурхайн техник хэрэгслийг хураах даалгавар өгсөн гэсэн. Уурхайн нөхцөл байдлын танд мэдээлэл ирсэн үү?
-Тодорхой мэдээлэл ирээгүй. Ер нь энэ бол олон зуун биш олон мянган шөнийн нойр хагасалсан хөдөлмөр шүү дээ.
Нэг компанийн залуучууд их хэмжээний эх үүсвэр гаргасан. Хүний бүхэл бүтэн амьдрал шүү дээ. Тэнд 700 гаруй ажилтан ажилгүй болж байгаа сурагтай. Тэр залуучууд ажилчдынхаа цалин, нийгмийн даатгал, нүүрсний урьдчилгаа төлбөрөө хэрхэн төлөх вэ гээд л асуудал хүнд байгаа байх.
Ер нь тооцоолшгүй нөхцөл байдал үүссэн байх. Харин асуудал нь надад байна. Би улс төрд орсны үр дагавар. Олон уурхай зэрэгцэж үйл ажиллагаа явуулж байхад нэгийг нь ингэж анхаарч байгаа нь улс төртэй л холбоотой. Ер нь бусад уурхайн орчимд байгаа ирвэс нь хүмүүст дасчихсан, миний нэртэй холбогдсон “Сауд гоби коэл транс” компанийн уурхайн ирвэсүүд л аюултай юм шиг байна лээ (инээв).
-Ер нь, уурхайн орчимд ирвэс байсан уу. Ирвэс нутагладаг гэсэн судалгаа гарсан гэсэн. Танд энэ талаарх мэдээлэл бий юү?
-Би мэдэхгүй.
ЭХ СУРВАЛЖ: Б.ЦЭНД-АЮУШ, ҮНДЭСНИЙ ШУУДАН
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
АРД ОЛОН БИД Ч ТЭГЖ БОДСООР БАЙТАЛ ТӨРӨӨС ОЛОН ОЛИГАРХИ БИЙ БОЛЖ АРДЧИЛАЛ НЭГЭНТ ХӨСӨ РХАЯГДЖЭЭ. АРД ТҮМЭН ТАНЫ КВ.М 3000сая ТӨГРӨГНИЙ ТАНСАГ БАЙРИЙГ АВАХ БАЙТУГАЙ ЗҮҮДЛЭХ Ч ЭРХГҮЙ