“АРХИДАЛТГҮЙ ХЭНТИЙЧҮҮД” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ АРХИНААС ТАТГАЛЗСАН 40 ААВЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЖЭЭ

5364
“Архидалтгүй Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд Монголын “Аавуудын өдөр”-т зориулсан “Хүмүүн заяаны хийморь” өдөрлөгийг энэ сарын наймны өдөр Баян-Овоо суманд зохион байгууллаа.
Хэнтий аймгийн ЗДТГ, түүний Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Баян-Овоо сумын ИТХ, ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, “Идэвхтэй амьдралын ирээдүй” клуб, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулсан уг өдөрлөгт нийслэл Улаанбаатар хотоос “Эрүүл идэвхтэй амьдрал” клуб, “Сэтгэлийн хөгжил” төрийн бус байгууллагын тэргүүн А.Батсайхан, орон нутгийн “Өндөрхаан” ТВ, “Хэнтийн мэдээ” сонин, Хэнтий аймгийн “Хэрлэнгийн цэнхэр алс” төрийн бус байгууллага, Хэнтий аймгийн 13 сум, хоёр тосгон, Баян-Овоо сумын иргэд, аавуудаас бүрдсэн нийт 220 гаруй хүн оролцов.
“Хүмүүн заяаны хийморь” өдөрлөгөөр Баян-Овоо сумын “Шилдэг аавууд”-ыг шалгаруулж хүндэтгэл үзүүлэх, тэдний ажлын туршлагын талаар хэлэлцэх, “Архидалтгүй Хэнтий” хөтөлбөрийн сургалт, лекц, 2018, 2019 онд архинаас татгалзсан иргэдийг шагнаж урамшуулах, “Хүчтэн” гар барилдааны тэмцээн, “Гүрмийн нуурын цэнхэр мандалд” хөгжөөнт буухиа”, “Хангай шиг түшигтэй аав” зохиолын дууны уралдааныг тус тус зохион байгууллаа.
Зохион байгуулагчид өдөрлөгийг угтаж “Идэвхтэй амьдралын ирээдүй” клубийн байрыг тохижуулж, клубийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нөхцөлийг хангасан бол Сургагч багш А.Батсайхан “Аав байхын учир” сэдвээр лекц уншиж, “Хэрлэнгийн цэнхэр алс” ТББ-ын тэргүүн Л.Энхбаатар “Архидалтгүй Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.
2018, 2019 онд архинаас татгалзсан иргэдийг Аймгийн “Архидалтгүй Хэнтийчүүд” хөтөлбөрөөс шагнаж урамшуулсан бөгөөд Баян-Овоо сумаас 15, Хэрлэн сумаас 10, Батноров, Галшар, Цэнхэрмандал, Баянмөнх, Мөрөн, Дадал сум, Хэрлэн баян-Улаан тосгоноос тус бүр нэг, Норовлин сум, Дэлгэрхаан сумаас тус бүр хоёр, Бэрх тосгоноос дөрөв нийтдээ 40 хүнийг урамшуулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих