Асуудлын гогцоо нь У.Хүрэлсүх

2012 оны сонгуулийн өмнөх ээлжит нэгэн жүжгийн хөшиг хаагдлаа. Дараагийн үзэгдэл хэр удаж байж эхлэхийг бас л хоёр намын дарга мэднэ. Энэ удаагийн жүжгийн тайлал Засгийн газар бүрэн бүрэлдухүүнээр үйл ажиллагаагаа явуулах боллоо хэмээх оршил хэсгээр эхэллээ. Өөрөөр хэлбэл хоёр нам 50/50 хувийн буулт хийснээр Зэлтэрийн гацаанаас гарлаа.

Энэ гацаа зөвхөн Тэргүүн шадар сайд гэдэг албан тушаалыг гаргаж ирсэн шигээ алга болгох гэсэн санаархлаас үүдсэн үл ойлголцол төдий зүйл. Товчхондоо МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх асуудлын гогцоо нь байжээ. Одоо уяа тайлагдлаа. Ерөнхий сайд С.Батболд таван шинэ сайдаа дагуулаад галт тэргэндээ суулаа.

УИХ дээр ч асуудал үүсэхгүй, АН-ынхан нүдээ аниад С.Батболдын Засгийн газрын үйл ажиллагааг зургаан cap тэвчээд өнгөрүүлэхээс өөр аргагүйд хүрсэн дүр зураг Монголын улстөрд өрнөнө.

Товчхондоо АН Засгийн газрыг сонгуулийн штаб болгохоос ийн сэрэмжилж, бойкот үзүүлснийг нь ч гишүүд дуу нэгтэй ярьцгааж байна. Арга ч үгүй биз. МАН-ын сонгуулийн ерөнхий менежер нь Засгийн газарт орохоор ирэх сонгуульд ялна гэж цээжний тооцоо хийсэн АН-ынханд хүнд цохилт болох нь ойлгомжтой.

Энэ утгаараа бүх төсөв хөрөнгөө намын дарга буюу Ерөнхий сайд С.Батболд нь базаж, Тэргүүн шадар сайд У.Хүрэлсүхийн мэдэлд иргэний бүртгэл мэдээллээс эхлүүлээд Монгол Улсын хүн амын мэдээллийн суурь баазууд цугларна. Үнэн чанартаа энэ мэт механик үйлдлүүдээс АН-ынхан үхтэлээ айж, өвдөг чичрэн, өрвөлзөөд эхэлсэн нь энэ ажээ.

Нөгөө талаар МАН ч буулт хийхээс өөр гарц байсангүй. Хамтарсан Засгийн газрыг байгуулах үедээ бэлгэдлийн чанартайгаар бий болгосон Тэргүүн шадар сайд хэмээх албан тушаалыг татан буулгахад асуудалгүй. Хариуцсан агентлагуудыг салбаруудад нь тараагаад өгчихнө. Өөрөөр хэлбэл шавар бурхан шиг хоймортоо залсан Тэргүүн шадар сайдын албан тушаалыг МАН бухимдсандаа цаламдаад хаячихлаа.

С.Батболд ч багийнхантайгаа аялалд гарахад бэлдлээ. Дутуу шархадсан У.Хүрэлсүх шархаа нөхөхийн тулд ирэх сонгуульд намаа ялуулж, өөрөө сайд болохыг энэ зуур юу юунаас илүү бодож суусан гэхэд мөрийцөхөд ч бэлэн байна. Засгийн газрын томилгооноос үүдсэн зөвшилцөлийн үйл явц олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн нүдний өмнө ил тод өрнөж.

Ерөнхийлөгч шоучнаараа дуудуулж, Ерөнхий сайд С.Батболд улалзсаар өндөрлөсөн ч эцэстээ зөвшилцөлд хүрч чадсан нь яах аргагүй амжилт. Мэдээж олны хяналт, нүднээс далд эрх мэдэл бүхий хэдхэн хүний хүрээнд төрийн ажил, асуудлыг шийдэж болохгүй учраас хоёр талыг зөвшилцөл, ойлголцолд хүргэдэг механизм, арга хэрэгсэл нь мөнгө, эсвэл албан тушаалын өгөө, аваа гэдэг хардлагыг хоёр нам хамтарсан гэрээ гэгч зүйлээрээ ард түмэнд хэдийнэ тараа таниулчихсан.

Ямартай ч Ерөнхийлөгчийн «Тэргүүн шадар сайдын албыг алга болгох, УИХ-ын гишүүн гурван хүнийг сайдад нэр дэвшүүлснийг нүдээ аньж өнгөрөөх ёстой» гэдэг саналыг АН хүлээгээд авчих шиг боллоо. Эцсийн дүнд МАН буулт хийж, чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулах боломжийг хангалаа. Тэгээд ч эрх барьж буй хоёр нам аль хэдийнэ сонгуулийн хөөрөлдөө автчихсан учраас ийнхүү туулаин чинээ зүйлийг уулын чинээ болгож сууна.

Сонгууль эхлэх болоогүй байна. Үнийн хөөрөгдөл, өвөлжилтийн асуудал, батлагдсан төсвийг хэрхэн зардуулах тухай асуудлын хүрээнд Засгийн газарт хийх ажил их бий. Ийнхүү хоёр намыг хэн нэгнийгээ буулт хийхийг хүлээж суух зуураа үнийн хөөрөгдөл, төрийн албан хаагчдын цалинг нэмэх гэх мэт даг үеийн тулгамдсан асуудлыг Засгийн газар шийдвэрлэх ёстойг түр хугацаанд мартагнуулж чадлаа.

Ялангуяа үнийн хөөрөгдөл, савлагаанаас болсон нийгмийн бухимдал сүүлийн долоо хоногийн хугацаанд газар авч, Засгийн газрын үйл ажиллагаа явахгүй, гарах шийдвэрүүд хүлээгдсэн. Үүний цаад талд улс орны ажил амьдрал, ард түмний ажил амьдрал, төлөвлөгөөт болон хуулийн хүрээнд хийх ёстой үйл ажиллагаа, зорилт, цаг үеийн асуудлууд ундрах нь ойлгомжтой.

Багш нарын цалинг нэмэх асуудлыг ойрын хугацаанд шийдэх ёстой. Бас үнэ ханштай холбоотой олон асуудал, түүн дээр төрийн зүгээс Засгийн газрын зүгээс авах ёстой арга хэмжээ, хийх ёстой зохицуулалтын асуудлууд орон нутаг болон цаг үеийн нөхцөл байдлаар шийдвэрүүдээ хүлээж буй олон асуудал бий. Хэдийгээр олонхын суудалтай нам боловч Ерөнхий сайд хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд өмнөө тавьсан зорилтууд өөрчлөгдөөгүй, түүнийгээ хэрэгжүүлж хийж дуусгах ёстой.

Түүний тулд бүтэц бүрэлдэхүүнээ тэр зарчмаар хадгалж ажиллах ёстой гэдэг зарчмаа тууштай тавьсан бололтой. Ингэж УИХ-д суудалтай хоёр намыг улстөрөөр толхилцож суухын цаад талд улс орны ажил амьдрал, шийдвэрлэх ёстой асуудлууд цаг алдсаар байгаад эрх биш тэд ярилцсан байлгүй дээ. Тэр ч утгаараа Засгийн газрын бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, Тэргүүн шадар сайдын орон тоог цомхотгоё, ингэж улстөрийн гацааг шуурхай гаргаж, Засгийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх боломж нөхцөлийг бүрдүүлье гэдэгт зарчмын хувьд санал нэгдэцгээлээ.

Үүнийгээ ч МАН-ын дарга, Ерөнхий сайдын хувьд хүлээж аваад, шийдвэрлүүлж байгаа нь ард түмнийхээ өмнө, улс орныхоо өмнө хариуцлагатай байх ёстой гэдэг үүргээ ухамсарлаж байгааг харуулсан хэрэг. Гацаанаас гарах хувилбарыг дэвшүүлэх ёстой гэдэг энэ зарчмыг барьж байгаагаараа ажлын төлөө хариуцлагаа өөр дээрээ авч байгаагийн илэрхийлэл боллоо.

Ингээд 2012 он сонгуулийн өмнөх ээлжит нэгэн жүжгийн хөшиг хаагдлаа. Дараагийн үзэгдэл хэр удаж байж өрнөхийг бас л хоёр намын дарга нар мэднэ.

Б.Туяацэцэг
Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих