Гэр орондоо бензин болон шатах, тослох материал хадгалахгүй байхыг зөвлөлөө
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 3,135 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 35 иргэн амь насаа алджээ. Үүний 21 нь том хүн, 14 нь хүүхэд байгаа юм.
Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж:
- Яндангийн цонолт, халалтаас хамгаалах
- Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийж яндангийн цонолт халалтаас хамгаалах. Яндангийн ил гарсан хэсгийн урт нь гэр, байшингийн дээврээс 60-80см-ээс дээш байх
- Үнс нурмаа ил задгай асгахгүй байх
- Гал түймрийн шалтгааны 36.5 хувь нь ил задгай асгасан цогтой үнс нурамнаас үүдэн гарч буй учир халуун үнс, нурмаа тагтай үнсний саванд хийх хэвших.
- Гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх
- Бүрэн бүтэн байдал нь алдагдсан, шалбарсан, зарим хэсгээрээ халалт үүсэж хайлсан, залгуур унтраалга нь эвдэрсэн болон бусад гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх,
- Гэр орондоо бензин болон бусад шатах, тослох материал хадгалахгүй байх
- Хялбар гал гаргах асаагуур, чүдэнзийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт нууж тавих
- Хийн зуухны аюулгүй хэрэглээг хангах
- Хийн зуухны буруу хэрэглээний улмаас гал түймэр гарах тохиолдол ихсэж байгаа учир хийн зуух ашиглах заавар, зөвлөмжийг дагах,
- Гэр орондоо утаа мэдрэгч суурилуулж, гал унтраагуур байрлуулах
- Утаа мэдрэгчийн хэвийн ажиллагаа болон гал унтраагуурын хадгалах хугацааг тогтмол шалгаж, гэр бүлийн гишүүдээ гал унтраагуурыг хэрхэн ашиглах талаар зааж сургах.
- Дуудлага өгөх, бусдад мэдэгдэх
- Гал гарсан тохиолдолд 101 утсанд яаралтай дуудлага өгөх. Өөрөө дуудлага өгөх боломжгүй бол хөрш айлуудаасаа тусламж хүс, чанга дуугаар хашхирч бусдад мэдэгдэх,
- Галын машины замыг чөлөөлөх, мэдээллээр хангах
- Галын машин ирэх замыг чөлөөлж, гал гарсан газарт очих замыг зааж өгөх. Галын голомт хаана байгааг тодорхой хэлж, гэр байшингийн дотор хүн үлдсэн эсэхийг яаралтай мэдэгдэх зэрэг арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
URL: