Өсөлтийн насанд нь биеийн хүч их шаардах ажил, спотроор хичээллүүлэх нь өсөлтөнд нь сөрөг нөлөөлдөг

bodyХүний бие аажмаар өсч томрон нас бие гүйцсэн үеийн бүрэн хөгжилд хүрэхийг биеийн өсөлт гэж ойлгож болно. Гэхдээ биеийн өсөлтийг ихэнхдээ гадна талдаа харагдах хэлбэр болох өндрөөр нь төсөөлөх нь элбэг. Өндөр бол гол үзүүлэлт мөн болорвч үүнтэй зэрэгцэн биеийн жин, бэлгийн бойжилт, оюун ухааны хөгжил, булчингийн хөгжил, биеийн галбирийн өөрчлөлт, дууны хөвч, үе мөчний харьцаа гээд олон талаар өсөлт хөгжил зэрэгцэн явагддаг. Хүүхэд эхийн хэвлийд олдсон үеэс хөгжил өсөлт эхлэн явагдах бөгөөд ерөнхийдөө эмэгтэйчүүд 20, эрэгтэйчүүд 25 нас хүртлээ өсдөг болох нь тогтоогдсон байдаг.

Мэдээж тухайн хүүхдийн онцлог, орчин зэргээс хамааран үүнээс эрт эсвэл хожуу байж болно. Харин эрэгтэй хүүхэд 25, эмэгтэй нь 20 нас хүртлээ өсөлтгүй байгаа бол ямар нэг эмгэг гэж үздэг. Тарваган хүний хувьд бол генийн өвөрмөц гажиг. Ийнхүү 20-25 нас хүртэл тасралтгүй өсч, ойролцоогоор 50 нас хүртлээ тогтворждог. Түүнээс цааш дахин намсах процесс үргэлжилнэ. Эрдэмтдийн судалгаагаар 10 жил тутамд нэг см-ээр атийдаг. Энэ нь нурууны болон өвдөгний үеийн хоорондох зай багасч, нуруу бөгдийдөгтэй холбоотой. Өндрийн өсөлт бага насанд илүү хурдтай бараг өдөр өдрөөр анзаарагддаг. Тэгээд цэцэрлэгийн ахлах болон сургуулийн бага ангид аажимсаж, дунд ангид орох 5-7 дугаар ангиас эхлээд буюу шилжилтийн насанд өсөлт түргэсдэг. 7-8 дугаар ангийн сурагчид зуны амралтаа дуусгаад хичээлдээ цугларахад бие биенээ хэрхэн өөрчлөгдсөнийг гайхан ярьдаг шүү дээ. Ялангуяа эрэгтэй хүүхдүүд их өндөр болж дуу нь бүдүүрсэн байдаг. Улс нийгэм хөгжихийн хэрээх хүмүүсийн амьдрах орчин илүү тав тухтай болж, хоол хүнсний төрөл олшрох зэрэгтэй холбоотой хүүхдийн өсөлт хөгжилт мэдэгдэхүйц өөрчлөгдсөн нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл хүүхдийн биеийн өндөр болон бэлгийн бойжилт 1-2 жилээр наашилж, буцаж агших нас ч 10 орчим жилээр хойшилсон байна. Хүний биеийн өсөлтөнд цаг агаар, байгаль орчин онцгой нөлөөлдөг. Тухайлбал Европийнхон Азийнхнаас харьцангуй өндөр байдаг бол том далайн дунд орших жижиг арлын оршин суугчид харьцангуй том биетай, өндөр ууланд амьдардаг хүмүүс илүү урт настай байх жишээтэй. Хүний биеийн өсөлт ялангуяа өндөрт өнчин тархины үйл ажиллагаа гол үүрэгтэй гэж үздэг. Өнчин тархины ажиллагаанаас хамаарч хүний биен дэх кальц, фосфор, натрийн солилцоо зохицуулагдана. Эдгээр бодисын илүүдсэн болон дутагдсан нь ясны хөгжилд нөлөөлдөг юм. Жишээ нь фосфор дутагдвал яс сийрэгжиж амархан хугардаг бол эдгээр бодисын хэт илүүдлээс болж онцгой өндөр болох, эсвэл аль нэг эрхтэн нь ялгаран томрох шинж гардаг. Ийм тохиолдлыг эмгэг хөгжил гэж үздэг. Нас бие гүйцсэн хүмүүсийн биеийн өндрийн см нь хүндийн жинтэйгээ тэнцүү буюу ойролцоо байвал тухайн хүний бие эрүүл, хэвийн гэж үздэг. Үүнтэй адил хүүхдийн нас өндөр, жингийн харьцааг харуулсан хүснэгт өрхийн эмнэлгүүд дээр бий.

Үүнийг эцэг эхчүүд хуулж авах нь чухал. Хүүхэд чинь насандаа тохирсон өсөлт хөгжилттэй байгааг ажиглах, түүнд нь тохирсон зөвлөмж, сургалтанд хамруулахаас эхлээд дараа жил өмсөх гутал хувцасыг нь сонгоход ашиглаж болдог. Олонхий эцэг эхчүүд хүүхэд амархан том болно гээд томдсон гутал хувцас авч өгөөд байдаг нь өнөө цагт ач холбогдлоо алдсан төдийгүй хүүхдээ сургууль хамт олных нь дунд эвгүй байдалд оруулдгийг санаж байхад илүүдэхгүй. Нөгөө талаар томдсон гутал хүүхдийн алхаа гишгээг эвдэх ба хөлийн ул хавтгайрах шалтгаан болох магадлалтай. Харин биеийн тамираар хичээллэдэг хүүхдүүдийн өсөлт үе тэнгийнхнээсээ түрүүлж байдаг. Өсөлтийн насанд нь биеийн хүч их шаардах хүндийг өргөлт, бялдаржуулах спотроор хичээллүүлэх нь цаашдын өсөлтөнд нь сөрөг нөлөөлөх магадлалтай байдгийг мэдэж байх хэрэгтэй.

Олхонууд ШААБАР


URL:

Сэтгэгдэл бичих