ОХУ: Сөрөг хүчний жагсаалыг “нам дарав”
ОХУ-ын нийслэл хотод бямба гаригт сөрөг хүчнийхэн жагсаал зохион байгуулах үеэр тэднийг зөвшөөрөлгүйгээр жагссан гэж үзэн 1000 гаруй хүнийг баривчилсан хэрэг гарчээ.
Энэ явдал олон улсын анхаарлын төвд орж улмаар Европын гадаад бодлогын албаны төлөөлөгч Майя Косьянчич мэдэгдэл гарган ОХУ-ыг шүүмжилсэн байна.
Үйл явдлыг тодруулбал, бямба гаригт Москва хотноо зөвшөөрөлгүй цуглаан болсон юм. Энэ арга хэмжээг хүчингүй гарын үсгийн тоо хэтэрсэн гэсэн шалтгаанаар Москва хотын думын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлж чадаагүй срөг хүчнийхэн зохион байгуулжээ. Улмаар энэ жагсаалын үеэр хэв журам зөрчсөн хэргээр 1074 хүн баривчлагдсан талаар Москва хотын цагдаагийн газраас мэдээлснийг РИА Новости дамжууллаа.
Энэ үйл явдалтай холбоотойгоор гаргасан Европын гадаад бодлогын албаны төлөөлөгчийн мэдэгдэлд:
“Мянга гаруй энгийн номхон жагсагчид, тэр дундаа алдартай сөрөг хүчнийхэн болон сэтгүүлчид Москвад баривчлагдлаа. Тэд Москва хотод чөлөөт, ардчилсан сонгууль явуулахыг уриалсан. Энэ баривчилгаа болон энгийн жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн явдал нь сүүлийн өдрүүдэд сөрөг хүчний улс төрчдийг цувруулан баривчилж, тэдний эсрэг цагдаагийн хүч ашигласны дараа гарсан бөгөөд энэ нь үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх үндсэн эрхийг зөрчиж байна” хэмээжээ.
Түүнчлэн “Оросын Холбооны Улсын эрх баригчид ирэх орон нутгийн сонгуулийн үеэр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын журам болон бусад олон улсын үүрэг хариуцлагын хүрээнд үүрэг хариуцлагаа дээдлэнэ гэж найдаж байна”хэмээн Косьянчич нэмж өгүүлсэн байна.
Өнгөрсөн баасан гаригт Орос дахь Германы ЭСЯ Твиттер хуудсандаа Орос дахь бүс нутгийн сонгуулийн бэлтгэлийн талаар тайлбар мэдэгдэл хийн, “эрх баригчид олон сөрөг хүчний төлөөлөгчийг сонгуульд оруулаагүй” хэмээн онцлоод нөхцөл байдалд “ихээхэн санаа зовниж байгаа”-гаа илэрхийлж байв.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн яам үүний хариуд “тусгаар улсын дотоод хэрэгт оролцохгүй байх”-ыг уриалж байлаа.
Сөрөг хүчнийхний “гомдол”-оос үүдэлтэй эмх замбараагүй байдал
Долоодугаар сарын 27-ны бямба гаригт Москва хотын төвд хууль бус жагсаал болжээ. Хотын эрх баригчид энэ жагсаал цуглаан ямар ч зөвшөөрөлгүй, хуульб ус гэдгийг олонтаа анхааруулсан ч иргэд нэмж цугласаар байсан гэнэ. Дотоод хэргийн яамны албан ёсны мэдээллээр 1074 хүн хэрэг зөрчлийн улмаас баривчлагдсан ч тэр өдөртөө суллагдсан бөгөөд жагсаал огтхон ч тайван замаар болоогүй гэж Вести мэдээлжээ.
Жагсаал болох өдрийн нэг цаг орчимд иргэд цуглааныг хууль бус гэдгийг мэдсэн ч Пушкины талбай дээр цугларч эхлэжээ. Харин эсэргүүцлийн ажиллагааг удирдагчид Тверскийн талбай руу хүрч чадаагүй бөгөөд тэднийг жагсаал болох өдрийн өглөө нь хууль бус үйлдэлд уриалсан гэж баривчилсан байна.
Улмаар цагдаагийнхан цугласан олонд хандан тарахыг ятгасан ч цагдаагийнхны өөдөөс эсэргүүцэл үзүүлэн, лонх, чулуу, төмөр сав шидэж эхлэсэн гэнэ. Удалгүй эмх замбараагүй байдал улам гаарч, жагсагчид гичийн хий ашиглажээ. Ийнхүү нөхцөл байдал хүндэрсэн тул цагдаагийнхан бүслэлт хийн, жагсагчдыг хүчээр тараах ажиллагаа эхлүүлсэн байна. Энэ үед гурван мянга гаруй хүн цугласан байсны дунд насанд хүрээгүй оршин суугчид олон байсан талаар Вести мэдээллээ.
Эмх журам сахиулахын тулд хүчний байгууллагынхан мянга гаруй хүнийг баривчилж, жагсаал эхлэснээс хойш хоёр цаг гаруйн дараа цагдаагийнхан бүслэлтийг хэвээр хадгалж байжээ. Баривчлагдсан хүмүүсийг тэр өдрийнхөө орйо нь сулласан бөгөөд заримд нь торгууль ноогдуулсан бол нөгөө хэсгийнх нь хэргийг даваа гаригт шийдэхээр хойшлуулжээ. Гэвч суллагдсан хүмүүс дахин цуглан, хууль бус жагсаалд оршин суугчдыг уриалсан тул дахин баривчлагдсан байна.
Ийнхүү олноороо баривчлагдсан жагсаал зохион байгуулах болсон шалтгаан нь дээр өгүүлсэнчлэн Москва хотын думын сонгуульд сөрөг хүчний зарим идэвхнитнүүд хуурамч гарын үсэг бүрдүүлсэн, тэр дундаа нас барсан хүний нэрсийг гарын үсгийн жагсаалтанд оруулсны улмаас нэр дэвшигчээр бүртгүүлж чадаагүйтэй холбоотой юм.
Тодруулбал, сөрөг хүчний төлөөлөгчид болох Илья Яшин, Константин Янкаускас, Любовь Соболь, Дмитрий Гудков нарыг нэр дэвших болзлыг хангаагүй гэж Сонгуулийн хороо үзсэн ч тэд энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй, өлсгөлөн зарлаж, оройн цагаар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах болсон байна.
Г.Бямбасүрэн
Shuud.mn
URL: