Европын комиссын шинэ дарга Францад айлчилж байна
7-р сарын 23-нд, Францын ерөнхийлөгч Макрон Елисейн ордондоо айлчлахаар ирсэан Европын комиссын шинээр сонгогдсон дарга Урсула вон дер Ляйентэй хэлэлцээ хийв. Урсула вон дер Ляйен Европын комиссын даргаар сонгогдсоны дараах айлчлалын эхний орноор Франц улсыг сонгосон нь Европын комиссын шинэ дарга Францыг чухалд үзэж буйг харуулж байна. Европын хөгжил цэцэглэлт нь хоёр удирдагчийн хэлэлцээрийн гол сэдэв байв. ХОУР-гаас Францид суугаа сэтгүүлчи Жя Яньниний ирүүлсэн мэдээлэлд анхаарал хандуулна уу.
7 хоногийн өмнө Европын парламент Урсула вон дер Ляйенг Европын комиссын даргад нэр дэвшүүлэхийг санал оруулан баталсан юм. 7 хоногийн дараа Франц улс түүний айлчлалын эхний орон болов. Урсула вон дер Ляйены Францад айлчилж буйд Францын ерөнхийлөгч баяртай буйгаа илэрхийлэв:“Европын комисс хэдэн долоо хоногийн өмнө сонголт хийснийг Европын парламент санал оруулан баталж, бидний түүхийн шинэ хуудсыг сөхлөө. Европын парламентад Симона Вейер анхны эмэгтэй даргаар ажиллаж байсан 40 жилийн дараа Европын комисс анх удаа эмэгтэй даргатай боллоо. Энэ бол зөвхөн бэлэг тэмдгийн зүйл бус, харин Европын шинэ дүр төрх, шинэ шийдвэр зориг, шинэчлэх мөрөөдөлтэй байгаа Европыг харуулж байгаа юм. Дээр ярьсанчлан бид тантай хамтран Европын бүтээн байгуулалтын аянд нэгдэж байна. Хамтдаа ажлаа эхлэхэд бэлэн байна.”
Урсула вон дер Ляйен Франц улстай хамтран Европын хөгжил цэцэглэлтэд хүчин зүтгэнэ гэдгээ илэрхийлэв.“Бид хоёр хүчирхэг, эе эвтэй, цаг уурын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авсан, мөн дижитал хувьсгал, эдийн засгийн өсөлттэй, аюулгүйн салбарт амжилт гаргасан Европыг хөгжүүлэхийг хүсэж байна. Үүнд суурилсан Европыг дэлхийд байр суурьтай байлгах асуудал мөн юунаас ч чухал гэж хувьдаа үзэж байна.”
Айлчлалын хөтөлбөрийн дагуу Ерөнхийлөгч Макрон Елисейн ордондоо Урсула вон дер Ляйентай хэлэлцээ хийж, өдрийн зоог барьж, хоёр удирдагч цаг уурын өөрчлөлт, хилийн хяналт, аюулгүйн байдал, батлан хамгаалалт зэрэг асуудлаар санал бодлоо солилцжээ.
Урсула вон дер Ляйен Францад айлчилсан өдөр нь Их Британийн Консерватив намын удирдагчдын сонгуулийн дүнг зарлаж, Их Британийн гадаад хэргийн сайд асан, Лондон хотын дарга асан Борис Жонсон гуравны хоёрын саналаар Консерватив намын даргаар сонгогдов. Тэрээр 24-нд Их Британийн хатан хааны зөвшөөрлийг авсны дараа Тереза Мейн халааг авах болно. 55 настай Борис Жонсон “Европын холбооноос гарах”-ыг хүчтэй санаачлагчийн нэг байж, “гэрээ хэлэлцээргүйгээр ” Европын холбооноос гарах эрсдэл гаргасан ч Их Британи 10-р сарын 31-нээс өмнө энэхүү үйл явцыг дуусгах ёстой гэж илэрхийлж байсан юм.
Консерватив намын шинэ удирдагчийн хувиар Жонсон Их Британийн шинэ ерөнхий сайдаар томилогдох болсонд Макрон, Урсула вон дер Ляйен нар түүнтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Урсула вон дер Ляйен Жонсонтой эерэг ажлын харилцаа байгуулахыг хүсэж байна гэжээ.
“Түүнтэй эерэг ажлын харилцаа байгуулахыг хүсэж байна, бид маш олон өрсөлдөөн сорилтыг хамтран зохицуулах шаардлагатай байна, бат бэх, эерэг ажлын харилцаа байгуулах нь туйлын чухал. Бид Европ болон Их Британид ашигтай зүйл хийх үүрэг хариуцлагатай юм.”
Макрон: Жонсонтой Европын холбооноос гарах, Ираны цөмийн асуудал сэдвээр хамтран ажиллахыг маш их хүсэж байна гэжээ.
“Жонсон Их Британийн ерөнхий сайдаар албан ёсоор томилогдвол би юуны түрүүнд баярын цахилгаан илгээх болно. “Европын холбооноос гарах” хэлэлцээрийг үргэлжлүүлэх зэрэг Европын үйл хэргийн талаар, мөн бидэнтэй нягт холбоотой олон улсын үйл хэрэг, ялангуяа Франц болон Их Британи, Германы хамтран ажиллаж буй Ираны цөмийн асуудал болон олон улсын аюулгүй байдал зэрэг сэдвийн хүрээнд миний бие түүнтэй аль хурдан хамтран ажиллахыг хүсэж байна.”
Эх сурвалжаас үзвэл, Урсула вон дер Ляйен Франц дахь айлчлалаа өндөрлүүлээд Польш, Хорватад айлчилна.
URL: