Америк орон Монголчуудын хувьд диваажин уу? \эргэцүүлэл-01\

Одоогийн байдлаар Америк оронд 300 орчим сая хүн амынх нь 10 хувьтай тэнцэх хэмжээний ЦАГААЧИД байдаг гэдэг. Эдгээр цагаачид энэ орны эдийн засагт тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлдэг хэдий ч бага бус хэмжээний балаг болдог. Дэлхийн маш олон орноос хүмүүс Америк орныг мөрөөдөж, энэ орон руу тэмүүлнэ. Хүний эрх нь зөрчигдсөн болон хөгжил дорой буурай орны иргэдийн хувьд Америк орон газар дээрх ДИВААЖИН. Тэд өөрсдийн боломжоо ашиглан энэ оронд хөл тавьсан л бол энэ орон тэдний хувьд ЭХ ОРОН нь болж тэд хэзээ ч төрөлх орон руугаа буцах тухай бодохгүй. Тийм болохоор өдгөөгийн АНУ-д цагаачдын асуудал нь “шүдний өвчин” болон хувираад буй. Монголчуудын хувьд ардчилал ялсан 1999 оноос хойш энэ орныг зорих боломж нээгдэж, аажим өсөлтөөр 2000 оноос хойш суурьшил нь эрс нэмэгдэж, одоогоор бараг 25 000 орчим монголчууд бий гэж баримжаалан үздэг юм билээ. Бусад орны иргэдийн адил ажил хийж мөнгө олох гэж, өөрийгөө хөгжүүлэх гэж, үр хүүхдээ өндөр боловсролтой болгох гэхчилэн хүн бүр тодорхой зорилготойгоор энэ орныг зорино. Хүн болгон өөр өөр байдаг болохоор зорилгоо биелүүлж бас эс биелүүлж байгаа нь янз бүр. Монголдоо ажиллаж амьдарч байгаа олон монголчууд одоо ч Америк явахыг мөрөөддөг.

Тэдний хувьд Америк оронд оччих л юм бол “бүх зүйл сайн сайхан болчих” мэтээр төсөөлнө. Харин боломж нь олдоод энэ оронд ирж, хөлөө олох гэж зүтгэхдээ “Хаана байгаа юм бэ? Тэр диваажин чинь” гэж өөрийн эрхгүй дуу алддаг. “Америкт л очвол жаргаж, мөнгийг “модны мөчрөөс унах навчис мэт түүж болдог” гэх гэнэхэн бодол, энэ мэтчилэн ухуулах “ам дамжсан ” ярианд хариу болгож энэ тухай бичихийг бодсон юм. Гэхдээ би энэ талаар судлаач биш, бусдын л адил жишгээр “хар ажил” хийн амьдралаа залгуулж, ажлын зав чөлөөгөөрөө олон хүмүүстэй уулзаж ярилцаж, санал бодлоо хуваалцаж байсны хувьд, өөрийн мэдрэмжээ л голчилсон гэдгийг та бүхэн ойлгох биз.

Энэ талаар өнөөгийн монголчууддаа ойлгуулах цаг болж байгааг, 20 жилийн дараах төрж өссөн нутгаа зорих “нүүдлийн шүвүүд” шиг, харь нутгаас эх нутгаа эргэцэн хангинатал үүрсэн янцгааж нутаг юугаа тэмүүлэх “хүлэг морьд” шиг, МОНГОЛ орон руугаа буцах “нүүдэлчин монголчууд”-ын нүүдлийн түрүүч сануулж байна. Америк орон ДИВААЖИН уу? *Америк оронд хүмүүсийг татах олон сайхан зүйл бий. – Нэг. Америк оронд хууль ёсыг нийтээрээ сайн дагаж мөрддөг. Хууль дүрэм журам нь маш тодорхой, үүнийгээ ч маш сайн хэрэгжүүлж хяналтаа ч сайн тавина. Америкт ирээд удаагүй нэг монгол залуу машин барьж явтал цагдаа зогсоож л дээ. Мань залуу сандрахдаа “Today sorri, next team no sorry” гэж хэлж л дээ. Цагдаа үүнийг сонсоод жаахан инээж байснаа торголгүй явуулсан тухай яриаг сонсож байсан. Машин барьж явахад цагдаа зогсоосон бол “ямар учраас зогсоосон” гэдгээ тайлбарлаад буруутай үйлдэлд нь зохих торгуулийн хуудсыг нь бичиж өгөөд л явна. Харин торгуультай холбоотой гомдол болон саналыг зөвхөн шүүхээр л шийдвэрлэдэг. Цагдаа нарын хувьд тухайн хүний учирлалыг сонсож “уярах” тохиолдол бараг байхгүйгээс “найраа” бол үндсэндээ гарахгүй. Тэдний хувьд гол зарчим нь “хууль”. Тэд хуулийг л баримталдаг.

Америк даяар “Үндсэн хууль”-ийг тулгуур болгон, муж болгон өөр өөрийн хуулиа гарган , зөвхөн өөрийн мэдлийн нутаг дэвсгэр дээрээ л мөрдүүлнэ. Виржина мужид автомашины хурд хэтрүүлснээс хамааран аваар осол нэмэгдэхэд, хуулиндаа өөрчлөлт оруулан хурд хэтрүүлсэн тохиолдолд торгох торгуулийн хэмжээг 1500 доллар хүртэл байхаар хуульчлах жишээтэй. Ийм тохиолдолд хэн ч ажил хийж олсон мөнгөө хурд хэтрүүлсний улмаас торгуульд өгөхийг хүсэх билээ. Иргэд нь хуулиа тийм сайн мэдэхгүй байж болох боловч, хууль нь яг л хүмүүсийн амьдрал дээр очиж хэрэгждэг болохоор хүссэн ч хүсээгүй ч “мэдэж байх” -аас өөр аргагүй. Ийм байдлаас АНУ-д байгаа монголчууд бие биедээ “жаахан болгоомжтой байгаарай, ийм хуулийн заалт нь шинэчлэгдэн чангарсан байна шүү” гэхчилэн сайхан сэтгэлээр сануулна. Монголчууд ажиллаж амьдардаг гадаадын бусад орнуудаас ялгаатай нь ямар ч хүнийг гэнэт зогсоогоод бичиг баримтыг нь шалгадаггүй. Хэрэв чи ямар нэгэн гэмт хэрэгт сэжиглэгдээгүй, гэмт буруу үйлдэл хийгээгүй л бол “хардлага” маягаар шалгахгүй. Энэ бол хүний эрхийг ихэд дээдэлдэгтэй холбоотой юм билээ. Нөгөө талаасаа энэ нь энэ оронд хүмүүсийг хууль дүрмийг л сайн сахиж сургах шаардлага нь болдог. Ихэнх хүмүүс “мөрөөрөө л ажлаа хийгээд явж байх”-ыг л илүүд үзнэ. Хэн ч гэлээ хэн нэгний ямар нэгэн зүйлийг хулгайлаад. эсвэл архи ууж согтууран “намба алдаж”, эсвэл хурд хэтрүүлэн давхиж “түүгээр явсан гайг өөр дээрээ дуудах”-ыг хүсэх билээ. Хичнээн “харласан” байлаа ч өөрөө л хичээгээд хууль дүрмийг нь зөрчихгүй л бол хэдэн жил болсон ч “хуулийн дарамт” -нд оролгүй ажиллаж амьдраад байж болдог боломжинд нь хүмүүс Америк оронд талархдаг бас дуртай байдаг аж. – Хоёр. Америк оронд нийгмийн хамгаалал нь үнэхээр сайн. Америкт заавал баячууд болон танил талтай, “дээрээ татаатай” хүмүүс сайхан амьдардаг ч биш. Амьдралын баталгаажих түвшингээс доогуур амьдралтай хүмүүст үзүүлдэг нийгмийн халамж үйлчилгээ нь тусдаа. Зарим эмнэлгүүд нь “ядуу хүмүүс”-ийг хямд өртгөөр, тэр ч байтугай “сугалаа”гаар ч сонгож эмчилдэг. Хэрэв жирэмсэн бол эхнээс нь хяналтдаа авч, төрөх зардлыг нь төлөх чадваргүй гэдгийг нь нотолсоны үндсэн дээр төрөхөд нь тусгай даатгалд хамруулна. Тэгээд ч зогсохгүй төрсөний дараа ч хүүхдийг нь өсөж том болтол сүү болон хүнсний хангамжинд хамруулдаг тогтолцоотой. Хэрэв эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бол маш олон төрлийн эмчилгээ болон оношлогоог хямд үнээр хийлгүүлэх боломжтой. Ийм боломжуудыг АНУ-д хүүхдээ төрүүлсэн олон ч монгол эхчүүд ашиглан хүртдэг, Гэхдээ ийм халамжийн олонх нь энэ төлбрийг зээл маягаар цувуулж төлөх боломжийг ч олгодог аж.

Ийм маягийн нийгмийн хамгааллын тогтолцоог бий болгоход Америкийн татварын болон даатгалын тогтолцоо нь сайнаар нөлөөлдөг аж. Татвар болон даатгалын тогтолцоо нь мөн л хуулийнхаа адил хүмүүсийн амьдрал дээр “наалддаг” -т ид шид нь байдаг. Хэрэв та автомашин унадаг бол даатгалаа нэг талдаа юу? эсвэл хоёр талдаа юу гэдгээ өөрөө сонгоно. Хэрэв санамсар болгоомжгүй байдлаар өөр машинтай мөргөлдөж орхивол заавал жолоочтой нь барьцалдаж, зодолдоод байх хэрэггүй. Цагдаа буруу зөвийг нь тогтоогоод өгнө. Даатгалын газар 1 ба 2 талдаа даатгалтай гэдгээс хамааран бүх хохирлыг барагдуулна. Машиныг засварлах хугацаанд даатгалын газар таны унах машиныг гаргаж өгнө. Хэрэв дээрх осол таны буруугаас болсон бол дараагийн сараас таны даатгалын хураамж өсөх болно. Маш энгийн хэрнээ даатгуулахгүй байхын аргагүй тогтолцоо. Цагдаа нар замын хөдөлгөөнд оролцож байгаа машинуудын даатгал, татвар, техникийн үзлэгийн баталгаат хугацааг л хянадаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн хамгаалал нь бүр ч мундаг. Сонсголын бэрхшээлтэй хүмүүс хаана ч орсон тэдэнд туслах “дохионы орчуулагч” заавал байхаас гадна тэдэнд зориулсан сургууль болон утсан харилцаа нь ч тусдаа. Тэргэнцэртэй хүмүүст зориулсан зам, автомашины зогсоол, шат, бие засах газар, үзвэр болон үйлчилгээний газруудын суудал, автобусны үйлчилгээ гээд бүх л зүйлийг маш нарийн тооцсон байдаг.

Тийм болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ийм байдалдаа санаа зовж шаналахгүйгээр эрүүл хүмүүсийн адилаар ажиллаж амьдрах боломж нь бүрэн байдаг аж. Түүнчлэн өндөр настангуудад зориулсан маш сайн үйлчилгээтэй. Чикаго хотод ажиллаж амьдардаг олон монголчууд өндөр настанд үйлчлэх ажил хийж байгаа. Энд тэтгэвэр гэдгийг “хүний тооноос хасагдах” биш, залуу насандаа үзэж амжаагүй болон биелүүлж амжаагүй хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж болгож чадсан байна. Түүнчлэн бидний “гуйлгачин” гэж нэрлэдэг хүмүүст зориулсан “үнэгүй хүнсний дэлгүүр”, очиж хонох газар, бас тэдэнд зориулсан “хяналт” ч бий. Ийм тогтолцооноос нь “хүний эрх”-ийг дээдэлсэн гэж үздэг байх. -Гурав. Иргэдийн дундаж түвшиний амьдрал. Америкийн иргэд тэгтлээ улстөрждөггүй. Хүн амынх нь дийлэнх хувь нь дундаж түвшиний амьдралтай болохоор, бас тэдний амьдрал нь улстөрөөс хамааран тэр болгон “савладаггүй” болохоор тэд улстөрд нэг их ач холбогдол өгдөггүй. Гэхдээ энэ нь тэднийг улстөрийн идэвх муутай гэсэн үг биш л дээ. Сонгууль болон ЗГ-аас гаргасан ямар нэгэн алхам болон шийдвэр өөрсдийнх нь амьдралд муугаар нөлөөлөх ахул “иргэний үүрэг”-ээ ч сайн биелүүлж чаддаг. Америкт баян хүмүүс олон бий. Гэхдээ энгийн иргэд нь тэгтлээ тэдэнд атаархаж хорсдоггүй.

Тэд хууль ёс шударга байгаад хүн болгонд тэгш үйлчилдэг, бас хүн болгон өөрийн боломж чадлаараа амьдрах ёстой гэж үздэг. Хүн болгонд боломж нь байгаа учраас тэд өөрсдөдөө байгаа боломжоо л зөв сайнаар ашиглахыг илүүд үзэх аж. Америкт дундаж түвшиний амьдрал гэдэг нь өөрийн байртай, унах машинтай, бас хэрэгтэй үед өөртөө зарцуулж чадах мөнгөтэй байх боломж. Гэхдээ тэд заавал бусдад гайхуулах гэж бус өөрийн хүсэл боломжоороо энэ бүхнийг сонгон бий болгодог. Тэд хүссэн байр, машин болон бусад зүйлсээ худалдан авахад нь улсаас зээл олгодог. Зээл нь бага хүүтэй, олон жилээр олгогддог болохоор хүссэн хүн болгон энэ боломжийг ашигладаг. Энд ганцхан болзол бий. Энэ бол байнгын ажилтай байх шаардлага. Тийм болохоор америкийн иргэд ажилтай, орлоготой байхыг хамгийн чухалд үзнэ. Байнгын ажилтай байхын тулд маш сайн суралцаж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Энэ нь албадлагаар бус хэрэгцээ шаардлагаар боловсрол эзэмших тогтолцоог бий болгож байгаа хэрэг.

Америкийн хамгийн гайхалтай ололтын нэг нь “иргэдийн бүртгэл болон хяналт”-ын тогтолцоо. SSN буюу “Нийгмийн хамгааллын дугаар” нь энэ орны иргэдийн талаарх мэдээллийг багтааж байдаг төдийгүй хяналт тавих бүх боломжийг олгож байдаг. Тухайн иргэн одоо хаана ажиллаж амьдарч байгаа болон ямар машин унадаг, хэдэн удаа зөрчил гаргасан, татвар, даатгал түүнчлэн эмнэлгийн ямар үйлчилгээ авсан болон зээлийн тухай бүх л мэдээлэл энд багтаж байдаг. АНУ-д хүүхэд төрсөн цагаас нь олгодог энэхүү SSN-ы тусламжтайгаар 300 сая орчим иргэдээ хянаж, зохицуулж чаддаг аж. Дөрөв. Амгалан тайван амьдралын баталгаа. Америкт хүмүүсийг баян болон ядуу, хар болон шар, шашин шүтлэг, боловсрол мэдлэгээр нь ялгаварлан гадуурхдаггүй. Ямар нэгэн хүрээнд заримдаа ийм илрэл ажиглагдах хэдий ч бүх нийтийг хамардаггүй. Энэ талаарх хуулийн заалт болон хамгаалалт нь “чанга” байдаг болохоор хэн нэгэн энэ талаар “алдаа” гаргахыг хүсдэггүй аж. Ийм учраас хүн болгон бие биетэйгээ инээмсэглэн тааламжтай харилцаж, өөрийн боломжоороо туслахаас татгалздаггүй. Хэн нэгэнд хэзээ нэгэн цагт бусдын дэмжлэг туслалцаа хэрэг болдог болохоор ийм харилцааны хариу заавал эргэж ирнэ. Нэг монгол залуу согтуудаа эхнэртээ гар хүрч гомдоожээ.

Уурлаж гомдсон эхнэр нь цагдаа дуудаж орхиж. Нөхрийнх нь буруутай үйлдэл нотлогдсон болохоор шүүхийн шийдвэр гарч 2 жилийн хугацаанд нөхрийг нь эхнэртээ 2 м-ээс илүү зайнд ойртож болохгүй гэж заасан байна. Хэдийгээр эхнэр нөхөр 2 учраа олж эвлэрсэн ч шүүхийн шийдвэр нэгэнт гарсан болохоор бусдаас нуугдан байж хааяа уулзахаас өөр арга үгүй. Тэгэхээр энд бусдад дарамтлуулан зовохгүй байх бүх л боломж нь бий. Энэ бол иргэдээ хамгаалсан маш сайн хуулийн хамгаалалт. Нөгөө талаас бусдын дарамт дор айж ичин амьдрах байдлаас нийгэм нь иргэдээ найдвартай хамгаалж байгаа хэрэг. Нийгмийн ийм тогтоц нь иргэн хүн өөрийгөө хөгжүүлж, байнгын ажилтай, орлоготой байж, хууль дүрмийг чанд сахиж чадвал өөрийнхөө боломжоороо сэтгэл амар, хангалуун амьдрах боломжийг олгож байдаг. Нөгөө талаар нийгмийн халамж үйлчилгээ нь “хүний төлөө” байдаг болохоор ямар нэгэн албан газарт очиж хүнд сурталд бухимдахгүй. Иргэдийн төлсөн татварын мөнгөөр санхүүжиж байдаг ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА нь иргэдийг ялгаварлан гадуурхахгүйгээр шударга сайнаар үйлчлэх ёстой гэдгийг тэд маш сайн мэддэг.

Тийм болохоор төрийн албаны үйлчилгээ нь ямар ч хүнд сурталгүйгээр маш шуурхай, зөв тогтолцоотой үйлчилдэг аж. Тав. Өөрийгөө хөгжүүлэх боломж. АНУ-д төрсөн хүүхдийг төрсөн цагаас нь “АНУ-ын иргэн” гэж үзэж, тэдний ямар орчинд өсөж хүмүүжих, эрүүл саруул байх бүх боломжийг хуульчлан заасан байдаг. Бага насны хүүхдийг автомашинд тусгай суудалд авч явахаас гадна, хүүхэд тусдаа нэг өрөөнд амьдрах ёстой. Хэрэв хүүхдээ зодсон бол эцэг эхийг нь баривчлан хуулийн хариуцлага хүлээлгэхээс гадна “эцэг эх байх эрх”-ийн асуудалд ч анхаарал хандуулдаг. Хүүхдүүдэд зориулсан тоглоомын газар болон үзвэр үйлчилгээ бусад бүх үйлчилгээ нь тэдний сайн сайхны төлөө л байдгаас гадна “Америкийн иргэн” гэдгээрээ бахархах бахархлыг заавал төлөвшүүлнэ. Дунд сургуулийн хөтөлбөр нь энгийн хялбраас эхлээд анги ахих тусам нь хүндрүүлж, үнэхээр мэдлэг авьяас чадвараар нь ялгаж чаддаг. Бас өөрийгөө нээж хөгжүүлэх маш олон боломжийг санал болгоно. АНУ-д сургууль төгссөн дипломыг тухайн сургуульд ямар мэдлэгийг хэрхэн судалсан гэдгийг илтгэх баримт бичиг гэж үзэхээс чадвар гэж үздэггүй. Тийм болохоор их дээд сургууль төгссөн залуус өөрсдөө л ажлаа хайж олно. Харин тэднийг ажилд авах гол шалгуур нь тухайн хүний өөрийгөө илэрхийлэх чадвар болон багаар ажиллах чадвар байдаг аж. Тэр хүнд цаашаа хөгжих ямар боломж чадвар байгааг л тэд олж харахыг хичээдэг.

Мөн ийм боломжийг ч маш сайн олгох аж. АНУ-д хүн болгон дээд боловсролтой байх албагүй. Ямар ч ажилд туршлагыг ихэд үнэлдэг. Хичнээн “хар ажил” хийж байгаа ч тухайн хүний чин сэтгэлээсээ ажиллах чадвар болон ажлын туршлагыг ихэд үнэлдэг. Мөн ажлын хөлс нь цаг болон бүтээмжээр үнэлэгддэг болохоор хүмүүс аль болох бүтээмж өндөртэй байхыг л хичээнэ. Бас үйлчлүүлэгчидтэй харьцах харилцаа их чухал болохоор тэр хүн чамд таалагдсан болон таалагдаагүйгээс үл хамааран эелдэг боловсон харилцаж түүний хүссэнээр л үйлчлэх ёстой. Учир нь чи тэр хүний төлсөн мөнгөөр цалинжиж байгаа болохоор. Ийм нөхцөлд үйлчилгээ болон ажлын чанар их чухал байдаг. Энэ бол тухайн хүнийг хөгжүүлэх боломж болон шаардлага нь юм. *Америк оронд монголчуудад таалагддагүй олон зүйл бий. Нэг. Амсхийх чөлөөөгүй амьдралын урсгал. Америкт ажиллаж амьдрахаар ирсэн монголчууд эхэндээ мөнгө олохын тулд олдсон ажлаа гололгүйгээр маш их ажилладаг. Зарим нь илүү ихийг олохын тулд 2-3 ажил зэрэг хийх нь бий. Амаргүй хэдий ч авч буй мөнгөндөө урам орж ядрах зүдрэхээ ч умартан зүтгэнэ.

Амьдралын хэмнэл нь ажил-гэр, гэр ажил гэсэн урсгалд орж амсхийх нэгэн өдөртөө алжаалаа тайлан унтаж өнжинө. Урсаж бүй цаг хугацааг ч үл анзааран олж буй мөнгө нь хүсэж байсан байр машин бас олон хэрэгцээг хангаж байвч хамаг л залуу нас баяр баясгалан нь урсаж буй цаг хугацаанд хамтдаа урсан бүдгэрч буйг үл анзаарах. Мөнгийг олох тусмаа хэрэгцээгээ нэмэгдүүлж нэг л мэдэх дор “амьдрахын тулд ажиллаад байгаа, ажиллахын тулд амьдраад буй”гаа ч ялгаж үл чадах болтлоо л зүтгэнэ. Ажлын өдөр, амралтын өдөр хэмээх хэмнэлээсээ анзаарч нэгэнтээ салах дор хамаг л залуу нас, хүсэл мөрөөдөл нь “өвгөрч” эхэлснийг мэдрэх. Энэ л мөчдөө олон олон залуус “ юуны төлөө би ажлын мал мэт зүтгээ вэ?” хэмээн гайхна. Бас “ энэ мөнгө гээч миний амьдралын утга учир бил үү?” хэмээн эргэцүүлнэ. Яг л энэ хэмнэлээр сая сая хүмүүс зүтгэж байг анзаарахдаа “амьдрал ийм л богинохон , бас ийм өчүүхэн гэж үү?” хэмээн бодлогоширно. Ажил хөдөлмөрийг сайн хийж, хөдөлмөрийн хөлс хэмээх мөнгийг гартаа атгаж байхдаа, “мөнгө олохын төлөөх улайрал энэ амьдралын туйл биш” гэдгийг ухаардаг. Зөвхөн их мөнгө олохын төлөөх улайрч, цаг хугацааны урсгалд өөрийгөө элээх энэ амьдрал нь монголчуудад таалагддагүй. Хоёр. Өрнөөс өрний хоорон дахь амьдрал. Америкийн нийгмийн хамгаалал болон тогтолцоо нь сайн байдаг хэдий ч энэ нь зээлийн тогтолцоо буюу кредит картны үйлчилгээн дээр тогтдог.

Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч, бусдаас дутахгүй сайхан амьдрахыг хүсч байгаа хэн боловч, ирээдүйгээ төлөвлөн алсаа өөдрөгөөр харж байгаа хэн боловч зээл авах бүрэн боломжтой. Амьдарч буй байраа 20-30 Жилийн хугацаанд төлөхөөр, унаж буй авто машинаа 5-10 жилийн дотор төлөхөөр, сурч буй сургуулийн төлбрөө 5-10 жилийн дотор төлөхөөр зээл авах нь энэ л амьдралын ердийн хэмнэл нь. Зээл авахыг уриалсан сурталчилгаа, байнгын зарлагдаж байдаг хямдрал, шуудангаар ирж буй зээлиййн карт бүхэн хүнд “амар” мэт санагдавч нэг л мэдэх дор ажиллаад олж бүй мөнгийг тань “эргүүлэн татаж авах” бизнесийн ухаан. Яг үнэндээ зээлийн картны энэ л тогтолцооны “гажиг” –аас өнөөгийн эдийн засгийн хямрал үүдсэн гэж нэг биш судлаачид нотолдог. Ажиглах ахул зээлийн энэ тогтолцоо нь олон олон жилээр тасралтгүй урсах урсгалаараа хүмүүсийн амьдралын хэмнэлийг удирдаж, ажиллаад олсон мөнгийг нь “яг л мангас “ мэт ховдоглон залгих мэт. Эхэндээ анзаарахгүй хэрнээ цалингаа авч тооцоогоо хийх дор “олж буй их мөнгө нь хаашаа урсан одоо вэ?”хэмээн гайхишран харуусах харамсал болон хувирна. Олж буй хэрээрээ хэрэглээгээ нэмэгдүүлэх тусам кредит картанд “удирдуулж” эцэстээ энэ л тавилантайгаа эвлэрдэг. Худалдаж авсан үнэтэй тансаг хаусныхаа үнийг бүх л насаараа төлж дуусаад “баярлаж” байгаа өндөр настныг бахархах, бас өрөвдөх хэцүү.

Унаж яваа машиныхаа зээлийг төлж “өөрийн” болгох дор машин нь хуучирч загвар нь гологдох болсон тохиолдол зөндөө. Бусад хүмүүст ийм амьдрал нь таалагддаг бол “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал”, “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” хэмээн сургадаг монголчуудын үр сад бидэнд өрнөөс өрний хооронд урсах ийм амьдрал таалагддаггүй. Өртэй байхыг тэгтлээ хүсдэггүй болохоор монголчууд өрөө л хурдан төлөхийг хичээдэг. Гурав. Инээмсэглэлээр хучсан шаналгаа. Хэдийгээр хүн болгон инээмсэглэх авч үүний цаана хүн болгоны сэтгэлийн шаналгаа “нуугдаж” байдаг. “Яанаа маргааш ажилгүй болчих вий”, “Энэ сарын цалин минь өрөө төлж хүрэлцэхгүй болчих вий”, “Эдийн засгийн хямрал миний амьдралд муугаар нөлөөлөх бий” гэхчилэн. Ажлын төлөөх цаг наргүй зүтгэл, мөнгөгүй болж өрөө төлж чадахгүй болох вий гэх айдас америкт ажиллаж амьдарч байгаа ихэнх хүмүүсийн сэтгэлд байнга оршиж байдаг. Мөн ажлын цагийн замын түгжрэл,авто машин доторхи амьдрал, их хотын өндөр барилгууд, түүний дуу чимээ, шуугиан, тасралтгүй урсах элдэв олон мэдээллүүд хүмүүст маш их стресс \оюун санааны ядрал\-ыг авчирдаг.

Гэхдээ суурин амьдралдаа бага наснаасаа дассан хүмүүс энэ байдалтайгаа эвлэрнэ. Харин нүүдэлчин удмын монголчуудад энэ байдалд дасах тэгтлээ амар биш. Америкт хүмүүсийн маш ихээр авч хэрэглэдэг элдэв төрлийн витаминуудын талаар би нэг танилтайгаа ярьж суусан юм. Гэтэл тэрээр “Аргагүй шүү дээ. Энэ их стрессээс хүмүүсийг тайвшруулахын тулд л энэ их витаминыг зохиож гаргаж байгаа юм шүү дээ. Тэд чинь энэ их витаминыг уугаад л өөрийн эрхгүй инээмсэглээд байдаг байх” гэж хошигнон хэлж билээ. Хэдийгээр хошигносон боловч энэ тайлбарт бас үнэний хувь байж болох юм гэж дараа нь надад бодогдсон. Энэ витаминуудыг их хэмжээгээр байнга хэрэглэж байгаа монголчуудад хэрэг болж байгаа эсэхийг бид мэдэхгүй л дээ. Харин өргөн уудам нутагтаа тааваар эрх чөлөөтэй амьдарч сурсан монголчуудад энэ их стресс нэг их таалагддаггүй гэдгийг гадарлаж байна. Ховорхон олдох амралтын өдрүүддээ монголчууд аль болохоор хөдөө алсад гарч дуу чимээнээс хол, бас өөрийн тааваар, зоргоор байхыг хүсдэг. Зам дагуу тааралдах адуу, үхэр, хонийг харахдаа өөрийн эрхгүй дуу алдан дотношино. Дөрөв. Өрөвдөх сэтгэлгүй хатуу тавилан. Америкт олон сая хүмүүс суурин амьдардаг болохоор хүн болгон л өөрийн оршин тогтнохын төлөө дор бүрнээ тэмцэнэ. Хэдийгээр хүний эрхийг дээдэлдэг боловч хэрэв өөрийн арчаагүй байдлаасаа болж мөнгөгүй болчихвол хэн ч чамайг өрөвдөхгүй. Гэрээгээ биелүүлж чадаагүй бол чамайг шууд л байрнаас тань хөөгөөд л гаргана. Хэрэв чи хурд хэтрүүлсэн бол хичнээн учирлаж тайлбарлаад ч цагдаа шууд л торгуулиа бичнэ. Хэрэв чи муу ажилласан бол эзэн нь чамаас олон зүйл шалгаалгүйгээр ажлаасаа халж орхино. Тэд энэ талаар цагаан цаасан дээр хараар бичсэн хууль дүрмийг л мөрдлөг болгодог. Монголчууд бидний сэтгэл зүйд баттай оршсон хэн нэгэн ямар нэгэн учир шалтгааныг сонсож ойлгон өрөвдөнө гэсэн ойлголт байхгүй. Суурин амьдралд дассан олон сая хүний зэрэгцэн оршиж, хамтран амьдрах хууль нь энэ.Хэрэв чи өөртөө арчаагүй бол Америкт хэн ч чамайг өрөвдөхгүй. Ийм байдалд орсон бол чи хэн ч биш. Чи хэрэв хүчтэй бол чамайг хүн болгон хүндлэнэ. Хэрэв чи дорой бол хэн ч чамайг тоохгүй. Цаасан дээр биш амьдрал дээр байдаг хууль нь ийм. Тийм болохоор л хүн болгон энэ оронд өөрт олдох боломжоо хүссэн ч хүсээгүй ч бүрэн ашиглахаас өөр сонголт үгүй.

Монголчууд биднийг хамгийн ихээр гайхашруулдаг зүйл нь үр хүүхдээ өвөртөлж унтахгүй хэрнээ насанд хүрэхээр нь гэрээсээ гаргаж биеийг нь даалгадаг, харин аав ээжээ өтөл насанд нь асрамжийн газарт хүргэж өгдөг нийтлэг тогтолцоо. Хүмүүс энэ талаар янз бүрийн санаа бодолтой байдаг хэдий ч хэт” элгэмсүү”, бие биетэйгээ “зууралддаг” монголчуудын олонхид нь энэ байдал ойлгогддоггүй. Өнгөн талаас нь харахад бие биенээсээ төдийлэн хамааралгүй байж “үүргээ биелүүлж байгаа” мэт боловч монголчуудын эрхэмлэдэг “хүн чанар”-ын хувьд дэндүү “харгис” мэт. Эхийн сүүгээр урсах их хайр, эцэст нь үүнийг халамжаар хариулдаг эртний уламжлалтай монголчуудад энэ байдал нь таалагддаггүй. Дотоод сэтгэлийн мөн чанар нь “хуурайшдаг” юм болов уу? Хэдийгээр монголчууд шинэ ирсэн нэгнийхээ тухай “өөрөө л бүхнийг үзэж аргаа олог” гэж хатуурхавч, нэгэн зовлонд чин сэтгэлээсээ туслахаас татгалздаггүй. Тав. Яг л робот шиг сэтгэлгээ. Хууль болон дүрэм журмыг ягштал мөрддөг америкчууд заримдаа яг л робот шиг санагддаг юм. Гэрээсээ ажилдаа нэг л замаар явдаг бол өөр дөт замын тухай огт бодохгүй. Зарим цагаачид хайж хайж нэг ажил олсон бол, тэгээд түүнээ сайн хийж сурсан бол өөр ажил хайх тухай нэг их санахгүй. Яг л дадал болсон амьдралын хэвшлээсээ салж өөр нэгэн зоримог алхам хийхээс ихэвчлэн татгалзана. Гэрийнхээ шалыг өөрөө сольж болох боловч үүнийг өөрөө бус заавал мэргэжлийн хүн хийх ёстой гэж бодно. Шатсан гэрлээ солихдоо ч, эвдэрсэн крантаа засахдаа ч заавал мэргэжлийн хүнийг дуудна.

Сайн мэдэхгүй өөр газар руу явахдаа JPS хэрэглэдэг бол хэзээ ч замаа тогтоохгүй. Хэрэв JPS гүй бол өдөржингөө л төөрч мунгинаж мэдэх. Мөнгөө хэмнэж болох олон боломж байвч дүрэм зөрчсөнөөс мөнгөө төлж байхыг илүүд үзнэ. Хариуцлагаас аль болохоос зайлсхийнэ. Хариуцлага алдсанаас шалтгаалан өөрийн амьдралын хэмнэлд өөрчлөлт орохоос маш их болгоомжилно. Харин монголчууд хаа ч очсон дасан зохицох чадвар дэндүү сайн. Нүүдэлчин амьдралын нэгэн онцлог мэт. Ямар нэгэн ажилд орсон бол хэсэг хугацааны дараа илүү ирээдүйтэй, илүү орлого олж болох ажлыг заавал олж дөнгөнө. Өнөөгийн байгаа байдлаа амьдралын нэгэн гишгүүр гэж үзэн заавал дараагийн гишгүүр дээр гишгэхийг хичээдэг. Мөнгө ахиу олох хэрээрээ унаж яваа машин, амьдарч буй байр сууцаа заавал сайжруулна. Амьдралд ямар нэгэн эрсдэлтэй алхам хийхээсээ нэг зүрхшээхгүй. Харин өөрийн үр хүүхдийнхээ төлөө юугаа ч харамлахгүй. Бусдад захирагдан ажиллахдаа тийм ч дуртай биш. Боломж олдвол өөрөө л өөрийнхөө хүсэл тааваар ажиллахыг хичээцгээдэг. Яагаад ч юм бэ? тэд “ямагт бусдаас дээр амьдрах ёстой” гэдэгтээ итгэдэг. Тийм болохоороо монголчууд бусад орны цагаачид болон иргэдээс нэг л илүүрхэж харагдаад байдаг юм. Тэдэнд баригдмал юм шиг хэрнээ бусдад хэт найдсан сэтгэлгээ таалагддаггүй. Монголчууд ЮУ ХҮСЧ БАЙНА гэж? Монголчууд гадаадын олон орныг зорин ирж ажиллаж амьдрах болсноос даруй 20 жил улирчээ. Бидэнд их хугацаа мэт санагдавч түүхэнд бага хугацаа.

Энэ л хугацаанд монголчууд үзэх зүйлээ үзэж, мэдрэх зүйлээ мэдэрч байгаа. Анхандаа мөнгө олж амьдралаа дээшлүүлэх гэж зорьсон бол аажимдаа амгалан тайван амьдралд нь тухалж, харин одоо үр хүүхдийнхээ болон өөрийнхөө ирээдүйн тухай эргэцүүлэх болж. Энэ оронд төрсөн хүүхдүүд нь “эрийн цээнд хүрэх” дээ эх болсон монгол хэлээрээ ярьж чадахгүй байгаад шаналахдаа, нэгэн цагт их хөдөлмөрлөж олсон мөнгө нь аз жаргалыг авчирч чадахгүйг мэдрэхдээ, олон жил “нутагшсан” орон нь төрж өссөн МОНГОЛ орныг нь орлож чадахгүйг ухаарахдаа, нүүдэлчин удмаас өвлөгдөж үлдсэн бардамнал нь сэтгэлийн гүнээс арилахгүйг сэхээрэхдээ монголчууд өөрийгөө ТАНЬЖ байна. Энд иргэншиж суурьшиж байгаа монголчууд бага бус бий. Гэхдээ дийлэнх нь энэ олон жилийн урсгалд өөрийгөө таньж, нээж, бас хөгжүүллээ. Юу юунаас илүү Монголдоо л “эзэн хүн шиг эрвэлзэж, эмээлт морь шиг дэрвэлзэн” жаргаж чадна гэдгээ ойлгож байна. Тэд МОНГОЛ эх орон руугаа буцахыг хүсч байгаа. Гэхдээ Америк оронд байгаа давуу сайхан бүхнийг Монголдоо бий болгохыг хүсч байна. Энэ нь: -Хууль ёсыг нийтээрээ дагаж мөрддөг ШУДАРГА тогтолцоо -Иргэдэд тэгш хүртэх нийгмийн хамгаалал -Дийлэнх байж болох иргэдийн дундаж түвшиний амьдрал -Амгалан тайван амьдралын баталгаа -Монгол хүн бүрийн өөрийгөө хөгжүүлэх бололцоо Яг л Америк шиг ийм тогтолцоог Монголд бий болгож ЯАГААД болохгүй гэж. Бидэнд мөнгө олдож байна, туршлага хуримтлагдаж байна, итгэл үнэмшил бүрдэж байна.

Харин СЭТГЭЛ дутаад л байна. Тэд харь оронд сурч мэдсэнээ Монголдоо зориулж, ажиллаж урсах хөлсөө Монголынхоо хөрсөнд шингээж, хөдөлмөрлөж олсон мөнгөө Монголынхоо хөгжилд нэмэрлэхийг хүсч байна. Тэд хатуу ширүүн амьсгалтай ч Монголынхоо наранд “шарагдаж”, жаварт нь “хайрагдаж” өөрийн эрхээр “дураар” байхыг хүсч байгаа. Тэд аав ээж, амраг садантайгаа хамтдаа л байж зовлон жаргалын дэнсэн дээр “хүн чанар”-аараа бие биенээ “дулаацуулж” байхыг хүсч байна. Америк орныг ДИВААЖИН мэтээр төсөөлж байгаа залууст хэлэхэд “Америк орон бол өөрийгөө хөгжүүлэх, бас бусдыг ойлгож мэдрэх, олон зүйлийг харьцуулан мэдрэх том боломж. Эндээс бидэнд сурах маш их зүйл байгаа. Гэхдээ: Ээж нь хүүхдээ элгэндээ наан өвөртөлж унтаагүй хоног өдрүүдэд ХАЙР урсах болов уу. Ээжий аавыгаа асрамжийн газарт хүргэж өгсөн тэр л мөчид ХАЛАМЖ төгсөх болов уу. Бие биенээ харан инээмсэглэх төрхөнд ЧИН СЭТГЭЛ илрэх болов уу. Мөнгөний төлөөх зогсолтгүй өрсөлдөөнд ХҮН ЧАНАР нь харагдах болов уу. Харин ДИВААЖИН гэдэг МОНГОЛ д л байгаа. Энэ диваажинг бид л өөрсдөө бий болгох ёстой. Өөр хэн ч биш. Харин гааададын өндөр хөгжилтэй оронд ажил хиийж мөнгө олох гэж бус өөрийгөө хөгжүүлэх гэж, “юм үзэн нүд тайлах” гэж зорьдог болох цаг ойрхон байнаа.

МОНГОЛ ЭХ ОРОН БАЙХАД БИДЭНД ДИВААЖИН ХЭРЭГГҮЙ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах \Үргэлжлэл бий, Дараагийн эргэцүүлэл “Америк дахь Монголчууд”\


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих