Үндсэн хуулийн төсөл: Х.Баттулга VS Г.Занданшатар
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал улс төрийн гол сэдэв болж байна. Гэхдээ энэ асуудалд Төрийн өндөрлөгүүд, улс төрийн намууд, хуульчид санал нэгдэж чадаагүй. Шуудайд хийсэн үхрийн эвэр гэдэг шиг л эсрэг тэсрэг байр суурьтай байгаа. Ялангуяа Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч намын боловсруулсан Үндсэн хуулийн төслийг дэмжсэнгүй. Бүр тэс өөр заалт бүхий төслийг өөрөө өргөн барив. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламент хийж чадна гэдэгт ч эргэлзэхэд хүргэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болон УИХ-ын дарга Г.Заншатарын багийнхны боловсруулсан Үндсэн хуулийн төслийн эсрэг тэсрэг заалтуудыг хүргэж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга:
-Монгол Улс нь холбооны бус нэгдмэл улс атал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн УИХ шийдвэрлэхээр заасан нь амьдрал дээр сөрөг үр дагавар гаргаж байна. Иймд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг тооцож гаргасан Засгийн газрын саналыг харгалзан УИХ шийдвэрлэнэ” гэсэн заалтыг оруулах хэрэгтэй.
-Намуудад тавих шалгуур нь хэт доогуур, санхүү нь ил тод биш байдгаас төрийн үйл ажиллагааг доголдуулах хүчин зүйл болжээ. Тиймээс намуудын гарааг жигд, санхүүг ил тод болгох заалтууд оруулахаар санал болгож байгаа юм. Намуудын парламентад суудал авах босго нь нийт сонгогчдын таван хувь буюу 100 мянган хүний санал авсан байхаар тогтооё. Харин намыг бүртгэхдээ арван мянга нэгээс цөөнгүй гишүүнтэй бол сонгуулийн төв байгууллага бүртгэхээр зааж өглөө. Мөн нам ахуйн хэрэгцээнийхээс бусад үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө өмчлөхгүй. Намын орлогын эх сурвалж ба зарцуулалт нийтэд ил тод байна.
-Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг таван жилээр тогтоож, хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүний давхар ажил эрхлэх эрхийг хязгаарлах нь зүйтэй юм. Энэ бол нийгмийн шаардлага, олон жил ярьсан асуудал.
-Байгалийн баялаг төрийн өмч байна гэсэн заалтыг ард нийтийн өмч байхаар саналдаа тусгасан. Мөн гаднын хөрөнгө оруулалттай компани байгалийн баялаг ашиглавал хөрөнгө оруулалтаа 100 хувь өөрсдөө гаргаж, ашгийн 51 хувийг Монгол Улс хүртэх ёстой. Үүнийг Үндсэн хуулийн төсөл оруулах ёстой.
-Үндсэн хуульд УИХ-ын бүрэн эрхийн хугацааг дөрвөн жил байхаар тогтоосон нь парламентыг бүрэн эрхийнхээ хугацааны эхний жилд улс төрийн томилгоо хийдэг, сүүлийн жил гаруй хугацаанд дараагийн сонгуульд зориулсан улс төрийн бодлого, шийдвэр гаргаж хэрэгжүүлдэг албан бус горимд оруулсан. Ингэснээр Улсын Их Хурал үндсэн чиг үүргийнхээ ажлыг зөвхөн хоёр жилийн хугацаанд хийдэг гэх шүүмжлэл хүлээх болсон. Энэ бодит үндэслэлтэй гэдгийг эрдэмтэн, судлаачдаас гадна Улсын Их Хурлын гишүүд, улстөрчид өөрсдөө хүлээн зөвшөөрөх болжээ. Тиймээс гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил болгох шаардлагатай.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-“Төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэх, олон нийтийн хэлэлцүүлгээр өндөр давтамжтай гарсан саналыг үндэслэн сум, дүүргийн ИТХ-ыг нутгийн өөрийн удирдлагын үндсэн нэгж байхаар төсөлд тусгасан. Үүнийг хоосон тунхаг болгохгүйн тулд сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна гэж оруулсан. УИХ-ын татвар тогтоох бүрэн эрхэд огт халдаагүй. Энэ бол хууль тогтоох эрх мэдэл УИХ-д хадгалагдаж байна гэсэн үг.
-Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Тиймээс улс төрийн намууд шинэчлэгдэж, улс орон, ард олны төлөө эвлэлдэн нэгдсэн эрүүл байгууллага, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, үйл ажиллагаа нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө орлогын эх сурвалж, зарцуулалт нь ил тод байхыг үүрэгжүүлж байгаа. Намын үйл ажиллагааны зарчмыг зааснаар нийгэм, улс төрийн тогтолцоонд эзлэх түүний байр суурийг тодорхой болгож, төрийн дээр нам гарахаас харин ч урьдчилан сэргийлсэн гэж ойлгож болно.
-Засгийн газрын үйл ажиллагааг хянах хяналтын механизм төсөлд шинээр орсон. Ерөнхий сайд огцорвол танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Тэгэхээр Үндсэн хуулийн суурь зарчим зөрчигдөхгүй. Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
-Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална.
-УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна. Гишүүний гуравны хоёроос доошгүй гишүүний саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн бол УИХ тарна. Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс 45 хоногийн дотор эсхүл Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: