Ерөнхийлөгч 76 гишүүнийг 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ
Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд саналаа УИХ-д хүргүүлжээ. Наадмын хоёр дахь өдөр буюу
долдугаар сарын 12-ны өдөр Хүй долоон худагт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар санал солилцсон гэх мэдээлэл байгаа юм.
Тодруулбал, Баяр наадмын үеэр хурдан соёолонгийн уралдаан үзсэний дараа УИХ-ын гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын хамтаар задгай асарт Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар хэлэлцүүлэг хийсэн байна.
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгох, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох санал хүргүүлжээ.
Ингэхдээ, УИХ-ын 108 гишүүнийн 54-ийг нь мажоритар буюу өнөөгийн сонгуулийн системээр, гэхдээ улсаараа нэг тойрог болгож сонгох. Харин үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгоно гэж санал өгчээ.
Мөн тэрээр улс төрийн намуудыг үл хөдлөх хөрөнгөтэй байхыг Үндсэн хуулиар хориглох саналыг ч бас гаргасан байна.
URL: