У.Хүрэлсүх: Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртээ анхаарал, халамж тавьж ажиллах ёстой
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс манай улсад болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй энэхүү арга хэмжээнд Ази, номхон далайн 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож, өөрийн орны сайн туршлагаа ярьж, хэлэлцүүлж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ,
Ази, Номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэгтгэж, тэдний тулгамдсан асуудлууд болон хамтын ажиллагааны талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, мэдлэг, туршлагаа солилцох боломж олгодог энэхүү конгрессийг эх орондоо зохион байгуулж байгаад Засгийн газрын тэргүүний хувьд баяртай байгаагаа илэрхийллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх,
-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар Та бүгдтэй хуваалцах ололт амжилт, туршлага сургамж арвин бий.
Бас та бүгдтэй зөвлөлдөх, та бүгдээс суралцах асуудлууд ч цөөнгүй байгаа. Та бүгдийн туршлага, зөвлөмж, шийдлийг бид хүлээн авч бодлого, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд бэлэн байна. Ийм ч зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгрессыг Ерөнхий сайд миний бие өөрийн ивээл дор зохион байгуулж байна.
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 105,7 мянган иргэн амьдарч байна. Бид энэ хүмүүстээ анхаарал халамж тавьж, хүн бүрт хүрч ажиллах үүрэгтэй.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулан ажиллуулж байна.
Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг салбар бүрт ханган ажиллах, үндэсний зөвлөлд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхиий дэд болон салбар зөвлөл бүх яам, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллаж байна.
Үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал зөвхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хариуцах асуудал гэсэн хандлага өөрчлөгдөж, салбар дундын асуудал, бүхий л салбарт хамааралтай гэдгийг ойлгож, олон ажлыг санаачлан хийдэг боллоо.
Манай Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэднийг боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт зэрэг төрийн бүх үйлчилгээнд хамруулахыг зорьж байна.
Иймд салбар дундын зохицуулалтыг хангахын тулд 2018 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийганх удаа байгуулан ажиллаж байна.
Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын асуудалд ихээхэн анхаарч ажилласны үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 15 нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийг нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас үзүүлж байна.
Эдгээр арга хэмжээнд жилд зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0,7хувийг эзэлж байгаа юм.
Ийнхүү Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын баталгааг хангах, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн халамжийн арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг хамруулж байгаа төдийгүй тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг байнга нэмэгдүүлэхэд анхаарч байна.
Өнгөрсөн онд нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэврийг, энэ 6 дугаар сард байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асардаг эцэг эхчүүдэд олгодог тэтгэмжийг тус тус нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргээд байна.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг 2019 ондашиглалтад оруулж, 6 аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборын барилгын ажлыг эхлүүлээд байна.
Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн олон ажил хийж байгаа хэдий ч тэднийг ажил, орлоготой байлгах, сурч, боловсрох нөхцөлөөр бүрэн хангах, нийгмийн хамгааллын тусламж, үйлчилгээний хүртээмж, хэмжээг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах олон түмний хандлагыг эергээр өөрчилж нийгмийн болон орчны саад бэрхшээл, ялгаварлан гадуурхалтыг арилгах чиглэлээр хийх ажил, шийдвэрлэх олонасуудалд онцгой анхаарч хэрэгжүүлэн ажиллах ёстой.
Дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийг сайжруулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцох, ажиллаж хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломжтой болно.
Иймд уг хүртээмжийг сайжруулах чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх, тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр бүс нутгийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай бид хамтран ажиллах сонирхолтой байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн эх орныхоо хөгжилд гар бие оролцох нөхцөл боломжийг хангах чиглэлээр Та бүгд бидэнтэй туршлагаа хуваалцан хамтран ажиллахыг хүсэж байна.
Энэ удаагийн Конгресс Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрт ээлтэй нийгмийг бий болгохын төлөө Ази, Номхон далайн бүсийн улс орнууд бие биенийхээ мэдлэг, туршлагыг судлаж, биднийхамтын ажиллагаа шинэ түвшинд гарсан тодорхой үр дүн, ач холбогдол бүхий үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна.
Цаашид энэ чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжиж, өргөжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар бүх талаар хамтран ажиллах эрмэлзэл төгс байгааг дахин нотолж байна гээд конгрессын үйл ажиллагаанд амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: