Түрэмгийлэл
Уг нь манай хуулиар хүн бүр эрх тэгш. Гэхдээ үүнийг үгүйсгэх баримт асар их байдаг юм. Өнгөрсөн жил юм даа. Өмнөх оны мөн үеийнхээс хүчингийн хэрэг 26,3 хувиар өссөн тухай танилцуулав. Хүчингийн хэрэг өсөх болсон шалтгаанд нөлөөлж буй нэг гол хүчин зүйл нь охид, бүсгүйчүүд нүцгэн шахуу хувцаслаад байгаа явдал хэмээн цагдаагийн ажилтан дургүй нь аргагүй сэрэмжлүүлэхийг сонсоод үнэхээр цочирдсон. Хүчирхийлэл үйлдсэн нөхрийг бараг өмөөрөх шинжтэй шүү.
Ер нь л хүчирхийлэл, түрэмгийлэл гэсэн энэ үг, түүний агуулга нийгмийн аль ч салбар, аль ч шатанд түгээмэл хэрэглэгдэх болсон тухай сэтгэл зүйч хэллээ. Тэр тусмаа засаг, захиргааны нэгжид ер нь л давамгайлах маягтай.
Харин үүнд хариуцлага тооцох нь ховор. Эрүүгийн хуулийн насанд хүрээгүй хүнийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, хууран мэхлэх болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэсэн зүйл ангиар 2006-2009 онд гурван хүн л шийтгүүлжээ. Энэ төрлийн гэмт хэрэг бага гарсандаа биш хууль хүн болгонд харилцан адилгүй үйлчилж байгаагийн илрэл гэж судлаачид тайлбарлаж байна.
Нийт иргэдийн эрх ашиг нэг хэсэг хүний эрх ашгаас доогуур үзэгдэж, үүнийг нь
хуулиар хамгаалж, түрэмгийлэх явдал байх ёстой үзэгдэл мэт болчихож. Статистикчдийн мэдээлж буйгаар ядуурлын төвшин 40 хувьд хүрч, баян хоосны ялгаа улам бүр холдох болжээ.
Яллахаа хүрвэл нууцлаад байх зүйлгүй мэдээллийг факсаар илгээсний нь төлөө эх орноосоо урвасан гээд гадаадын тагнуул болгочихдог. Эсвэл улсын нууцтай холбоотой чухал мэдээллийг хэрүүл хийхдээ хэлчихдэг эрхмийг баатар болгох нь холгүй өргөмжилдөг. Үйлчлүүлэгчээ өмөөрснийх нь төлөө өмгөөлөгчийг нь хорьдог тийм л зөөлөндөө зөөлөн, хатуудаа хатуу хууль журам харилцан адилгүй үйлчилж байна.
Улс төрийн ууган хүчний нэгэн эрхэмд хорих ял оноосон хэрнээ шүүхийн танхимаас гэр рүү нь явуулчихдаг нь бас л нэг баримт.
Дээд шүүх нэрээ өөрчилсөн гурван намаас хоёрыг нь бүртгээд нэгийг нь элдэв арга саам хайн бүртгэхгүй байх нь хууль хэрхэн үйлчилж байгааг харуулах тов тодорхой жишээ. ИЗ-НН-ыг өнөөдөр хүртэл бүртгээгүй байгаа нь ердөө л хууль харилцан адилгүй үйлчилж байгааг нотолж байгаа хэрэг.
Үндсэн хуульд иргэд үзэл бодлынхоо төлөө тайван замаар жагсаал, цуглаан хийж болно гэдэг ч хотын Засаг даргын үзэмжээр энэ асуудал шийдэгддэг болоод удаж байна. Эрх баригчдын эсэргүүцэн жагсана гэвэл элдэв янзын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах нэрийдлээр хориглодог. Одоо бүр энэ бүхнийг хуульчлах нэрийдлээр “цэвэрхээн” хаах гэж байна. Хэрэвзээ өмнөх шигээ эрх баригчид сонгуулийг будилаантуулж, иргэдийн саналыг луйвардвал эсэргүүцэж жагслаа гэхэд “Төрийн эрхийг хууль бус аргаар авахыг завдсан” нэрийдлээр яллаж, эсэргүүцвэл газар дээр нь буудах боломжийг хуульчлахаар төсөл санаачилчихсан яваа.
Хэдийгээр Үндсэн хуульд хүн бүр сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан ч тэрхүү эрхийг хязгаарласан. Хаан боогдуулсан олон зүйл заалтыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгачихсан билээ. Тэр бүх заалтыг УИХ-д суудалгүй намууд эсэргүүцэн Үндсэн хуулийн Цэцэд хандаад буй ч нэг их үр дүнгүй л болов уу.
Хэрэвзээ энэхүү хуулийг эцэг хуультайгаа харшилсан гэж үзвэл түдгэлзүүлэхээр болсон ч түүнээс ч долоон дор өмнөх хуулиар сонгууль болно гэсэн үг. Тэр тохиолдолд юу болохыг урьдчилан таашгүй.
Энэхүү шинээр баталсан хуулийг хараад байхад зөвхөн өнөөгийн УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, улс төрийн албан тушаалтнууд л сонгогдох боломжтой.
Өөрөөр хэлбэл, өнөөгийн төр, засгийн бүрэлдэхүүн л эргэн сонгогдох боломжийг бүрдүүлсэн хууль гээд ойлгочиход нэг их буруудахгүй.
Сонгуулийн тухай хуульд тухайн нэр дэвшигч өөрийн сонгуулийн сурталчилгааг хийх бараг л боломжгүй. Хэрэвзээ олонд танигдаагүй улстөрч бол “Уучлаарай, танд өөрийгөө таниулах боломж байхгүй”.
Бүхий л сонгуулийн туршид нам, эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хорин хэвлэлийн хуудас бүхий сонин, хэвлэл, арван хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг арван хэвлэлийн хуудаст тус тус багтаана гээд заачихсан аж. Ингэснээр парламентад суудалгүй намын сурталчилгаа дуусна. Харин суудал битгий хэл УИХ-д бүлэгтэй намынхан бол өөрсдийнхөө ажлын тайланг иргэдэд танилцуулах байдлаар хэд л бол хэдэн хуудастай сурталчилгааг иргэдэд хүргэх боломжтой гэхчлэн эрх тэгш байх эрхийг зөрчсөн жишээ цааш хөвөрнө.
Бие даан нэр дэвшигчдийн тухайд бол бүр ч өрөвдөлтэй. Сонгуулийн тухай хуулийн 37,5-т “Сонгуульд оролцож байгаа бие даан нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрөө танилцуулсан тус бүр хоёр хэвлэлийн хуудас бүхий хоёр сонин, хэвлэл, нэг хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг нэг хэвлэлийн хуудаст тус тус багтаана” гээд заачихаж. Өөрөөр хэлбэл, дөрвөн нүүр бүхий хоёрхон сонин хийгээд л гүйцээ. Баахан “photo shop”-дчихсон гэгээн дүрээ танилцуулсан ганцхан л зурагт хуудас хэвлүүлнэ. Ингээд л гүйцээ. Нэг бодлын мөнгөөр өрсөлдөх боломжийг хаасан мэт боловч нөгөөтэйгүүр сонгогчдод өөрийгөө ойлгуулах, таниулахыг хориглочихсон заалт гэж болно. Монголд парламент бий болсноос хойш алгасахгүй сонгогдсон хэрнээ юу ч хийж гавьдаггүй нөхдүүдэд бол бүх юм “окей”. “Дөрвөн жил ажилласан тайлангаа танилцуулж байна аа” гээд л өөрсдийгөө рекламдаж, нөгөөх төсвийн хөрөнгөнөөс луйвардсан гурван тэрбумынхаа бүтээн байгуулалтаа ярьж, хүч тэнцүүгүй өрсөлдөөнөө явуулна. Ингэснийх нь төлөө харин ч нэг хориглох заалт байхгүй дээ.
Телевизээр гаръя гэхнээ ч бас л хязгаарлалтаар хориглоно.
Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизэд мөнгөө бариад хандаж болох ч тэр болгон бүтэхгүй л болов уу. Яагаад гэвэл, аль ч телевизийн төлбөртэй нэвтрүүлгийг нийт хугацаа хоногт хоёр цагаас хэтрэхгүй байхаар тусгасан. Тэгэхээр 400 гаруй нэр дэвшигч тэдгээр хоёрхон цагийн төлөө үнэ хаялцана. Бизнесмэн биш болоод мөнгөгүй хүн ер л сонгогдох боломжгүй гэсэн үг.
Харин сайдууд бол өөр. УИХ-д нэр дэвшиж буй сайд өөрийн эрхэлсэн ажлын хүрээнд өдөртөө хэд л бол хэдэн телевизээр хичнээн л бол хичнээн удаа өөрийгөө рекламдана. Сангийн сайд төсвөө, хөдөлмөрийн сайд халамжаа, барилга, хот байгуулалтынх нь 100 мянган айлын орон сууцаа, хүнснийх нь хүнсээ, тариалантайгаа, хууль зүйн сайд нь гэмт хэргээ, утааных нь утаа бизнесээ гээд дуртайгаа донгодно. Засаг дарга нар ч ялгаагүй. Хашаа, хороо, хог хаягдал, хүний хөгжил энэ тэр гээд мэддэгээ бурна.
Иймэрхүү л байдлаар түрэмгийлнэ. Хүн бүр эрх тэгш гэж байгаа ч үнэндээ тийм зүйл байхгүй. Энийг л хийхийн тулд молиго үмхүүлж, түрэмгийллээ тунхагласан хууль баталдаг юмсанж. Түрэмгийллийг түүгээр л зогсооно гэж ярих юм бол төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гээд цаазлуулж ч мэдэх юм. Тиймээс түрэмгийлэгч нарт ташуурдуулахдаа ташуурдуулж, хүчиндүүлэхдээ хүчиндүүлэхээс өөр боломж тэгш эрхийн нөгөө талд үлдэгсдэд үлдсэнгүй.
Л.Нарантөгс
URL: