Монгол хүний дундаж наслалт нэмэгджээ
Монголчуудын дундаж нас 68.8, эрэгтэйчүүдийн дундаж нас 64.9, эмэгтэйчүүдийнх 72.2 болж, дундаж наслалт 10 жилийн өмнөхөөс 5 насаар нэмэгдэв. 2011 онд төрөлт 70,3 мянгад хүрсэн нь 2010 оныхоос 5 мянга гаруй тохиолдлоор нэмэгдэв.
Эхийн эндэгдэл 1990 оны түвшингээс 4 дахин, 2009 оны түвшингээс 2 дахин буурч, Монгол Улс эхийн эндэгдэл өндөртэй орны зэрэглэлээс дундаж орны зэрэглэлд шилжиж, сүүлийн хоер жилд 100,000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 45,5-48.0 хүртэл буурч 2015 онд 50 хүртэл бууруулах мянганы хөгжлийн зорилтыг хангахаар болжээ.
2008 оноос 2011 оны 11 дүгээр сарын байдлаар 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийг 19.6-аас 16.3 хүртэл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 23.4-өөс 19.8 хүртэл бууруулав. 10.000 хүнд ногдох халдварт өвчний сүүлийн 5 жилийн дундаж үзүүлэлт 174.5-аас 137.9 хүртэл буурлаа.
2008 онд 200 гаруйхан тэрбумаар хэмжигдэж байсан эрүүл мэндийн салбарын төсөв 484 тэрбумд хүрэв.
Барилга байгууламж, тоног төхөөрөмжийн зардал 20 гаруй тэрбумаас 116 тэрбумд хүрч, аймаг нийслэл, сум дүүргийн хэмжээнд сүүлийн 30 гаруй жилд хийгдээгүй бүтээн байгуулалтын ажил өрнөв.
Монголын эмч нар элэг тайрах, тархи, зүрхний мэс заслыг уян дурангийн аргаар хийх, үе солих, үргүйдлийг эмчилж, үр суулгах, төрөлхийн сонсголгүй хүүхдэд дунгын суулгац суулгах зэрэг оношлогоо эмчилгээний олон шинэ аргыг эмчилгээний практикт нэвтрүүлэв.Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулсан элэг шилжүүлэн суулгах үндэсний баг 2011 онд Солонгосын “Асана” төвийн эмч нартай хамтран элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын клиникийн төв эмнэлэгт 3 удаа амжилттай хийв.
Монголын эмч, сувилагчид цусны хавдар өвчний үед ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах бэлтгэл ажлыг бүрэн хангав.
URL: