Гулзатыг гувчуулах санаархал

d82b206c2133996098b25b41de59ed545d5a641dТөрийн алба төрлийн алба боллоо гэдэг үг улиг болж дээ. Төрд гарсан бүхэн төрөл саднаа төсвийн мөнгөөр угждаг явдал гэм биш зан, гэнэт биш хууч болов. Улиг болсон гэх үү, домог болсон гэх үү. Сонгуулиас сонгуулийн хооронд төрийн албаныхан эрх баригчдын “гарын шүүс” болж дуусах нь. Төрийн албаныхныг эхлээд намын харъяаллаар нь халдаг байсан бол одоо төрөл садангийн хамаарлаар нь халдаг болсон.

Бүр сүүлдээ төрийн албанд төрөл садан, найз нөхөд, тойрон хүрээлэгчдээ тохоон томилох нь багадаад төрийн бус байгууллагуудыг өөрийн болгох санаархал Засаг ноёдын санаанд багтдаг болжээ.

Баримт түшье. Увс аймгийн Засаг дарга өөрийнхөө жолоочоор ажиллаж байсан итгэлт хүнээ байгаль хамгаалах үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар томилуулахаар зүтгүүлж, орлогч нь албан бичиг сэлт үйлдэн тухайн төрийн бус байгууллага руу илгээсэн байна. Засаг дарга өөрөөр хэлбэл төрийн захиргааны албан тушаалтан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын удирдлагыг шууд томилохыг оролджээ. Мэдээж энэ бол боломжгүй зүйл. Тэгэнгүүт тухайн төрийн бус байгууллагатай төстэй нэртэй, адил чиг үүрэг бүхий төрийн бус байгууллага байгуулан, гэрээт ажлыг нь булааж авчээ. Бүх шатны шүүх дээр Засаг даргын шийдвэрүүд буруутсан ч Засаг дарга хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр байгаа ажээ.

Энэ талаар “Гулзатын санаачилга” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Хүрэлбаатар “2013 онд 93-р тогтоол гарч Гулзатын байгалийн цогцолбор газрыг орон нутгийн хамгаалалтад авсан. 2015 онд манай төрийн бус байгууллага аймгийн Засаг даргатай 10 жилээр гэрээ байгуулаад ажиллаж эхэлсэн. Гэтэл 2016 онд аймгийн Засаг дарга Батсайхан гэж хүн болонгуутаа ИТХ-ын дарга байхад нь найман жил жолоочоор нь ажилласан Барсүрэн гэж хүнийг манай байгууллагын даргаар ажиллуулаач гэсэн. Хэн нэгнийг тэгж шууд захирлаар тавих боломжгүй. Дотоод журамд нийцэхгүй. Бид сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх захирлаа томилдог. Тиймээс сонгон шалгаруулалт зарласан ч тэр хүн нь тэнцээгүй. Тэгсэн чинь нөгөө нөхөртөө “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” гэгч төрийн бус байгууллага байгуулж өгөөд Засаг даргын захирамжаар манай байгууллагын гэрээг цуцалж орхисон. Бид Гулзатын байгалийг хамгаалах чиглэлээр гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг тогтмол өгч байсан. Өгөхөөр байхгүй тэр тайланг Д.Оюунхорол сайд олон улсын хурал дээр сайшааж магтаж байсан баримт нь ч байгаа. Гэтэл ингээд гэрээг маань цуцлаад дөнгөж байгуулагдсан өөр төрийн бус байгуулагад өгчихсөн. Тиймээс бид аймгийн Байгаль орчны газарт өгч байсан тайлангаа хувилж аваад шүүх дээр хүргэж өгсөн” хэмээн ярьж байна.

“Гулзатын санаачилга” нь Гулзат орчмын 12 нөхөрлөлийг нэгтгэсэн төрийн бус байгууллага бөгөөд 570 гишүүнтэй юм байна. Увс аймгийн хоёр сумын нутгийг хамардаг Гулзатын орон нутгийн хамгаалалттай газрыг энэхүү төрийн бус байгууллага 12 жилийн өмнөөс хариуцан, ан амьтан, ус, ургамлыг нь хамгаалж иржээ. Уг байгууллага нөхөрлөлийг түшиглэж байгаль хамгаалах, хулгайн ангаас хамгаалах чиглэлээр үр дүнтэй ажилласан гэнэ. Тухайлбал Гулзатад 260 гаруй аргаль угалз байсныг тус төрийн бус байгууллага хамгаалж 2000 тоо толгойд хүргэсэн ажээ. Ийнхүү мянган угалзын баяр хийж байсан гэнэ. Мөн хар сүүлт 20-иод байсан нь эдүгээ 200 гараад байгаа юм байна.

Гулзатыг гувчуулах санаархал

“Гулзатын санаачилга” төрийн бус байгууллагын гишүүн нөхөрлөлийн малчид өвөлжөө, хаваржаагаа чөлөөлж,  аргаль, хар сүүлт зэрэг ан амьтад төллөх үеэр уулнаасаа буух зэргээр ховор ан амьтдын нутаг бэлчээрийг хамгаалж иржээ. Энэ мэт байгаль хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа улам сайжруулж Монгол Улсдаа жишиг туршлага болгохоор ажиллаж байсан аж. Ийнхүү байгаль хамгаалах чиглэлээр үр дүнтэй ажиллаж байсан төрийн бус байгууллагын гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан нь бүх шатны шүүхээр нотлогдсон ч Увс аймгийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг үл тоожээ. Энэ талаар “Гулзатын санаачилга” төрийг бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Хүрэлбаатараас тодруулснаа хүргэе.

-Шүүхийн шийдвэр танай талд гарчээ. Аймгийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлсэн үү?

-Анхан, дунд, давах гэсэн гурван шатны шүүхийн шийдвэр манай талд гарсан. Тэгэнгүүт манай төрийн бус байгууллагын гэрээг шүүхийн шийдвэрийг хүндэтгээд сэргээлээ гэсэн атлаа хоёр хоноод дахиад цуцалчихсан. Өөрөөр хэлбэл 2018 оны тавдугаар сарын 7-нд манай “Гулзатын санаачилга” төрийн бус байгууллагын Увс аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан хамтран ажиллах гэрээг сэргээчихээд хоёр хоногийн дараа буюу 9-нд нь дахиад цуцалчихсан. Энэ бол илт хууль бус үйлдэл. Тиймээс бид дахиад шүүхэд хандаад есдүгээр сарын 24-нд анхан шатны шүүхийн шийдвэр манай талд гарсан. Тэгсэн  чинь энэ оны гуравдугаар сарын 25-нд байгуулагдсан “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” гэгч байгууллагатай Гулзатын байгалийн цогцолбор газрыг хамардаг хоёр сум, аймгийн Байгаль орчны газартай хамтын ажиллагааны гэрээг 10 жилээр хийчихсэн. Үүнийгээ бидэнд мэдэгдээгүй. Төр ингэж албан тушаал, эрх мэдлээ ашиглаж төрийн бус байгууллагын ажил руу улайрч ормооргүй байгаа юм. Аймгийн Засаг дарга эрх мэдлээ ашиглаад өөрийн жолооч байсан хүндээ Гулзатын орон нутгийн хамгаалалттай газрыг гэрээгээр хамгаалах эрхийг ямар ч үнээр хамаагүй авч өгөх зорилготой. Өөрийнх нь амбийц байдаг юм шиг билээ. Тиймээс шат шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэдэггүй.

Шүүхийн шийдвэр “Гулзатын санаачилга” төрийн бус байгууллагын талд гарсан. Тэгэнгүүт ижил төстэй нэртэй байгууллага байгуулчихсан.

-Гэрээ байгуулан ажилласнаар танай төрийн бус байгууллага төсвөөр хэр мөнгө авдаг вэ?

-Менежментийн төлөвлөгөө гаргаж ажилладаг. Энэ дагуу ан амьтныг хамгаалдаг. Тухайлбал өвөлдөө өвс, хужир тавьж өгнө. Байгалийн нөөц ашигласны хураамжийн 50 хувийг хуулийн дагуу байгальд нь буцааж зарцуулдаг юм. Гэтэл аймгийн Засаг дарга сумдынхаа Засаг дарга нарыг дарамтлаад бидэнд энэ мөнгийг гаргаж өгөхгүй байгаа. Бид энэ асуудлыг тавиад орохоор “Аймгийн Засаг дарга намайг халах гээд байна” гэж Сагил, Бөхмөрөн сумын Засаг дарга нар хэлдэг. Аймгийн Засаг дарга танайхтай хамтарч ажиллахгүй гээд байна гэж тэд хэлж байгаа.

-БОАЖЯ-нд энэ талаар мэдэгдсэн үү?

-БОАЖЯ, тус яамны Байгалийн нөөцийн газартай бид хамтарч ажиллаж ирсэн. Яамныхан бол хуулийн дагуу ажиллаж байгаа. Гагцхүү аймгийн удирдлага л ийм байдлаар бидний эрхэнд ноцтой халдаж байна. Байгалийн нөөц ашигласны 50 хувийг захиран зарцуулна гэдэг нь л тэдний ашиг сонирхлын зөрчлийг үүсгээд байх шиг байна. Бид аргаль, угалзын тоо толгойг нэмэгдүүлэхийн тулд жилд дээд тал нь 6-г агнах боломжтой гэж менежментийн төлөвлөгөөндөө тусгасан. Гэтэл одоо жилд арав хүртэлх тоогоор агнана гэж байгаа юм билээ. Ингэх юм бол аргаль эргээд тоо толгой нь цөөрнө. Засаг дарга болчихоор хууль үйлчилдэггүй гэж боддог бололтой.

-Цаашид та бүхэн ямар алхам хийх гэж байна вэ?

-Бид Улаанбаатарт аргаль угалзын толгой тавьж, эсэргүүцлийн жагсаал хийсэн. Энэ төрд хууль байна уу гэдгийг асуумаар байна. Бид эцсээ хүртэл тэмцэнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга ёсыг тогтооно гэсэн. Гэтэл аймгийн Засаг дарга нь төрийн бус байгууллагын эрхэнд шууд халдаж, ижил төстэй адил нэртэй байгууллага байгуулаад гэрээт ажлыг нь авчихаж байна.

Манай байгууллагын харьяа 150 өрхөд МАН-ын ч, АН-ын ч гишүүд бий. Нам бусчууд ч бий. Бид нам огт ярьдаггүй байсан. Гэтэл Д.Батсайхан Засаг дарга МАН-ын хэдэн хүн авчраад хурал хийгээд л төрийн бус байгууллага байгуулчихсан. Орон нутагт намчирхдаггүй байсныг ингэж намчирхуулаад, нөхөрлөлийн гишүүдийг хооронд нь хагаралдуулж эхэллээ.

http://eagle.mn/r/60870


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих