Тоост Заамарыг Тосонгийн ой бүрхэнэ гэв
Төв аймгийн нутаг Тосон Заамар “тоосон” заамар боллоо гэсэн халаглал олон нийтийн дунд байсаар ирсэн хуучин сэдэв. Уул уурхайнхан, алтны компаниуд байгаль орчин сүйтгэлээ гэдэг ч барин тавин хариуцлага тооцсон нь үгүй. Сүүлдээ тэр нь улиг болж тэгж л байдаг юм гэсэн шиг байх болжээ. Заамрын хөндий “зараа” шиг болж тийш очих зам “там” болоод удсан. Тэгвэл алт хайсан зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй компани, бичил уурхайчин нэр зүүсэн “нинжа” нар, ашиг хайсан явуулын бүлэглэлүүд энд тэндгүй ухсаар “Нүхэн хөндий” болгочихсон нь өнгөрсөн хавар “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд гарсан ослоор олон нийтэд ил болсон. Дөрвөн иргэн нурангид дарагдаж, КАТ-374, КАТ-D-8-Т загварын хоёр бульдозер унаж улс даяараа шуугисныг уншигчид мартаагүй байх. Тухайн үед мэргэжилтнүүд нурангийн талбайд хөрсний усны ундарга ихтэй, уурхайн хананаас ус урсаад байгаа учир дахин нуранги болох эрсдэлтэй, цаашид осол гарах аваас аврах ажиллагаа явуулах хүндрэлтэйг хэлж байлаа. Гэтэл одоо ч тэнд уурхайнууд ажлаа явуулж, бичил уурхайчид гэх бүлэг хүмүүс алт ухаж, Заамрын хөндий хүн, машинаар хахаж, хөл хөдөлгөөн ид бужигнаж байна. Үүний зэрэгцээ Заамар орчим Туул голыг улаан хоормог боллоо гэсэн мэдээлэл байнга гарч байгаа юм.
Уул уурхайн компаниуд үүдээ бариад оруулсангүй
Иргэдийн мэдээллийн мөрөөр байгаль орчныг хамгаалах чиглэлээр хяналт тавьж ажилладаг “Мөнх тогтвортой хөгжил” ТББ, Ариун суварга ТББ, сэтгүүлчид хамтран Заамрын хөндий дэх нөхцөл байдлыг сурвалжлахыг зорьсон юм. Зөвхөн Заамар сум гэхэд л хотоос 226 км, энэ хүртэл хар замтай ч цааш уул уурхайн компаниуд руу очиход зам нь явахад тун бэрх, дээр нь 100 гаруй аж ахуйн нэгж байдгаас хэн нь хаанаа байгааг ялгахад бэрх юм. Захын жижиг уурхайгаар ороход үүдэндээ харуултай, “Би мэдэхгүй” гэсэн ганцхан хариултаар угтаж үдэх нь бухимдмаар. Хамгаалж байгаа компанийнхаа нэрийг мэдэхгүй, захирлыг нь танихгүй ажилтан тэнд ажиллаж байна гэдэг сонин. Нэгэнт зориод очсоынх нийтийн эрх ашгийн төлөө дайрч ороод ч болов сурвалжилмаар байвч Зөрчлийн хуулиар хориотой учраас бидний хувьд үүдэн дээрээс нь буцахаас өөр замгүй. Ийм байдалтай хэд хэдэн компанийн кэмпийн үүднээс буцлаа. Байгаль хамгаалах, нөхөн сэргээлтэд хяналт тавих иргэний нийгмийн байгууллагын чиглэлээр олон жил ажиллаж ирсэн “Ариун суварга” ТББ-ын тэргүүн Г.Чагнаадорж гуай энэ байдлыг “Уул уурхайн компаниуд эрхээ хэтрүүлж, үүргээ умартдаг болсон. Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчээр газрын хэвлийг онгичиж хаячихаад зарим нь овоолсон шороогоо дутуу хагас тэгшилсэн болоод дээр нь согооврын үр цацаж орхиод алга болдог. Зарим нь улаан нүх үлдээгээд явдаг нь газар авч байна” хэмээн шүүмжилж байсан.
Бид цааш Заамрын хөндийг өгссөөр Туул голын Орхон голтой нийлдэг бэлчирт хүрэхийг зорив. Сүүлийн үед яг тэр хэсэгт Туул гол улаанаар урсч байна, байгаль орчин сүйдлээ гэсэн мэдээлэл гараад удаж байна. Түүн дотор “Монполимет” компанийн Драгийн үйлдвэрийг нэр цохон шүүмжилсэн нь ч бий.
С.Энхтуяа: Драгийн үйлдвэр бол байгаль орчинд ээлтэй эко төхөөрөмж
Хүмүүсийн амнаас “Туул гол дотор хөвж ус бохирдуулж байгаа “Монполимет” группын Драгийн үйлдвэр гэх айхтар мангас” байдаг тухай сонссон. Харин мэргэжлийн хүмүүс тухайлбал, Монголын Уул уурхай, геологийн яамны анхны сайд нарын нэг, Хөдөлмөрийн баатар, ахмад геологич Ч.Хурц хэлэхдээ “Драгийн үйлдвэр бол байгаль орчинд хамгийн хоргүй эко төхөөрөмж” гэж хэлсэн байдаг.
Энгийн ойлголтоор бол драг нь усан онгоцны зарчмаар ажилладаг. Элс олборлон усаар угааж баяжуулан боловсруулалт хийдэг цогц дамжлага бүхий төхөөрөмж аж. Анх 1969-1972 оны үед тухайн үеийн төр, засгийн шийдвэрээр голын гольдролд үнэт металл олборлох зорилгоор ЗХУ /хуучин нэрээр/-аас оруулж ирж, Сэлэнгэ аймгийн нутаг Ерөө голын сав газар, Бугантын уурхайд ашиглаж байжээ. “Монполимет” компанийн хувьд 2000-2005 онд гарсан Засгийн газрын тогтоолын дагуу Орхон, Туулын бэлчир Төв аймгийн Тосонгийн сав газарт гольдролын ордыг ашиглаж эхэлсэн бөгөөд өдгөө 20-оод жил болж байна. Ингэхдээ ямар нэгэн химийн бодис хэрэглэдэггүй, түлш, шатахуун ашигладаггүй цахилгаанаар ажилладаг, байгальд хоргүй эко төхөөрөмж учраас Драгийн үйлдвэрийг сонгон ашиглаж ирсэн гэж “Монполимет” группын захирал С.Энхтуяа хэллээ. Өдгөө тус компани хоёр Драгийн үйлдвэртэй бөгөөд хамгийн анх “Заамар Тосон Филдс” хэмээх Канадын компанийн мэдэлд байсныг хувийн хэвшлийнхэн шилжүүлж авсан гэнэ.
“Монполимет”-ийнхэн ашигласан газартаа, хиймэл нуур, ойн төгөл байгуулжээ
“Монполимет” группын Байгаль орчин, нөхөн сэргээлтийн инженер Т.Октябрь хэлэхдээ “Бид уул, уурхайн олборлолт явуулж байгаа ч байгаль орчныг сүйтгэх бус харин ч хамгаалах, нөхөн сэргээхэд түлхүү анхаарч ажилладаг. БНХАУ, ХБНГУ-аас нөхөн сэргээлтийн талаар туршлага судалж, ашигласан талбайдаа ойн төгөл, хиймэл нуур байгуулж, бэлчээр нутагт олон наст ургамал тарих зэргээр улсад жишиг болсон ажлууд хийж гүйцэтгэсэн. Олон улсын ISO болон MN стандартыг мөрдөж ажилладаг. 2007, 2011, 2014, 2018 онд нөхөн сэргээлтийн олон улсын болон орон нутагтай хамтарсан үзүүлэх сургуулилтыг дөрвөн удаа зохион байгуулсан.
Нөхөн сэргээлтийн чиглэлд өөрийн мод үржүүлгийн газартай. Мөн нөхөн сэргээлтийг хөгжүүлэхэд ХААИС-ийн хөдөө аж ахуйн инновацийн төвтэй хамтран ажилладаг” гэв. Тэдний мод үржүүлгийн газраар ороход 12-15 төрлийн модыг үрээр болон мөчрөөр үрслүүлж, олон наст ургамал тариалсан байв.
Өнөөдрийн байдлаар “Монполимет” группынхэн Драгийн явж өнгөрсөн ашиглалтын талбайд 5.5 км газар 10-12 нэр төрлийн мод тарьж, 17 мянган м/к хиймэл нуур байгуулж, 470 га газарт бэлчээрийн олон наст ургамал тариалснаа газар дээр нь үзүүлж танилцуулсан юм. Тэдний энэ ажил улсын хэмжээнд жишигт тооцогддог. Тоост Заамрын нутгийг удахгүй Тосонгийн ой бүрхэх цаг үе ирнэ. Иймд бид нөхөн сэргээлтийн ажлаа цогцоор нь хүлээлгэж өгөх зорилго тавьсан. Тэрийг хүлээлгүй хэсэгчилсэн байдлаар хүлээлгэж өгөх юм бол эргээд ухсан нүх болох эрсдэлтэй хэмээн тэд ярьж байна.
Драгийн үйлдвэр Туул голоос 55-60 метрийн зайд ажиллаж байна
Туул, Орхон голын бэлчрийг зорьж очсон бидний гол зорилго бол “Монполимет” группын Драгийн үйлдвэр гол дотор ажиллаж, байгаль орчныг сүйтгэж байна уу гэдэг асуултын эцсийн хариултыг олоход чиглэсэн. Нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцах, сурвалжлахыг хүссэн бидний шаардлагыг үйлдвэрлэлийн горимын дагуу хангаж уурхайн ажилчдын тусгай зориулалтын унаагаар тийш нь хүргэж өгсөн.
Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа, бидний ярьж заншсанаар Урт нэртэй хуулийн дагуу голын гольдролд олборлолт явуулж буй компани нь голын сав газар, эргээс 50 метрийн зайд үйл ажиллагаа явуулах ёстой. Тэгвэл тус группын олборлох үйлдвэрийн Драг нь Туул гол дотор бус эргээс нь 55-60 м-ийн зайд үүсгэсэн хиймэл нуурт хөвж, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Голын усны гүн 1.5 метр байдаг. Драг 2.5-аас гурван метрийн гүнд ажиллах хүчин чадалтай байдгийг инженер Т.Мөнхсоёл тайлбарласан юм.
Туул голын ус улаанаар эргэж булингараар урсч байгаад Драгийн үйлдвэр нөлөөлж байна гэхээр зүйл тэндээс илэрсэнгүй. Эндээс буцах замд буюу Драгийн үйлдвэрээс дээш Туул голын эхийг өгсөхөд улаан шороогоор эргэлдэн урсч байна. Түүнээс цааш олон жижиг компани олборлолт явуулж байгаа бөгөөд хэн нь хэрхэн ажиллаж байгааг нэг бүрчлэн үзэж танилцах боломж олдсонгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.ЗОТОЛ
URL: