УИХ-ын дарга Эвлэрлийн гэрээтэй аж ахуйн нэгжүүдээр нөхөн сэргээлт хийлгэх үүргийг холбогдох байгууллагуудад өгөв

4531Өнгөрөгч тавдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар Хан-Уул дүүргийн 12,13 дугаар хороодод ажиллаж, Туул голын ай сав дагуух ус, хөрс, агаарын бохирдлын нөхцөл байдлыг үзэж, холбогдох үүрэг даалгавар өгч байсныг бид мэдээлж байсан билээ.

Үүний дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаа хийж, “Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх” мэдээллийг сонсож, холбогдох албаныханд чиглэл өгсөн юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн А.Сүхбат болон холбогдох яам, байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд ажиллаж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгалаа.

Тус хорооны нутаг дэвсгэр буюу Шувуун фабрик орчимд хайрга, дайрга олборлох үйл ажиллагаа хэт хавтгайрч, малын бэлчээр, голын голдирол, хөрс, усыг сүйтгэж, иргэдийн суурьшлын бүс нутагт аюул учруулж байна. Хайрга дайрга олборлолт, тээвэрлэлтийн улмаас их хэмжээний шороо тоос босож, амьсгалах агааргүй шахам болдог талаар зам тосож цугларсан хорооны оршин суугчид хэлж байна.

Хоёр жилийн өмнө эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны болон дүүргийн төр, захиргааны байгууллагын шийдвэрээр цуцалж, олборлолт хийхийг хориглосон ч Шүүх дээр очоод Эвлэрлийн гэрээ болж хувирснаар дахин олборлолт хийх болсон бөгөөд харамсалтай нь тэнд үйл  ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд Эвлэрлийн гэрээгээр цаашид үйл ажиллагаагаа явуулж болно гэсэн ташаа ойлголтыг иргэдэд өгч ирсэн ажээ. Гэтэл энэ Эвлэрлийн гэрээ нь нөхөн сэргээлтээ л хий гэсэн гэрээ болохоос тус газарт дахин олборлолт хийх ёсгүй гэдгийг  УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн юм.

УИХ-ын даргын шалгалтын үеэр тус газарт очсон зарим албан тушаалтнууд дараах байр суурийг илэрхийлцгээж байлаа.

Zandanshatar-15
УИХ-ын гишүүн А.Сүхбат “Голын хайрга бол барилгын материал биш. Манайд стандартаа мөрдөхгүй байна. Голын хайргаар барилга барьж хүний амьд явах эрхийг ноцтой зөрчиж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмал гэж байхгүй. Ийм нэр томьёо Монголд л бий. Барилгын материалыг баяжуулж, зарим элементийг нь өсгөж, заримыг нь бууруулж байж стандартад нийцсэн түүхий эд болгодог. Түүнээс биш говийн элсийг түгээмэл тархацтай гээд барилга барьж болохгүй. Голын хайрга голдоо л хэрэгтэй. Голын усны төвшинг барьж байдаг байгалийн чулуулаг. Голын хайрганы хатуулаг 450 марктай. Зам, барилгын ажилд 1200-аас дээш маркын хатуулагтай дайргыг хэрэглэх ёстой. Гэтэл амьдрал дээр хэрэгждэггүй. Жишээ нь кварцийн элсэнд агуулагдах тоос тоосонцор 0.1 хувь байдаг. Үүнийг угааж баяжуулж гаргаж авна. Бетон бол байгалийн чулууг дуурайлгаж хийсэн зүйл. Хатуулаг стандартаараа хийвэл 500-600 жилийн насжилттай байдаг. Бетоны 60 хувьд кварцийн элс орно. Кварцийн элс нь Сэлэнгийн Хонгор сум, Төв аймгийн Батсүмбэр, Сүхбаатар аймгийн Алтан элсэнд л байдаг. Төмөр, цементтэй бүрэн уялдаж өндөр маркийн бетон гаргадаг гэсэн үг. Гэтэл манай Туул голын хайрга 10-30 хувийн шороо, тоостой, органик бохирдолтой. Кали, кальц, натри агуулагддаг. Эдгээр нь бетон хийцээ иддэг. Орчин цагийн амьдрал бетон хийцэн дээр тогтдог болсон. 20 давхар барилга нурвал яах вэ. Ард иргэд, улс орон л хохирно. Харин барьсан компани ашгаа олоод арилаад өгнө. Өнөөдөр Улаанбаатар хотод 300 гаруй барилгад цууралт үүсчихээд байна. Барилгын ан цав бол аюул. Зургаан баллын газар хөдлөлтийг даах байшин Улаанбаатарт цөөн. Туул голын хайрга ашигласны тод жишээ гэсэн үг. Тэгэхээр голын хайргыг юунд ч хэрэглэж болохгүй” гэв.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгонд 20 гаруй карeер байдаг. Алтанбулаг сумын Засаг даргын захирамжтай 15 гээд нийт 35 карeер байдаг. Өдөрт дунджаар 400 гаруй машин 1-5 удаагийн давтамжтай явдаг. Энэ хавраас тээвэрлэлт 3-4 дахин нэмэгдсэн. Үүнээс болж Бөхөн, Түргэний голууд ширгэж, ундны усгүй боллоо. Мөн 17 төрлийн эмийн ургамал ургадаг байсан бол одоо байхгүй болсон. Хуурайшилт, тоосжилтын талаар ярилтгүй. Нэг ч аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийдэггүй гэдгийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга, Туул тосгоны захирагч А.Одбаяр хэллээ.

Zandanshatar-14

 Zandanshatar-12

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Энд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд эвлэрлийн гэрээ хийцэн гэж тайлбарлаад үйл ажиллагаа илүү эрчимжүүлж ажилласан байгаа юм. Төр үүнд хяналт тавихгүй бол болохгүй байна. Цагаанхүү дарга энэ асуудал дээр тайлбар өгөх хэрэгтэй.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалт, хайгуулын 298 тусгай зөвшөөрөл бий. Үүнээс 94 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үүнээс 54 нь шүүхэд хандаж, 34 аж ахуйн нэгжтэй Эвлэрлийн гэрээ байгуулж, нөхөн сэргээлтээ хийгээд хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгосон ч өнөөдрийг хүртэл нэг ч аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийгээгүй. Эдгээр 34 аж ахуйн нэгжийн гэрээг сунгахгүй. Нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааны дүнд эвдэрсэн талбайн хэмжээг 2018 оны байдлаар тодорхойлоход 72 аж ахуйн нэгж, байгууллагын 110 ухагдаж эвдэгдсэн талбай, 13 эзэнгүй орхигдсон талбай багтсан бөгөөд нийт 1652.6 га талбайг эвдэгджээ. Иймд нийт ухагдаж эвдэгдсэн газрын тооллого судалгааг үндэслэж, нийслэлийн нутаг дэвсгэрт ухагдаж эзэнгүй орхигдсон газруудад нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийлгэнэ” гэлээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2016 оноос хойш тасралтгүй хяналт шалгалт хийж, техник, тоног төхөөрөмжийг нь лацдаад тусгай зөвшөөрлийг нь цуцалж өг гэсэн улсын байцаагчийн дүгнэлтээ холбогдох байгууллагуудад нь хүргүүлж ирсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд нийслэлд 218 лиценз олгогдсон байдаг. Анх удаа 95 тусгай зөвшөөрлийг цуцлуулсан гэдгээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү хэлсэн юм.

Zandanshatar-13

УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллага төрийн хяналт шалгалтыг явуулах үүрэгтэй. УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах эрх бий. Төрийн хяналт шалгалтын тухай болон бусад хууль тогтоомж энд хэрэгжихгүй байна. Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран маргаашнаас хууль зөрчигчдөд хяналт тавьж ажилла. Нөхөн сэргээлтийг нь хийлгэ. Үүргээ биелүүлэхгүй аж ахуйн нэгжүүдэд төр “төмөр нүүр”-ээ харуулж, хариуцлага хүлээлгэ” гээд УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, хорооны иргэд, Барилгын материал үйлдвэрлэгчид, химийн инженерүүдийн холбоо, Элс, хайрга, дайрга үйлдвэрлэгч компаниудын холбооны төлөөллийг хөндлөнгийн хяналт тавьж ажиллах үүрэг, чиглэлийг өглөө.

Ж.Батдорж

BOLOD.mn 


URL:

Сэтгэгдэл бичих