Ганц борооны ая даадаг замтай болохсон
Зам дагаж хөгжил ирнэ гэж монголчууд ярьдаг. Тиймдээ ч “Мянганы зам” төсөл хэрэгжүүлж, цөөнгүй аймгийг хатуу хучилттай замаар холбосон. Даанч зурайсан дардан зам маань бороо, шорооны ая даахгүй эвдэрч, цөмөрдөг нь гачлантай. Өчнөөн хөдөлмөр, хөлс хүч зарцуулж хийсэн ажил хэдэн жилийн нүүр үзэхгүй эвдэрч буй нь гүйцэтгэгчид буюу замын компаниудын буруугийнх. “Мөнгө цагаан нүд улаан” гэдэг л замын чанараас харагдаж байна. Төрөөс хэдэн тэрбумаар нь тендер авчихаад нүд хуурсан ажил хийгээд л өнгөрдөг байдал сүүлдээ хэрээс хэтэрсний жишээг бид хангалттай харж байна. Хөгжлийн банкны ихэнх мөнгийг л гэхэд замын компаниуд “залгисан” мэдээлэл бараг хоёр жил дамнан яригдсан. Тодруулбал, “Насны зам”, “Хансуун зам”, “Өвөрзалаат”, “Бадрах ойл” компаниудын түншлэл Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 километр замыг тавихдаа Хөгжлийн банкнаас 43.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр авчээ. Түүнчлэн “Арц суварга” компани Яармагийн чиглэлд гурван километр зам засахдаа 12.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авч байсан тухай мэдээлэл байна. Ийн улсын мөнгийг тэрбум тэрбумаар нь зарцуулж тавьсан замууд чанар, стандартыг дээд зэргээр хангасан байх учиртай. Гэвч их мөнгөөр барьж гүйцэтгэлээ гээд чанар сайжирсангүй. Угтаа бол холбогдох стандартад зааснаар замын асфальтын зузаан 20-30 сантиметр байх ёстой аж. Гэтэл зарим замынх ердөө долоон сантиметр л байдаг.
Цаасан дээр л мөрдөгддөг 180 стандарт
Зам тавина гэдэг монголчуудын хувьд хялбар ажил болжээ. Уул шугамандаа асфальт цутгахдаа нарийн технологийн дагуу гүйцэтгэх ёстой юм. Асфальт бетон хольцыг технологийн дагуу 145 хэмийн температурт шахалт хийдэг байна. Мөн асфальтан давхаргыг хоёр үеэр хийж гүйцэтгэнэ гэх зэргээр нарийн стандарт горимтой аж. Гэтэл манай замын зарим компани асфальтыг тавих ёстой температураас хөрсөн байсан ч хамаагүй нялж орхидог талаар зам ангид олон жил ажилласан нэгэн эрхэм хэлж байлаа. Ингэж тавьсан зам түр зуурын бороонд л чанараа таниулж байгаа юм. Ийм чанаргүй, насгүй ажлын нэг тод жишээ нь Лүнгийн зам болоод байна. Олон жил дуншсаны эцэст арай гэж хэрүүл хэлцэлтэй зассан Лүнгийн замыг хоёр хоногийн өмнө орсон аадар бороо эвдэлж орхив.
Стандартаар бол замын зузаан 20-30 сантиметр байх ёстой
Мэргэжлийн хяналтынхан газар дээр нь ажиллаад байгалийн гамшгийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас эвдэрчээ гэсэн дүгнэлт гаргажээ. Хэдийгээр бороо буруутай ч үер усны хамгаалалтыг олигтойхон хийгээд өгсөн бол зам эвдэрч, баруун чиглэл рүү зорчдог тээврийн хэрэгсэл саатаж, замын компани нэг замаа дахин тавьж ажил удах хэрэг гарахгүй байлаа. Зөвхөн энэ замаар тогтохгүй Булган, Дундговь чиглэлийн замын хашлага нурж унасан гээд чанаргүй гүйцэтгэсэн ажлын ар дахь хор хохирол их учирчээ. Мөн Дархан-Уул, Улаанбаатар чиглэлийн зам ч зах, хажуугаасаа нурж, шүүрэн шанага шиг болчихоод байна.
Зам ийм хэврэг болсны шалтаг, шалтгааныг мөнөөх л төсөв хөрөнгөтэй холбон тайлбарлаж байгаа юм. Жишээлбэл, Дархан-Уул, Улаанбаатар чиглэлийн замыг засахад эхний ээлжинд 500 сая төгрөг шаардлагатай гэсэн юм байх. Гэтэл 200 сая төгрөгөөр зас гээд тулгачихаар мөнгөндөө таарсан засвар хийгээд үлдсэн хэсгийнх нь эвдрэл улам хүрээгээ тэлж, жил ирэх тусам их мөнгө зарцуулах шаардлага гардаг талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зам, тээвэр, холбоо мэдээллийн хяналтын хэлтсийн дарга Ш.Гэрэлтод ярилаа. Тэрбээр “Албан бус тоогоор манай улсад зам, засвар, арчлалтын 300 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг. Зам, засвар арчлалтын компаниуд дэлхийн жишигт нийцсэн 180 гаруй стандартыг мөрдөх ёстой” гэв. Гэвч эдгээр стандарт мөрдөгддөг эсэх нь эргэлзээтэй. Зам засварын ажлыг өдөр тутам хянадаг гэх ч тийм биш бололтой. Хэрэв өдөр тутмын хяналт чанга байсан бол сүүлийн жилүүдэд тавьсан замууд амархан эвдэрч нурахгүй байсан биз.
Хөршөөс суралцах боломж
Уг нь 2017 онд шинэчлэн найруулсан Авто замын тухай хуулиар хариуцлагын тогтолцоог чангатгасан юм байна. Гэхдээ хууль хэдийгээр чангарсан ч амьдрал дээр хэрэгжихдээ маруухан хэвээр.
Ном дүрмээрээ бол тухайн замын даац, хөдөлгөөний урсгал, хэчнээн тээврийн хэрэгсэл зорчдог вэ гэдгээс хамаараад төсөв, төлөвлөлт, зураг төслөө гаргадаг байна. Анхнаас нь зураг, төсөл, төлөвлөлтөө технологийн дагуу нарийн тооцоо, судалгаатай гаргахгүй бол нэг ажлаа дахин давтан гүйцэтгэх шаардлага тулгардаг талаар Ш.Гэрэлт-Од дарга анхааруулсан. Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн жил замын компаниудад шалгалт хийсэн бөгөөд зөрчилгүй байгууллага ховор байжээ. Ихэнх нь сануулга авч, зарим нь торгуулаад өнгөрсөн байна. Тухайн компанийн тавьсан зам гурван жилийн дотор эвдэрвэл өөрийн хөрөнгөөрөө засварлах дүрэмтэй. Энэ дүрэм бараг л хэрэгждэггүй.
• Тухайн компанийн тавьсан зам гурван жилийн дотор эвдэрвэл өөрийн хөрөнгөөрөө засварлах дүрэмтэй.
• Борооны усны хамгаалалтын далан сувгийг нь ор тас марчихаад гүйцэтгэсэн хойноо тавьсан замаа сэтэлж шугам, хоолой барьдаг тал бий.
• Асфальт бетон хольцыг технологийн дагуу 145 хэмийн температурт шахалт хийдэг.
Манай замын компаниуд урд хөршөөс суралцах зүйл их байна. Засвар арчлалт хариуцсан компани нь шөнийн цагаар хөдөлгөөн татармагц замаа засварлачихдаг юм билээ. Бас нэг авууштай зүйл нь борооны усны хамгаалалт. Борооны усны хамгаалалтыг хамгийн сайн тавьж чаддаг болохоор усанд автаж, эдийн засгийн хохирол амсах эрсдэл тулгардаггүй гэж хятад инженер хэлж байсан. Харин манай замын компаниуд эхнээс нь зураг төслөө гаргахдаа борооны усны хамгаалалтын далан сувгийг нь ор тас марчихаад гүйцэтгэсэн хойноо тавьсан замаа сэтэлж шугам, хоолой барьдаг тал бий. Энэ нь зам эвдрэх, хэврэгших нэг шалтгаан болдог. Монгол Улс автозамын дэд бүтцийн үнэлгээгээр Бангладеш, Балба хоёрыг ардаа орхиж, сүүлээсээ гуравт жагссан байна. Харин дэлхийн нийт улсуудын дотор замын чанараар 109 дүгээрт жагсдаг юм билээ.
Улс орны хөгжлийн тулгуур нь зам. Хөгжье гэвэл замаа сайжруулах хэрэгтэй. Цаашдаа автозамын сүлжээ хүрээгээ улам тэлнэ. Хурдны зам ч олныг тавих хэрэгцээ гарна. Энэ бүхнийг монголчууд өөрсдөө чанартай гүйцэтгэж сурмаар байна. Аливаа ажлыг зоосны нүхээр хэмжиж, зовлон тоочиж суухаар өмнөх хийсэн ажлынхаа чанарыг сайжруулж, бороо усанд урсчихааргүй, урт удаан эдэлгээтэй болгочихвол өөрсдийнх нь эдийн засагт ч ариг гамтай, иргэдийн аюулгүй зорчих сэтгэл ханамж ч өндөр байхсан.
ЗГМ сонин
URL: