Б.Хурцын хурц “өшөө авалт” эхэллээ
Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурц МАН-ынханд тавьсан агсамаа ажил хэрэг болгож эхэллээ.
“Танай намаас таван хүнийг шоронд хийчихээр та нарыг сонгуульд ялалт байгуулахыг чинь харна аа” хэмээн агсамнасан талаар нэгэн хэсэгтээ дуулиан тарьж байсан билээ. Согтуугийн үг үнэний ортой гэпчээр АТГ-т МАН-ын угшилтай хоёр эрхэм саатуулагдлаа. Эхнийх нь, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх. Түүнийг Шивээ-Овоо сумын “Илчлэг овоо” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг найздаа хувьчлах гэж оролдсон гэх үндэслэлээр ажил дээрээс нь баривчилжээ.
Удаах нь Говь-Алтай аймгийн Аудитын газрын дарга С.Төмөрхүүг мөн АТГ саатуулав. Түүнийг албан тушаалаа ашиглан авлига өгсөн, авсан гэх үндэслэлээр темөр торны цаана суулгасан байна.
Түүнчлэн С.Төмөрхүүд аудитаар шалгаж илрүүлсэн зөрчлийг хахууль авч дарагдуулсан хэрэгт ч сэжиглэж буйгаа хэлсэн гэнэ. Ийнхүү Б.Хурцын өшөө авалт эхлээд байна.
Одоогоор МАН-ын угшилтай хоёр дарга “аавын хаалга” татлаа. Түүний хэлсэнчлэн таван хүнийг нарнаас тусгаарлах бол цаашдаа баривчилгаа үргэлжилнэ гэсэн үг.
Хил дамнуулан хүн хулгайлсан хэргээр хүний нутагт хоёр орчим жилийн хугацаанд саатуулагдаж байгаад ирсэн тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нэг онгоцоор эх орондоо газардсан юм. Улмаар ирээд удаагүй байтал авлигын хэргээр “аавын хаалга” татсан даога нарын оронд АТГ-ын дэд даргаар томилсон билээ.Урьд нь авлигын хэргээр шалгагдаж, Хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан гэх үндэслэлээр олны өмнө нүүрээ улалзуулж байсан эрхмийг тус газрын дэд даргаар томилсонд хэн хүнгүй гайхширч байсан. Харин энэ бүхний хариулт нь ердөе л ганц байж. Мөн өөрөө баригдаж, барьц алдахаараа олон зүйлийг дэлгэхэд ч бэлэн байдаг эл нөхөрт Төрийн тэргүүн “чөтгертэй байшин”-д эзэн суух алтан файзыг өвөртлүүлсэн нь эртнээс боловсруулсан төлөвлөгөө байсан бололтой. Улмаар Б.Хурц АТГ-т төрийн эргэлт хийж, олон хүнийг ажлаас нь халж, өөрийн багаа бүрдүүлсэн. Ингээд шагайсан бай нь МАН. Монголын авлигачдын сүлжээг таслан зогсоож, төсвийн хөрөнгөөр хөлжигчдийг илрүүлэх үүрэгтэй тэрбээр юуны түрүүнд их сунгаанд ач холбогдлоо өгч, МАН-ын хүмүүсийг намнаж эхэлсэн нь энэ.
Л.Нинж
Эх сурвалж : “Нийгмийн толь” сонин
URL: