ОУВС-гийн хөтөлбөр зогсох уу, үргэлжлэх үү?
Модоо барихын даваан дээр Монгол Улс ОУВС-гаас тусламж хүсэж байсан цаг саяхан. Тэгвэл одоо уг хөтөлбөр цааш үргэлжлэх үү?, хугацаанаасаа өмнө зогсох уу? гэдэг цаг үед тулж ирээд байна. Мэдээж үүнд Монгол Улсын эдийн засаг төлөвлөснөөс хурдан сайжирсан болон хөтөлбөрийн явцад үүргээсээ буцсан зэрэг эерэг болон сөрөг нөлөөллүүд буй. Нөхцөл байдлыг тольдъё.
“Даалгавар”-ыг хэрхэн биелүүлэв?
Монгол Улсын эдийн засаг хасах руу орж, эрх баригчид ОУВС-гаас аврал эрсний дүнд тавдугаар сард хэлэлцээрийг батламжилсан. Ингэснээр төсвийн жолоог тэд атгах болж, төсвийн зардлаа танаж, орлогоо нэмэгдүүлэх үүрэг хүлээлгэсэн. Угаасаа аливаа улс орны төлбөрийн тэнцэл хомсдоход ОУВС богино ба дунд хугацааны зээл олгож, ингэхдээ тухайн улсад дагаж мөрдөх тодорхой нөхцөл, шаардлага тавьж зөвлөмж өгдөг нь тэдний үйл ажиллагааны чиглэл. Мэдээж орлогоо нэмэх гэдэгт татвараа өсгө гэдэг “даалгавар” дагасан юм. Үүнд тээврийн хэрэгсэл, шатахуун, архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, орлогын татварыг шатлалтай болгох, нийгмийн даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлэх зэрэг иргэдийн амьдралд шууд нөлөөлөх хүндхэн үүрэг хүлээлгэсэн. Тэгвэл нөгөө талаас зардлаа танахад халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, тэтгэврийн шинэчлэл хийх, төрийн албаны цалингийн санг царцаах, бараа үйлчилгээ худалдан авах зардлыг бууруулахыг чиглэл болгосон нь эрх баригч намын ирэх сонгуулийн рейтингэд нөлөөлөх нь тодорхой тул гацсан нь олон. Тухайлбал, тэтгэврийн насыг нэмэх нь мэдээж иргэдийн таалалд нийцэхгүй тул одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байгаа. Татварыг шатлалтай болгох зохицуулалт бүхий Татварын багц хууль нь аж ахуйн нэгжийн эсэргүүцэлд өртөж, Ерөнхийлөгч хүртэл хориг тавьсан удаатай. Шатахууны онцгой албан татварыг нэмэх үүрэг нь эсрэгээрээ Аи 92, 80 автобензиний татварыг тэглээд төгссөн. Төсвийн зардлаа тана гэдэг “даалгавар” нь “Итгэлийн зээл” хэмээх их мөнгө тараалтаар солигдож магадгүй байгаа. Төв банкийг төсвийн шинжтэй санхүүжилтээ зогсоохыг зөвлөж, ипотекийн зээл олгохоос холдохыг хөтөлбөр эхэлсэн цагаас эхлэн сануулсан. Гэвч ипотекийн зээлийг гардах эзэн олдохгүй байсаар өнөөдрийг хүрч байна.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн
Ипотекийн зээлийг Сангийн яамыг санхүүжүүл гэдэг зөвлөгөөг ОУВС-гаас өгсөн. Тэр бүү хэл, 2018 он гэхэд Монголбанк Ипотекийн зээлээс бүр гар гэсэн. Үүнээс хойш бүтэн жилийн хугацаа өнгөрчихөөд байхад ОУВС-гаас өгсөн зөвлөмжийн дагуу Ипотекийн зээлийг хэн нэгэнд шилжүүлээгүй, хүлээж авах газар ч гарч ирэхгүй байна. Заасан хугацаа нь нэгэнт өнгөрсөн учраас ОУВС-гаас өмнөх шаардлагаа дахин тавьсан. “2020 оны нэгдүгээр сарын 1-нээс цааш Монголбанкнаас Ипотекийн зээлд зориулж нэг ч төгрөг гаргахгүй шүү” гэж үүрэг болгосон.
Харин зарим талаараа ОУВС-гаас өгсөн зөвлөмжийг биелүүлсэн нь төсвийн хараат бус зөвлөлтэй болж, Төв банкны тухай хууль батлагдсан, төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давж, эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрсэн зэргийг нэрлэж болох юм.
Тэд юугэж үнэлэв?
ОУВС-гийн ажлын хэсгийнхэн хөтөлбөрийн хэрэгжилтийг урьдчилсан байдлаар үнэлсэн. Ингэхдээ улсын гадаад нөхцөл байдал сайжирч, дотоод эрэлт эрчтэй сэргэснээр эдийн засгийн өсөлт өндөр хэвээр байна. Төсвийн алдагдал тооцоолж байснаас илүү хурдацтай багасч, Засгийн газрын өр огцом буурлаа. Эрх баригчид макро эдийн засгийн бүх зорилтуудыг оны эцэс гэхэд биелүүлэхээр байна гэдэгт санал нэгдсэн юм. Нээрээ ч энэ хугацаанд 27 их наяд төгрөг байсан Монгол Улсын өр 22 их наяд болж “чимх”-ээр ч болов багассан. Гадаад валютын албан нөөц түүхэн дээд хэмжээнд хүрч, ДНБ 32.2 их наяд төгрөгөөр хэмжигдэв. Ийнхүү үнэлгээ эерэг байсан ч энэ нь Монгол Улсын эдийн засаг ханасан бөгөөд эрсдэлгүй гэсэн үг биш гэдгийг сануулжээ.
ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэр
Хөтөлбөрийн хүрээнд макро эдийн засгийн үзүүлэлт эерэг хэвээр байгаа бөгөөд бүх тоон зорилтууд биелсэн байна. Түүнчлэн ОУВС-гийн зүгээс “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрыг эдийн засгийн хямралыг даван туулахад томоохон ахиц дэвшлүүдийг гаргаж чадлаа.
Хэдийгээр гадаад валютын нөөц өмнө байгаагүйгээр нэмэгдсэн боловч эрсдэлтэй хэвээр байгаа юм. Учир нь гадаад валютын нөөц гэдэг тухайн улсын бүтэн жилийн импортын хэмжээтэй дүйх ёстой. Манай улсын өнгөрсөн оны импорт 5.8 тэрбум ам.доллар байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар гадаад валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар байна. Түүнчлэн тэдний үнэлгээгээр банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх ажлаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэжээ. Үнэлгээний төгсгөлд манай улсын урт хугацааны эдийн засгийн өсөлтөд хөрөнгө оруулалтын орчин сайн байх нь чухал гэдэг саналыг эрх баригчдад хүргэсэн байдаг. Магадгүй энэ нь Оюутолгойтой холбоотой “Рио Тинто”-д хандсан Монгол Улсын өнөөгийн байдлыг илэрхийлсэн хэрэг биз ээ.
Эцсийн шийдвэр наймдугаар сард гарна
Гурван жилийн хугацаатай хэрэгжих уг хөтөлбөрийг 2017 оны тавдугаар сард баталсан. Хугацаа ёсоор бол ирэх онд хөтөлбөр дуусах учиртай. Харин хоёр шалтгааны улмаас хөтөлбөр хугацаанаасаа өмнө дуусах тухай асуудал яригдаж байгаа юм. Нэгдүгээрт, ажлын хэсгийнхний төсөөлснөөс хурдан хугацаанд Монгол Улсын эдийн засаг өсч, эерэг үзүүлэлтүүд гарсан. Нөгөө нь Монгол Улсын эрх баригчид тэдний зөвлөгөөг хэрэгжүүлсэн үү гэдэг юм.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
ОУВС-гийн хөтөлбөрийн үндсэн зорилго болох эдийн засгийн эрх зүйн орчныг сайжруулах ажлыг үндсэндээ хийгээд дууссан. Үүнээс гадна манай улс төсвийн сахилга батыг дээшлүүлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсэн.
Хөтөлбөрийн нийт санхүүжилт 5.5 тэрбум ам.доллар. Үүний хоёр орчим тэрбум нь БНХАУ-ын Ардын банкинд Монгол Улсын төлөх ёстой зээл. Монгол Улс дээрх хэмжээтэй дүйх юанийг тус банкнаас зээлээд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихтэй зэрэгцээд төлөх ёстой байсан ч нөөц мөнгө байгаагүй тул өр хүлээгдэж байсан. Уг хөтөлбөрийн хүрээнд дээрх зээлийн төлөх хугацааг гурван жилээр сунгасан. Үлдсэн гурван орчим тэрбум ам.доллар Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон болон БНСУ төсвийн болон төслийн дэмжлэгээр орж ирэх юм. Тэгвэл ОУВС-гаас манай улсад хөнгөлөлттэй зээлээр 443 орчим сая ам.долларын санхүүжилтийг олгохоор тохирсон. Одоогоор манай улсад ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн таван шатны үнэлгээ хийж, 221 сая ам.долларын санхүүжилт орж ирээд байгаа юм. Зургаа дахь шатны үнэлгээг хийсэн ч Захирлуудын зөвлөлийн хурлаар баталснаар санхүүжилт Төв банкны дансанд шилжинэ. Гэхдээ Захирлуудын зөвлөлөөр орохоос өмнө тэд эрх баригчдаас зарим зүйлсийг гүйцэлдүүлэхийг шаардсан юм. Үүний хамгийн чухал нь санхүүгийн салбарт төвлөрч буй. Түүнчлэн одоогоор ОУВС-гаас банкуудад хийсэн активын чанарын үнэлгээний хоёр дахь шатны шалгалтыг хийж байна. Уг үнэлгээгээ наймдугаар сард дуусна. Түүний дараа зургаа дахь шатны санхүүжилт орох уу, хөтөлбөр зогсох уу гэдэг шийдвэр эцэс болох юм.
Eagle.mn
URL: