“Монгол Улс 200 гигаватт салхины, 1.2 тераватт нарны эрчим хүчийг хөрш орнууддаа экспортлох боломжтойг тогтоосон”

4298

Стратеги судалгааны хүрээлэн, Монгол Улсын Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хурал Улаанбаатарт хотод өнөөдөр эхэллээ.

Энэ удаагийн олон улсын хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Канад, Швед зэрэг 15 улсын Засгийн газрын төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, мөн НҮБ, Европын холбоо, Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчид оролцож, гадаадын 20 гаруй хэвлэл, мэдээллийн байгууллага хурлын үйл ажиллагааг сурвалжилж байна.

Хуралд оролцож буй 200 гаруй төлөөлөгч Зүүн хойд Азийн аюулгүй байдлын боломж, сорилтууд, бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцох юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, Монгол Улс дахь нар, салхины эрчим хүчний арвин их нөөцийг ашиглах асуудал энэ удаагийн хурлын гол сэдэв байх юм.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүргүүлсэн илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргар З.Энхболд уншиж танилцууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД:

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмэр оруулах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг байсаар ирсэн. Яриа хэлэлцээрийн тайван замаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, бүс нутгийн бусад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх байр суурийг Монгол Улс баримталдаг ба бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэсэн зарчмаар аливаа маргааныг шийдвэрлэж болно гэдэгт бид итгэдэг.

Үүнээс улбаалан Монгол Улс Улаанбаатарын яриа хэлэлцээг зургаан жилийн өмнө санаачлан эхлүүлсэн. Эдүгээ уг санаачилга нь бүс нутгийн аюулгүй байдал төдийгүй, эрчим хүч, дэд бүтэц, хүрээлэн буй орчин, хүний аюулгүй байдал зэрэг асуудлыг хэлэлцдэг чухал талбар болж өргөжсөн байна. Энэ жил 6 дугаар хурлаар бүс нутгийн улс төр, аюулгүй байдлын төлөв, боломж, сорилтуудыг хэлэлцэхийн зэрэгцээ Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарч байгааг тэмдэглүүштэй.

Бүс нутгийн эдийн засгийн уялдааг бэхжүүлэх томоохон  дэвшилтүүд  гарч буй энэ цаг мөчид өнөөдрийн хурал болж байна.

Улс орнууд цэвэр эрчим хүчний хэрэглээгээ дэмжиж нэмэгдүүлэх нь эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэх боломж болж буйг Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA)-аас саяхан гаргасан “Шинэ дэлхий-Эрчим хүчний шинэчлэлийн геополитик” тайланд дурьджээ. Зүүн хойд Азид эрчим хүчний харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асар их боломж бий. Манай бүс нутаг нь дэлхийн ДНБ-ий болон нийт хүн амын дөрөвний нэгийг тус тус бүрдүүлж байна.

Дэлхийн эрчим хүчний хамгийн том  хэрэглэгч орнуудын 4 нь манай бүс нутагт оршиж нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтын гуравны нэгийг үйлдвэрлэж байна. Бүс нутгийн эдийн засаг томрохын хэрээр эрчим хүчний хэрэглээ даган нэмэгдсээр байх ба технологийн дэвшил, дижитал шилжилт нь энэхүү хэрэгцээг шийдэх оновчтой эрчим хүчний шинэ сүлжээг бий болгох юм.

Монгол Улс хөрш орнуудтайгаа цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдох, цэвэр эрчим хүчийг бүс нутгийн орнуууддаа экспортлох боломжийг  тогтоох судалгааг Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хийж дуусгаад байна.

Энэхүү цогц судалгаагаар Монгол Улс 200 гигаватт салхины эрчим хүч, 1.2 тераватт нарны эрчим хүчийг үйлдвэрлэж, хөрш орнууддаа экспортлох боломжтойг тогтоосон. Үндэсний эрчим хүчний сүлжээг системтэйгээр өргөтгөж өндөр хүчдэлийн хил дамнасан холболтыг хөгжүүлэх замаар 2036 он гэхэд 100 гигаватт хүртэл хямд өртөгтэй, цэвэр эрчим хүч экспортлох боломжтой гэж тооцоолсон байна.

Сүүлийн жилүүдэд бүс нутгийн бусад орнуудын үндэсний эрчим хүчний компаниуд манайд хийгдсэн судалгаатай адил судалгаануудыг хийсэн. Эдгээр судалгаануудын үр дүнгээр бүс нутгийн эрчим хүчний шинэ, дэвшилтэт зах зээлийг бий болгоход тухайн бүс нутгийн орнуудын Засгийн газруудын дэмжлэг, нэгдмэл байр суурь нэн чухал гэдгийг онцлохын сацуу зохицуулалт болон стандартыг уялдуулах, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг боловсруулах шаардлагатайг онцолсон байна.

Өнгөрсөн жил Владивостокт миний бие эрчим хүчний нэгдсэн сүлжээ болон зах зээлийг бий болгох зорилгыг дэмжих бүс нутгийг хамарсан байгууллага байгуулах санаачилгыг дэвшүүлсэн. Уг байгууллагыг байгуулах талаарх “Хамтарсан мэдэгдэл”-ийн төслийг Монгол Улс боловсруулсан ба Зүүн хойд Азийн бүс нутгийн бусад орнуудтай хэлэлцэн 2019 оны 9 дүгээр сард уг “Хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурахаар ажиллаж байна. Манай санаачилгыг тууштай дэмжиж буй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс болон Азийн хөгжлийн банканд талархсанаа илэрхийлье.

Олон улсын хамтын нийгэмлэг Парисын хэлэлцээр болон Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд тогтвортой эрчим хүчний тогтолцоонд шилжих амлалт авч, ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Монгол Улс нь цэвэр эрчим хүчний арвин их нөөцтэй орны хувьд сүүлийн үед гарч буй дэвшилтэт технологи, чиг хандлагыг ашиглах замаар дэлхийн эрчим хүчний хувьсал дахь олон улсын хүчин чармайлтад өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Монгол Улсын энэхүү санаачилгыг дэмжиж буй бүс нутгийн орнуудын засгийн газар, олон улсын холбогдох байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээний олон улсын VI бага хурлын ажиллагаанд амжилт хүсье” гэжээ.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба


URL:

Сэтгэгдэл бичих