Шатахуун импортлох эрхээ төр авах ёстойг гишүүд онцолж байна
Төрийн ордонд өнөөдөр шатахууны асуудлаар олон талт хэлэлцүүлэг зохион байгуулж дөнгөж сая дууслаа. Шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг тодруулах, цаашид ямар зохицуулалт хийх, төр өөрөө шатахуун импортлох эрхээ авах зэрэг асуудлыг хөндлөө. Шатахууны импорттой хамаатай төрийн болон хувийн компаниудын төлөөлөл эл хэлэлцүүлэгт ирсэн байлаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон Ажлын хэсэг, ЭБЭХЯ, Монголбанк, ШӨХТГ, МХАҮТ, МҮЭХ, Газрын тосны хэрэг эрхлэх газар, Нефть импортлогчид гээд дээрх асуудалд хамааралтай төрийн компданиудын дарга нар оролцлоо.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг удирдан явуулсан юм. Тэрээр “Үнийн өсөлтийн бодит шалтгааныг тогтоох ёстой. Төр шатахуун импортлогч нартай хяналт тавьж хариуцлага тооцож чадахгүй байна. Нефть импортлогчид олон жилийн турш хуйвалдаж, үнэ нэмсээр ирсэн. Тийм учраас одоо төр өөрөө импортынхоо эрхийг авах хэрэгтэй” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Батж.Батбаяр “Шатахууны нэмэгдэж байна гэдэг бол хэдхэн байгууллагын асуудал. Импортлогчид, Газрын тосны хэрэг эрхлэх газар, ШӨХТГ-ын хуйвалдаанаар үнэ нэмсээр ирсэн. Тийм учраас энэ дээр эрчимтэй шинэчлэл хэрэгтэй. Зүгээр нэг торгоод өнгөрөх биш. Төр эрхээ өөрөө авах нь зүйтэй. Төрийн зүгээс шатахуун импортлогчдод дэмжлэг үзүүлж, татвараас чөлөөлж хүртэл байсан” гэсэн юм.
Мөн хэлэлцүүлгийг үеэр яригдсан асуудалын нэг нь импортлогч компаниуд шатахууныхаа үнийг хоёр дахин /100 хувь/ нэмж зах зээлд нийлүүлдэг гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүдийн зүгээс гаргасан. Хил дээр 1000-1200 төгрөгөөр орж ирдэг ч зах зээлд нийлүүлэхдээ 1800 орчим төгрөгөөр нийлүүлж бараг 100 хувь нугалж зарж байгаа нь өндөр үнэтэй байна” гэсэн шүүмжлэлийг өрнүүлсэн.
Харин иммпортлогчдын зүгээс 85-86 хувь нь шатахууны үнэ, татварт, тээврийн хөлсөнд 9 хувь явчихдаг. Компаниуд 4-5 хувийн ашигтай ажилладаг гэсэн тайлбарыг өгч байлаа.
Харин Монголбанкны төлөөлөл мөнгөний уналттай холбоотойгоор шатахууны үнэд нөлөөлсөн зүйл байхгүй. Монголбанк буруугүй гэсэн утгатай зүйл ярьсан нь гишүүдийн эгдүүцлийг хүргэсэн.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар “Төр байгаа гэдгийг мэдэрч байна. Шатахууны үнийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь төр байгаа гэдэг тохиох өглөө. Сая ШӨХТГ-ынхан хэлж байна. Шатахуун импортлох асуудал тэргүүн шатар сайдын мэдлийн асуудал болсон гэж байна. Энэ бол төр импортлогчдын барьцаанд орсныг илтгэж буй асуудал. Монголбанк шатахууны үнийн асуудалд буруутай байтал Засгийн газар нь хариуцлага тооцож чадахгүй байна. УИХ-ын хуралдаанаар Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох байх. Мөн шатахууны тээвэрлэлтийн асуудал дээр МХЕГ хяналт тавьж ажилладаг юм байна. Хоёр хоногийн дараа судлаад энэ асуудлыг дахин хэлэлцэх саналтай байна” гэсэн юм.
Шатахууны импортыг төр өөрөө авах ёстой гэсэн байр суурийг гишүүдийн олонх нь дэмжлээ.
Т.АМУР
URL: