Назарбаев хүндэт сенатч болов
Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Хүндэт сенатч гэсэн статустай болжээ.
Энэ тухай тогтоолыг парламентын дээд танхимын гишүүд тавдугаар сарын 30-ны өдөр гаргасан талаар ТАСС агентлаг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, “Казахстан улсыг ардчилсан, эрхзүйтулс болох үндсэн хууль, эрхзүйн үндсийг төлөвшүүлэх, эх орны парламентаризмыг цогцлоох хөгжүүлэхэд гүйцэтгэсэн түүхэн гавьяа, үндсэн хууль, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж” хүндэт сенатч цол олгосон байна.
Сенатын дарга, Назарбаевын охин Дарига Назарбаевын өгүүлснээр анхны ерөнхийлөгчид энэ цолыг олгох саналыг Казахстаны өнөөгийн тэргүүн Касым-Жомарт Токаев гаргажээ. Улмаар сенат Токаевын саналыг дэмжин, хүндэт сенатчийн статусын тухай заалт батласан байна. Ингэснээр Назарбаев Парламентын дээд танхимын хуралдаан дээр байлцах боломжтой болж байгаа гэнэ.
Түүнчлэн өчигдөр буюу тавдугаар сарын 29-ний өдөр Назарбаев Евразийн эдийн засгийн зөвлөлийн хүндэт тэргүүн цолтойболсон юм. Түүнд ийм цол олгох саналыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гаргасан. Ингэснээрээ Евразийн эдийн засгийн зөвлөл бүрэлдэхэд гүйцэтгэсэн Назарбаевын түүхэн хувь нэмрийг хуралдааны оролцогчид онцлохыг хүссэн хэмээн эх сурвалж мэдээллээ.
Эргэн сануулахад, Нурсултан Назарбаев 30 жил орчим төрийн эрхэнд байсны эцэст 2019 оны гуравдугаар сарын 19-ний өдөр төрийн тэргүүний албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцорсон юм. Энэ үйл явдлын дараа Казахстаны нийслэл Астана хотыг түүний нэрээр Нур-Султан гэж нэрлэсэн. Мөн түүнд Елбасы буюу үндэстний тэргүүн гэсэн хэргэм олгосны дээр насан туршдаа Казахстаны аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, “Нур Отан” эрх баригч намын даргын албан тушаалыг хаших юм.
URL: