75 гишүүний 57 нь дарга!
УИХ 76 гишүүнтэй болсон түүх
УИХ яагаад 76 гишүүнтэй болсон түүхийг мэдэх үү. Мэдэхгүй бол “УИХ яагаад заавал 76 гишүүнтэй болсон юм бол” гэж бодож байв уу. Ямар нэгэн учир шалтгааны үүднээс энэ тоог сонгосон байж таарна. Тэгвэл 1992 онд Үндсэн хуулиа батлахдаа хүн амын тоотой харьцуулан ийм тооны гишүүнтэй байх нь зөв гэж үзсэн юм байна. Тухайн үед Монгол Улсын хүн ам хоёр сая гарчихсан байлаа. Мөн өөр нэг тайлбарыг тухайн үеийн Улсын бага хурлын гишүүн, Үндсэн хууль тогтоогчдын холбооны тэргүүн Д.Моондой хэлсэн юм.
Үндсэн хууль тогтоогчдын холбооны тэргүүн Д.Моондой: -Улсын бага хурлаас анх оруулж ирсэн Үндсэн хуулийн төсөл дээр УИХ 75 гишүүнтэй байхаар тусгасан байсан юм. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийн тоо сондгой байж асуудлыг нэг талд нь шийддэг байх ёстой гэж үзсэн хэрэг л дээ. Гэвч энэ тоог их олон талаас нь ярьсан. “Ирээдүйн УИХ аливаа нэг асуудлыг шийдэж чадахгүй бол өнөө 75 чинь 75-аар бууж өглөө” гэсэн яриа ард түмний дунд гарна гэсэн эсэргүүцэл ч байсан юм. Тиймээс заавал 75 байх албагүй гэж үзсэн. Үндсэн хуулийн төслийг Улсын бага хурал 70 гаруй хоног хэлэлцсэн юм. Хуулиа баталчихаад хэзээ ёсчлох вэ гэдгээ хэлэлцээд хоёр гурав хоног бэлтгэл хангаж байгаад 76 дахь хоног дээрээ ёсчилсон. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн хэлэлцэж баталсан хоногийн тоо 76, энэ хуулийн дагуу ирээдүйд байгуулагдах парламентын гишүүдийн тоо ч 76 болсон юм.
“Eagle news” телевиз 2018.01.13
УИХ хэдэн гишүүнтэй байх нь зөв бэ?
Үүнээс үзвэл УИХ 76 гишүүнтэй болоход шинжлэх ухаан, мухар сүсэг гээд олон зүйл нөлөөлжээ. Мухар сүсгээр бол одоогийн УИХ жинхэнэ 75-уулаа болчихсон 75-аар бууж өгч байна. Харин шинжлэх ухааны үүднээс бол УИХ хэдэн гишүүнтэй байх ёстой вэ. 1992 онд хоёр сая хүн амтай байхдаа 76 гишүүнтэй байх нь зөв томъёолсны дагуу бол одоо 114 гишүүнтэй байх ёстой ажээ. Нэг сая хүн амд 38 гишүүн ногдох ёстой гэсэн үг шүү дээ. Зарим судлаач бүр 140 гаруй гишүүнтэй байх ёстой гэдэг. Тухайлбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан “Парламентыг 76 биш 140 гаруй гишүүнтэй болгох хэрэгтэй. Ингэснээр УИХ-ын ирц нэмэгдэж, аливаа хуулийг батлахдаа судлах, сайжруулах цаг гарна. Одоогийн байгаа парламентын нэг гишүүн олон Байнгын хороонд харьяалагддаг учраас хурлаа таслах, хуулийг судлахгүйгээр батлах зэрэг сөрөг үр дагаврууд гарч байгаа” гэсэн юм. Монгол Улс Ерөнхийлөгчийн биш парламентын тогтолцоог сонгосны хамгийн том шалтгаануудын нэг нь гаднын нөлөөнд автахгүйгээр шийдвэр гаргах явдал юм. Энгийнээр тайлбарлахад ганц хүн шийдвэр гаргах, олуулаа хэлэлцэж ярилцаад шийдвэр гаргах хоёр нь хоорондоо маш их ялгаатай. Нөгөөтэйгүүр олон хүнд нөлөөлж шийдвэр гаргуулах хэцүү. Харин ганцхан хүний санаа бодолд нөлөөлж хүссэн шийдвэрээ гаргуулах амархан. Ийм л учраас парламентын тогтолцоог сонгосон. Тухайн үедээ бол 76 гишүүн гэдэг хангалттай тоо гэж үзэж байж. Тэр үед аливаа эрх ашиг, эдийн засгийн сонирхол маш бага байсан. Харин одоогийн УИХ бол маш олон эрх ашгийн өрсөлдөөн дунд үйл ажиллагаагаа явуулж байна. Магадгүй 1992 онд 76 хүний гаргах шийдвэрт хэн ч нөлөөлж чадахгүй гэж бодож байсан байх. Гэвч одоо тийм биш болсон. УИХ-ын гишүүд ч өөрсдөө хэн нэгэн лобби хийж байгаа тухай, лоббид автаж байгаа тухайгаа ярьдаг. Мөн нэг гишүүнд ногдож байгаа ачааллаас болоод УИХ-аас гарч байгаа хуулийн чанар муудаж байгааг судлаачид хэлдэг. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв юм.
2012-2016 оны парламентын үед боловсруулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох тухай заалт орсон. Харин энэ удаагийн УИХ-аас боловсруулсан төсөлд энэ тухай заалт ороогүй. Учир нь, төслөө боловсруулахаасаа өмнө зөвлөлдөх санал асуулга явуулахад гишүүдийн тоог нэмэх санал дэмжигдээгүй юм. УИХ-ын гишүүд 76 дарга, 76 эрх мэдэлтэн гэж харагддаг учраас иргэд тоог нэмэхийг эсэргүүцдэг. Уг нь УИХ төсөв, томилгооны асуудалд оролцдоггүй зөвхөн хууль батлах үүрэгтэй байсан бол иргэд гишүүдийнх нь тоог нэмэхийг дэмжих байсан болов уу. УИХ-ын гишүүн асан М.Батчимэг гишүүдийн тоог яагаад нэмэх ёстой вэ гэдгээр маш тодорхой байр сууриа илэрхийлж байсан удаатай.
УИХ-ын гишүүн асан М.Батчимэг: -УИХ-ын гишүүдийн тоо хуулийн чанар хоёр шууд хамааралтай. Үндсэндээ 76 гишүүнтэй гэдэг боловч улс орны том бодлогыг зургаан хүн шийдэх боломжтой байгаа. Яагаад гэвэл, УИХ-ын гол шийдвэр дандаа Байнгын хороон дээр гардаг. Нэгдсэн чуулган бол Байнгын хорооны шийдвэрийг л баталгаажуулдаг. Байнгын хороо 19 гишүүнтэй, 10 нь ирсэнээр ирц бүрдэж, зургаан хүнээр ямар ч том асуудал шийдэгдэж болно. Улс л болсон хойно зайлшгүй үүрэгтэй л найман Байнгын хороод байгаа. Алийг нь татан буулга гэх вэ дээ. Хөдөө аж ахуйг байхгүй болголтой биш. Нийгмийн бодлогоо татан буулгалтай биш. Иймээс нэг гишүүн 2-3 Байнгын хороонд харьяалагддаг. Нөгөө чухал асуудал батлах гэж байгаа зургаан хүн чинь аягүй бол хажууд нь хурал давхцаад дунд нь хуулиа уншаагүй гүйж яваа. УИХ-ын өнөөдрийн бодит амьдрал ийм байгаа. Чанаргүй хууль гарах, нөлөөнд автан хууль гаргах үндэслэл нь гишүүдийн тоо цөөн байгаатай холбоотой. Маш олон оронд хийсэн судалгаанаас харахад хүн амын тоо, УИХ-ын гишүүдийн тоо хоёр тодорхой харьцаатай байж байж ачааллаа даадаг. Ерөнхийдөө хүн амынхаа тоог гуравны нэг зэрэгт дэвшүүлсэнтэй ойролцоо тоо бол дундаж жишиг гэж эрдэмтэд үздэг. Яг энэ жишгээр бол Монгол Улс 140 орчим гишүүнтэй байх ёстой юм билээ. Тоо бол УИХ-ын чанар, УИХ нөлөөнд автахгүй байх, УИХ сайн хууль хийхийн маш чухал суурь баталгаа. Бусад тогтчихсон, төлөвшчихсөн парламенттай улс орнуудад бол нэг гишүүн нэг л Байнгын хороонд харьяалагддаг юм билээ. Тэгж байж гишүүд, Байнгын хороод мэргэшдэг, хариуцлагатай хууль гаргадаг.
“Ардын эрх” сонин 2015.11.13
Гишүүд 2-3 Байнгын хороонд харъяалагдаж байгаагаас гадна давхар Засгийн газрын гишүүн, Байнгын хороо, дэд хороо, түр хорооны дарга, УИХ-ын дэд дарга, дэд хороо, ажлын хэсгийн гишүүнээр давхар ажиллацгааж байгаа. Ингээд үзэхээр гишүүд бүгд УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төслүүдтэй танилцах боломж хомс. Бараг бүгд “давхар дээл”-тэй учраас түүнтэй түүртэж байгаа. Нэг УИХ бүрэн эрхийн хугацаагаа дуусгахад тухайн дөрвөн жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар дарга хийж “давхар дээл” нөмрөөгүй гишүүн цөөхөн үлдсэн байдаг. Ялангуяа ёс юм шиг Засгийн газраа заавал огцруулдаг болсон энэ үед дарга, сайд хийгээгүй гишүүн ховор. Одоогийн байдлаар л гэхэд бүрэн эрхээ хэрэгжүүлж буй 75 гишүүний 57 нь дарга, сайдаар томилогджээ. 2020 оны сонгуулиас өмнө 75-уулаа дарга, сайд болоод үзчихсэн байхыг үгүйсгэхгүй. Ойрын үед л гэхэд УИХ зарим Байнгын хорооны дарга нараа шинээр сонгосон. Мөн цаана нь зарим Байнгын хорооны даргыг шинээр сонгох асуудал хүлээгдэж байгаа.
Одоогийн байдлаар 75 гишүүнээс хэн хэн дарга, сайдаар томилогдоод байгааг дараахь жагсаалтаас харна уу.
1. Н.Амарзаяа
2. Т.Аюурсайхан
3. О.Баасанхүү
4. Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
5. Х.Баделхан Барилга, хот байгуулалтын сайд
6. С.Батболд Тусгай хяналтын дэд хорооны дарга
7. Ж.Батзандан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар ОУПХ-ны УЗ-өөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хорооны дарга
8. Б.Батзориг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан
9. О.Батнасан
10. Б.Баттөмөр
11. Б.Бат-Эрдэнэ Батлан хамгаалахын сайд асан
12. Ж.Бат-Эрдэнэ Зам, тээврийн хөгжлийн сайд асан
13. М.Билэгт
14. Л.Болд
15. Х.Болорчулуун Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
16. С.Бямбацогт Ёс зүйн дэд хорооны дарга
17. Ж.Ганбаатар Эдийн засгийн байнгын хорооны дарга
18. Д.Ганболд
19. Ц.Гарамжав Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга асан
20. Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд
21. Д.Дамба-Очир Эдийн засгийн байнгын хорооны дарга асан
22. Б.Дэлгэрсайхан
23. Б.Жавхлан Нутгийн удирдлагын дэд хорооны дарга
24. С.Жавхлан
25. Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан
26. Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
27. Л.Мөнхбаатар
28. Ж.Мөнхбат Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан
29. Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны сайд асан
30. Г.Мөнхцэцэг
31. Д.Мурат
32. З.Нарантуяа Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга
33. Б.Наранхүү
34. Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан
35. Х.Нямбаатар
36. Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд
37. Н.Оюундарь Хүний эрхийн дэд хорооны дарга
38. Д.Оюунхорол Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
39. М.Оюунчимэг Өргөдлийн байнгын хорооны дарга
40. Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
41. Б.Пүрэвдорж УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга
42. Ш.Раднаасэд Хууль зүйн байнгын хорооны дарга
43. Я.Санжмятав УИХ-ын дэд дарга асан
44. Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд
45. Б.Саранчимэг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга
46. Я.Содбаатар Зам, тээврийн хөгжлийн сайд асан
47. О.Содбилэг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
48. Г.Солтан
49. Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
50. А.Сүхбат Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга
51. Д.Тогтохсүрэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
52. Г.Тэмүүлэн
53. Д.Тэрбишдагва Эдийн засгийн байнгын хорооны дарга асан
54. Ч.Улаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
55. Б.Ундармаа
56. А.Ундраа Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга
57. Н.Учрал Цахим бодлогын түр хорооны дарга
58. Д.Хаянхярваа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан
59. Ч.Хүрэлбаатар Сангийн сайд
60. Ц.Цогзолмаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан
61. Д.Цогтбаатар Гадаад харилцааны сайд
62. Н.Цэрэнбат Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
63. С.Чинзориг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
64. Б.Чойжилсүрэн Сангийн сайд асан
65. Л.Элдэв-Очир Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга асан
66. Б.Энх-Амгалан Зам, тээврийн хөгжлийн сайд
67. Л.Энх-Амгалан УИХ-ын дэд дарга
68. Ж.Энхбаяр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга асан
69. Н.Энхболд Батлан хамгаалахын сайд
70. Л.Энхболд
71. М.Энхболд УИХ-ын дарга
72. Ө.Энхтүвшин Шадар сайд
73. С.Эрдэнэ АН-ын дарга
74. Д.Эрдэнэбат УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга
75. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд асан
Eagle.mn
URL: