Д.ОЮУНБАТ: Ерөнхий сайд С.Батболд том гарын луйварчдын хүсэл сонирхлыг хангалаа
Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбаттай ярилцлаа.
-Та чинь Засаг даргаасаа огцорчихлоо. Одоо юу хийж байна вэ?
-Орхон аймгийн ИТХ-ын 12 төлөөлөгч Засаг даргыг огцруулах санал гаргасан. Хоёр төлөөлөгч АН-ын гишүүн гэж бодохоор улс төрийн хүчнүүдийн хамтын ажиллагаа амжилттай болсон байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд аймгийн Засаг дарга нарыг томилж батламжилдаг. Тэр утгаараа Ерөнхий сайд С.Батболд ИТХ-ын огцруулах шийдвэрийг дэмжсэн. Одоохондоо ажилгүй байна.
-Оны сүүлээр болсон ИТХ-ын үеэр таны бие муудаад эмнэлэг рүү явчихлаа гэсэн шүү дээ?
-Даралт өгсөөд хурал гэр хоёрын хооронд ирж очоод л байсан. Түүнээс биш бие муудлаа гээд зугтаад явчихсан юм байхгүй. Тэр 12 төлөөлөгч намайг огцруулах есөн зүйл гаргаж ирсэн. Хүн үзээд байхааргүй зүйл бичсэн байгаа юм. Би тэр зүйлийг нь Захиргааны хэргийн шүүхэд өгөхөөр бэлдэж байна. Монгол Улсад үнэн гэдэг зүйл байдаг юм бол би ялах болно.
-Ерөнхий сайд С.Батболд хүн тоож үзэхээргүй ховын бичигт үндэслээд таныг огцруулчихлаа гэж үү?
-Би 2009, 2010 оны ажлуудаа амжилттай гээд дүгнүүлчихсэн. Гурван жилийн ажлын биелэлт маань 86 хувьтай байгаа юм. ИТХ-ын төлөөлөгчид Засаг даргын ажлын биелэлт, эдийн засгийн өсөлтийг тооцолгүйгээр огцруулах гэж улайран зүтгэсэн. Засгийн газраас 2011 оныг ажлын байр нэмэгдүүлэх жил болгон зарласан. Манай аймаг энэ уралдаанд нэгдүгээр байр эзэлж зургаан сая төгрөгөөр шагнууллаа. Хотуудын холбооноос л гэхэд “Шилдгийн шилдэг бүтээлч хот” гэсэн өргөмжлөл хүртлээ.
-Засаг даргын ажил сайн байсан байна. Гэтэл ИТХ-ын 12 төлөөлөгч хангалтгүй гэж үзсэн нь гайхалтай юм даа?
-ИТХ-ын 12 төлөөлөгч “Эрдэнэт” үйлдвэртэй нягт холбоотой ажилладаг хүмүүс байгаа юм. Бараа таваар шахдаг улс шүү дээ. Зохион байгуулалттай, хувийн өс хонзонгийн үүдэлтэйгээр хуйвалдсан. Тэр дундаа “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг далдаас удирдсан.
-”Эрдэнэт” үйлдвэрийн захирлын гар хөл болсон хүмүүсийг нэрлээч?
-Зохион байгуулалтад орсон ИТХ-ын төлөөлөгч Батлут, Мөнхжаргал, Бүүвэйбаатар, Ж.Ганбаатар, Энхбаатар гээд төрийн өмчит байгууллагын дарга нар магнайд нь явсан.
-”Эрдэнэт” үйлдвэр Засаг даргыг огцруулах ажиллагаанд санхүүжилт гаргасан гэх үндэслэл бий юу?
-Байлгүй яахав. Хүмүүсийн яриагаар байр, машин, мөнгө, ажлын гэрээ санал болгосон юм билээ. Энэ төрд шударга ажиллах хэцүү болсон байна. Том гарын луйварчид өнгө мөнгөөр төрийн ажлыг явуулж байна шүү дээ.
-Таны хэлээд байгаа луйварчдын хүсэл сонирхлыг Ерөнхий сайд С.Батболд хангасан гэж үзэж болох уу?
-Тийм ээ. Орхон аймгийн ард иргэдийн амьдрал, хүсэл сонирхол ямар байгааг мэдрэхгүй л байна. Зарим иргэд ИТХ-ын зааланд хүртэл орж ирээд эсэргүүцэл илэрхийлсэн гээд бод. Үүнийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мэдрэх ёстой байсан. Монгол Улсаар дүүрэн луйварчид байгааг өөрчлөх цаг болжээ.
-Төсвийн мөнгөөр үнэтэй машин авсан гэж буруутгадаг юм уу даа?
-Бүтэн жил яригдаж байгаа асуудал. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг хөлөглөж байсан “Лексус-570″ гэдэг машинаа 120 мянган ам.доллараар аймгийн захиргаанд шахсан. Өнгөрсөн жил Хөтөлийн тэнд авто осолд орсон машин юм билээ. Тэгээд засуулангуутаа Засаг даргад өгсөн. Би сэжиг хүрээд нэг их унадаггүй юм. Би тэр машиныг нь хоёр удаа дуудлага худалдаанд оруулсан. Нэг ч хүн сонирхдоггүй.
-Аймагт шахсан машин уу?
-Тэгж ойлгож болно.
-Та чинь бас ИТХ-ын төлөөлөгч Мөнхжаргалтай зодолдсон гэл үү?
-Зодолдох юу байх вэ, зодуулахгүй юу. Солонгос улсын Чежү хотод онгоцны буудал явахаар автобус хүлээгээд зогсож байтал Мөнхжаргал хүрч ирээд цохисон. Түүнд хийсэн гэм надад байгаагүй. Согтуурхаж байгаа царай нь бололтой.
-Орхон аймагт МАН-ын нэр хүнд нэлээд унав уу?
-Одоогийн байдлаар зуун хувь унасан. Би ийм нөхцөлд аймгийн МАН-ын даргын ажлаа өгдөг юм билүү гээд бодоод сууж байна. ИТХ-ын төлөөлөгчид Засаг даргын ажлыг муу гэж дүгнэсэн юм чинь цаад агуулгаараа МАН-ын ажилд өгсөн дүн гэж ойлгогдоно.
-”Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг Орхон аймгийн Засаг даргыг огцруулах ямар хэрэгтэй юм бэ. Өөрөө Засаг дарга болох гэсэн хэрэг үү?
-Миний эсрэг санал өгөөгүй ИТХ-ын төлөөлөгчийг ажлаас хална гэж сүрдүүлсэн гэнэ лээ. Төлөөлөгчдөд их дарамт ирсэн гэлээ. 2012 оны сонгуулийн бэлтгэл хүрээнд намайг оролдоод байгаа хэрэг. Би чинь Орхон аймагтаа хамгийн өндөр нэр хүндтэй нэгэн. Энэ утгаараа шаврын хаалт болно гэж айсан хэрэг.
-Та 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших юм уу?
-Над шиг улс төрийн хамгаалалт, хөрөнгө муутай хүн их улс төрд үзнэ гэж байхгүй. Том гарын луйварчидтай шөргөөлцөх юм бол амь насаараа ч хохирч мэднэ. Төрийн ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэсний эцэст хэлмэгдүүлэлт гэдгийг биеэрээ амсаад сууж байна. Надад хувийн компани битгий хэл дэлгүүр, ТҮЦ ч байхгүй. Хоёр хүү, эхнэр ажилтай байсан учраас ар талдаа санаа зовж явсангүй.
-Булганыхан Эрдэнэт хотыг эзэлсэн гэх яриа бий. Үүнээс харвал нутгархах үзэл байгаа юм болов уу?
-Би энд ирээд гуч гаруй жил болж байна. Ёстой нутгархаж мэдэхгүй. Харин Архангай аймгийнхан аймаар нутгархаж байгаа шүү. Бараг л Орхон аймгаа “Эрдэнэт” үйлдвэртэйгээ нэгтгэчихээр болсон байна.
-Ерөнхий сайд С.Батболд танд юм хэлэв үү?
-Надтай намынхан ч, Засгийн газрын зүгээс ч харьцаагүй. Надад ямар нэг дарамт ирээгүй. Дээгүүрээ хуйвалдаад шийдчихсэн. Ерөнхий сайд С.Батболдтой л тохирсон байх. Би хэн нэгнээс аврал эрж гүйгээгүй.
-Засаг дарга огцорчихоор төрийн ажил цалгардах уу?
-Засаг даргын орлогчид автоматаар ажил шилжинэ. Намын бодлого энэ тэр яригдаж байж дараагийн Засаг дарга томилогдох болов уу.
-”Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагыг мөрийтэй тоглоод сууж байдаг гэх юм билээ?
-Тийм яриа хөөрөө сонсогдож байдаг юм. “Эрдэнэт” үйлдвэрт сая төгрөгийн барааг хорин саяар л шахдаг газар шүү дээ. Зүгээр шахам олсон их мөнгийг тоглож дуусгана биз дээ. Удирдлагын түвшинд хэдэн сая долларын гэрээг хийдэг. Хэд нугалаад л үйлдвэрээс авна шүү. Уг нь энэ мөнгө ард түмний өмч, Монгол төрийн асуудал. Харсан ч хараагүй юм шиг байсаар дасал болох шив дээ.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
URL: