Б. Галдаа: Цагдаа нар буу хэрэглэсэн гэдгийг 100 гаруй хүн гэрчилсэн

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа, УЕПГ-ын хяналтын прокурор Т.Сүхбаатар нар “Долдугаар сарын 1-ний” гэх тодотголтой, цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийн талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн самууны үеэр дөрвөн хүн амь насаа алдаж, зургаан хүн хүнд, хөнгөн бэртэж гэмтсэн хэргийг шалгаж дуусаад Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлээд байгаа юм. Хэргийг шилжүүлсний дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цагдаагийн албан тушаалтнууд болоод тэдний ар гэрийнхэн ташаа мэдээлэл цацаж байгаа нь шүүхийн шийдвэрт муугаар нөлөөлөхөөс сэргийлж тус хэвлэлийн бага хурлыг зарлаж буйгаа онцолсон юм.

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа ийн ярьсан юм. 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр буюу “Долдугаар сарын 1-ний” гэх тодотголтой, цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийг сэргээн шалгаж дууссан. Тэдний хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх удахгүй шүүх байх.

2008 оны долдугаар сарын 1-нд дөрвөн хүн буудаж хөнөөсөн нь үнэн. Зургаан хүн шархдаж, бэртсэн нь үнэн. Энэ хэргийн буруутан хэн байв. Энэ хэргийг хэн үйлдсэн юм бэ. 2008 оны долдугаар сарын 1-нд гарсан үймээний үеэр онц байдал зарлаж зөвхөн цагдаа нарт үймээнд оролцож байгаа иргэдийг тараах үүрэг өгсөн. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс байлдааны зориулалтын сум хэрэглэхгүй, хүний амь насыг хөнөөхгүй байхыг анхааруулсан байдаг. Гэтэл дөрвөн хүн буудуулж амь насаа алдсан. Бид хэрэг мөрдөн шалгаж эхэлснээс хойш цагдаагаас өөр хүн галт зэвсэг хэрэглэсэн эсэхийг бүх талаас нь шалгаж үзсэн. Сэжигтэй зүйл олдоогүй.

Хөндлөнгийн хүн оролцоогүй нь тогтоогдсон. Харин цагдаа зайлшгүй долоон тохиолдолд буудах эрхтэй байдаг. Гэхдээ тэр үед буудах хэмжээний нөхцөл байдал үүсээгүй байсан. Гэтэл яагаад иргэд рүү буу шагайх болов. Хэн тушаал өгөв. 2008 оны долдугаар сарын 4-нд цагдаагийн байгууллага 20 ширхэг хонгио хүлээж авсан. Мөн цагдаа буу хэрэглэсэн болохыг гэрчилэх мэргэжлийн шинжээчийн дүгнэлт, 100 гаруй хүний гэрчийн мэдүүлэг байдаг. Энэ бүхэн хангалттай баримт гэж бодож байна. Хэрэгт холбогдоод байгаа цагдаагийн удирдах албан тушаалтнуудын хэргийг өршөөлийн хуульд хамруулж байсан. Гэвч үндэслэл муу, хэргийг дахин шалгаагүй гэх гомдол ирсний дагуу дахин шалгасан байдаг юм.

Ингээд зүйл ангийг нь өөрчилж дахин шалгасан. Хэрэгт холбогдоод байгаа цагдаагийн дарга нар өөрсдөө Өршөөлийн хуульд хамруулж өгөх хүсэлт гаргаж, өршөөлд хамрагдаж байсан. Энэ нь нэг талаас тэднийг үйлдсэн хэргээ хүлээсэн гэх дүгнэлтэд хүргэж байгаа юм. Гэхдээ эцсийн эцэст шүүх шийдвэр гаргана. Тиймээс энэ хэргийг шүүхэд хөндлөнгөөс ямар нэгэн зүйлээр нөлөөлөх гэж оролдох хэрэггүй болов уу. Энэ хэргийг шалгах явцад их олон хүнд хэцүү дарамт шахалт ирсэн гэдгийг онцолмоор байна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн олон нийтэд дэлгэсэн зүйлээс хавтаст хэрэгт баримт болон орсон зүйл бий. Гэхдээ тэнд дэлгэгдсэн бүхэн хавтаст хэрэгт ороогүй гэдгийг хэлье” гэж ярилаа.

Э.ХҮРЭЛБААТАР


URL:

Сэтгэгдэл бичих