Яруу найраг: Ганц бие ээж
Ганц бие ээж
Ганган даашинзгүй
Ганц бие ээж
Гартаа хатан сүйхгүй ээ
Баярын өдрөөр цэцгэнд бялхахгүй ч
Бялуу зөөж үрсдээ л яардаг ганц бие ээж
Цаг оройн болзоонд зогсох завгүй бүсгүй
Цэл залуухан насаа алдлаа гэж санаашраагүй
Үрсийнхээ төлөө ганцхан тангарагтай сүүн далай
Үүрийн гэгээнээс үдшийн бүрэнхий болтол зүтгэх аугаа хүч
Үүргэлэх ч эрхгүй шөнийн манаатай ганц бие ээж
Үүрсэн ачаандаа түүртэж бүдрээгүй ганц бие ээж
Тас харанхуй шөнөөр ажлаа таран үрдээ яарч явахдаа
Сүүдрээсээ хүртэл цочсон ч
Сугадаад алхах ижилгүйдээ амьдралд гомдоогүй
Сэтгэлийн хат билээ
Буурал хорвоогоос жаргал гуйгаагүй
Будант тавилангаас ерөөл хүсээгүй
Буцаж хараагүй хайраа дуудаж сөхрөөгүй
Бүгдэд гомдоогүй ганц бие ээж ухаан далай билээ
Адлах хүн мундахгүй ээ ганц бие ээжийг
Айлын эхнэр мэндийн зөрөөтэй нөхрөө харамладаг
Саахалтын хүүхдүүд сайхан үрсээс нь аавыг нь асууж уйлуулдаг
Сартай шөнүүдэд дэр нойтон үдэш олон гэвч ганц бие ээж
Үйлийн жаварт даараагүй даарахгүй
Үрсийнхээ илчинд дулаахан байдаг юм гэнэ
Үүлгэр амьдралд гундаагүй ээ гандахгүй
Хүүхдийнхээ заяанд итгэлийн гэрэлтэй гэнэ
Ботгон нүдэндээ нуурын чинээ гунигтай ч
Бусдын сэтгэлд наран чинээ гэгээтэй
Бүтэн тавиланд дутуухан ч бүлтгэр үрдээ бүхнийг бүтээгч
Ганц бие ээж бурхан юмаа . . . .
Н.Ундрааш
URL: