С.Зориг агсны амийг хохироосон хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа
УИХ-ын гишүүн Ж..Батзанданы ахалж буй С.Зориг агсны амь насыг хохирсон хэргийг шалгах Түр хорооны гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Олон улсын парламентын холбооноос хоёр үндсэн хүсэлт тавьж байсан. Нэгд, Олон улсын парламентын холбооны шинжээчид гурван шатны шүүхийн шийдвэртэй танилцах боломжийг олгож өгөх. Монгол Улсын хуулиар аливаа шүүхийн шийдвэр холбогдогч этгээд болон тэдний өмгөөлөгчийн гар дээр шууд очих ёстой байдаг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатартай холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг Тагнуулын байгууллага нууцын ангилалд авч ил гаргахгүй байсан. Түр хороо прокурорын байгууллагатай ярьсны үр дүнд Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд гурван шатны шүүхийн шийдвэрийг холбогдох этгээдүүдэд өгөх хүсэлт өгсөн. Үүний дагуу Ерөнхий прокурорын орлогч гурван шатны шүүхийн шийдвэрийг ил болгохоо амласан. Гурван шатны шүүхийн шийдвэрийг нууцалж байсан түүх Монголоос өөр хаана ч байхгүй.
Хоёрт, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял аваад байгаа гурван иргэнтэй Олон улсын парламентын холбооны шинжээчид уулзах хүсэлт тавьсан. Хүний эрхийн байгууллагаас мөн уулзах хүсэлт тавьсан ч өнөөдрийг хүртэл уулзуулахгүй байсан. Түр хорооны хүсэлтийн дагуу уулзуулах болсон. Олон улсын парламентын холбооноос тавьж байсан хоёр хүсэлтийг биелүүлэх нөхцөл хангагдсан учраас Монгол Улсад ирж болно гэсэн албан бичгийг УИХ-ын даргаар дамжуулан явуулж байна” гэсэн юм.
Ингэснээр С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг нууцаас гаргаж байгаагаа түр хорооны дарга мэдэгдэв.
Г.Хантулга
Zaluu.com
URL: