Ерөнхийлөгчийг өмнөговьчууд хоёр өөр төрхтэй угтлаа
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн өглөө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнийг дагалдан яваа ажлын хэсгийнхэн Таван толгойн нисэх онгоцны буудалд газардлаа. Ийн Өмнөговь аймгийг зорьсон нь тус нутагт олборлолт явуулж буй уул уурхайн байгууллагуудын үйл ажиллагаа, ард иргэдийн аж амьдралтай танилцах гэснийх.
Тус аймгийн зүүн хэсэгт энэ өвөл өнтэй сайхан болж байгаа ажээ. Газрын өнгө бор шаргал, шуурч шороотой холилдсон халтар цас хаа нэг хяр толгодын араар үзэгдэнэ. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа гээд тоймлоод хэлчих зүйл нисэх онгоцны буудлын тэр хавьд таарсангүй. Зөөлөн бор шороо бургиж, тачир өвс замын хоёр талаар зулжээ. Өмнө нь яригдаж байсан тэр их тоос, зам даган цувсан 100 тоннын даацтай ачааны машин ч харагдсангүй. Харин онгоцны буудлаас Зүүн цанхийн зүүн урд байх олборлолтын дөрөвдүгээр ам руу дөхөх тусам газрын өнгө бараантаж нуруулдан асгасан нүүрсэн овоолго үзэгдэж эхэллээ. Хамгийн эхлээд “Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Энэ удаа Ерөнхийлөгчийг дагалдан явах хүмүүсийн эгнээнд УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Т.Бадамсүрэн, Ц.Дашдорж, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, Э.Зоригт Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс багтсан байв. Харин УИХ-ын гишүүн Ц.Дашдорж ЗТБХБ-ын сайдын суудалд томилогдохоор яригдаж буй бөгөөд Ерөнхийлөгчийн зөвлөгөөг даган энэ нутагт иржээ. “Таван толгой” ХК нь 1966 оноос хойш нүүрс олборлож буй бөгөөд нийт 200 орчим га талбайд олборлолт явуулдаг байна. Уг компанийн 51 хувийг орон нутаг, 49 хувийг 160 гаруй хувьцаа эзэмшигчид эзэмшдэг аж. Энэ компанийн түүхийг сөхвөл “Магтууштай зүйл их. Тухайлбал өнөөг хүртэл 22 сая тонн нүүрс борлуулснаас сүүлийн таван жилд 18.9 сая тонн болгож өсгөсөн. Өнгөрсөн жил төсөвт 161 тэрбум төгрөг төвлөрүүлсэн” гээд ярих зүйл ихтэй гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Т.Түмэнбаяр дурдаж байлаа. Харин Ерөнхийлөгчийг олборлолтын талбайд очиход хэн нэгэн ажил хийж таарсангүй. Ил уурхайн төвд ганц нэгхэн экскаватор нүүрс шанагадаж харагдана билээ. Ингэж явахад тус компанийн талаар сонсогдсон таагүй мэдээллүүдийн нэг нь хамгийн их хятад ажилчинтай, монголчуудыг хамгийн хямд цалинтай ажиллуулдаг гэх асуудал байв. Түүнчлэн хамгийн их хэрүүл маргаан гардаг гэх шүүмжлэлийг хүртэл хүртээд байгаа юм байх. Учир нь тухайн хэсгийн нүүрсний нөөц дуусч байгаа, дуусах болоогүй гэх маргааныг одоо болтол хэн нэг нь таслаагүй л байгаа юм байна. Мөн ордын зарим хэсгийг “Буян”-гийн Жаргалсайхан сайдын суудалд байхдаа авч өөр компанид шилжүүлсэн маргаан ч өнөөг хүртэл таслагдаагүй байна. Гэхдээ тэнд хятад хүн бүү хэл монгол ажилчин ч тун цөөхөн харагдсан. Эндээсээ Ерөнхийлөгч Таван толгойн ордыг түшиглэн боссон “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн үйл ажиллагааг сонирхов. Энэ компани байгуулагдаад хоёр жил орчим болж байгаа ч коксжих нүүрсний томоохон ордыг ашиглаж байгаа гэдгээрээ дэлхийд дээгүүрт бичигдэх болсон. Компанийнхаа үйл ажиллагааг Б.Энэбиш захирал танилцуулахдаа “Манай уурхайн хүчин чадал жилд 20 сая тонн нүүрс олборлоход хүрэлцэнэ. Энэ хүчин чадлаараа уг ордоос нүүрс олборлох юм бол 50-иас доошгүй жил ашиглах судалгааг ч гаргасан. Одоогийн байдлаар нийт 260 гаруй хүнийг ажлын байраар хангаад байгаа. Цаашид нүүрс баяжуулж, угаах үйлдвэр, ус татах систем, хатуу хучилттай авто зам, 1000 хүний хотхон зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн” гэдгийг ярилаа. Ингээд тухайн компанийн талаарх ерөнхий мэдээллийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонссон тул энэ бүтээн байгуулалт, уул уурхайн олборлолт өрнөх явцад анхаарах хэрэгтэй гэж зарим зөвлөмж, зааварчилгааг өгсөн юм. Тэрээр “Бидний анхаарах ёстой хамгийн чухал зүйл бол бүтээн байгуулалтыг явуулахдаа мэргэжлийн хүмүүс болоод нутгийн иргэдтэй маш сайн ярилцах хэрэгтэй. Хоёр талдаа хал балгүй, хор хохирол учруулалгүй хурдан шуурхай хийх ёстой юм. Түүнээс гадна төмөр замыг тавиад эхэлчих хугацаа өнгөрлөө. Гэтэл нэг километр ч зам тавигдаагүй байдаг. Ер нь төмөр зам барина гэдэг заан тугаллах шиг удаан байж болохгүй” хэмээн шүүмжлээд авав. Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энержи ресурс компанийн уул уурхайн олборлолт, бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Тус компанийн хувьд хамгийн их бүтээн байгуулалтын ажил өрнүүлээд байгаа гэнэ. Анх 2009 онд үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас хойш Уурхайн ажиллагсдын 660 хүний багтаамжтай “Галлерэй” кэмп, Уурхайн нэгдсэн оффис, Орон сууцны Цэций хороолол “Мөрөөдөл” цэцэрлэг, сургуулийн цогцолбор Таван толгой нисэх буудал гэх мэт зүйлсийг бий болгосон байна. Түүнчлэн Таван толгойгоос Гашуун сухайт хүртэл 250 километр зам тавиад байгаа гэнэ. Мөн тухайн үйлдвэрийн усны асуудлыг шийдэх үүднээс 56 мянган куб метрийн багтаамжтай усан санг барьж дүүргэжээ. Харин цаашид Ухаа худаг, Гашуун сухайтын хооронд төмөр зам тавих, байгаль орчныг нөхөн сэргээх зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа гэж танилцуулав.
ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИД САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА МЭТЭЭР ХАРАГДАХ ГЭЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООСОН УУ
Энэ өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Таван толгойн ордод олборлолт явуулж буй эдгээр компаниудын үйл ажиллагаатай танилцсаны дараа иргэдтэй уулзалт хийв. Ерөнхийлөгчтэй уулзахаар тус нутгийн иргэд олноор цуглажээ. Тус сумын соёлын төвийн танхим дүүрэн хүн цуглаж уул уурхайн компаниудын үйл ажиллагааны талаар нэлээд их зүйл ярилаа. Иргэдийг үг хэлж эхэлснээс хойш дээрх компаниудын танилцуулсан сайн сайхан бүхэн үгүйсгэгдэж эхэлсэн гэж хэлж болно. Тухайлбал Ерөнхийлөгчийг ирэх сургаар тухайн компаниуд олборлолт тээвэрлэлтийн ажлаа бүрэн зогсоосон гэнэ. Энэ нь төрийн тэргүүнд сайн сайхан үйл ажиллагаа явуулж буй мэтээр харагдах гэснийх гэж иргэд шүүмжилж эхэллээ. Түүнээс гадна уух усгүй болж байгаа, тоос шороонд дарагдаж, ард иргэдийн эрүүл орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэх мэт зүйлсийг ярьсан юм. Тэр бүү хэл аяга, шанагаа угаачихаад цаг хараад зогсоход 15 минут болоод л тоосонд дарагддаг гэцгээв. Тухайлбал Цогтцэций сумын иргэн Цэрэнбалжид “Манай нутагт алт мөнгө их л байна. Гэхдээ уух усгүй болсон. Хэдэн муу шавхуур худаг байсан ч одоо бүр дусал ус ундрахаа больж байна. Энэ хэвээрээ жаахан л удвал мал, малчин хоёр хатаж үхэх нь” хэмээн ширүүхэн хэлсэн нь бусад малчид, иргэдийн урмыг ихэд бадраав бололтой. Үг хэлэх иргэдийн эгнээг ихээхэн хэмжээгээр нэмэв. Түүний дараа Батбаяр, Хорлоо, Жаргал гээд хүмүүс ийн ярив. Тэдний дунд Буддорж хэмээх аравдугаар ангийн сурагч хүртэл байсан. Тэд “Ханбогд суманд байгаа Оюу толгойг ашиглах шударга бус гэрээг Ерөнхийлөгч та бүрэн эрхийнхээ хүрээнд цуцалж өгөөч. Яагаад гэвэл энэ уурхайн ажилтан нэрээр урд хөршийн томчууд хилээс дотогш 250-260 километр визгүй зорчиж байна. Уг нь хилээс дотогш гадны машинтай иргэн 10-аас илүүгүй километрт явах эрхтэй байдаг. Энэ заалт, журам ч бүр хэрэгжихээ болиод удсан бололтой. Тэгэхээр энэ эдийн засгийн луйвард өртөж байгаа Оюу толгойн олборлолтыг эрс эсэргүүцэж байна. Түүнээс гадна 2008 онд эрх баригч хоёр нам нийтдээ 2.5 сая төгрөг, 500 орчим хувьцаа амлаж байсан. Сүүлдээ энэ амлалтаа хэрэгжүүлэхгүй унжиж унжиж хэдхэн ширхэг хувьцаа л өгөхөөр болж байх шиг байна. Гэтэл УИХ-ын гишүүд өөрсдөдөө гурван тэрбум төгрөг хуваарилж байна. Ийм шударга бус хуваарилалт гэж байх уу. Ийм байж болох уу. Гэтэл өмнөговьчуудыг баян гэж ярьдаг. Яг үнэндээ манайхан хятад, тоосжилт хоёроор баяжиж байгаа. Хоосролтын хувьд ихээхэн зүйлээр хоосорч, хохирч байна. Ус, эрүүл мэнд хоёр бидэнд дахин ирэхгүйгээр холдож байна. Энэ бүхнийг уул уурхайн үйл ажиллагаа биднээс шууд булаалаа. Сүүлийн үед манай нутагт байгаль, экологийн доройтол ихээхэн хэмжээгээр явагдаж байна. Угийн хуурай, ширүүн уур амьсгалтай нутагт дэд бүтэц, бусад зүйлийг нь шийдэлгүйгээр уул уурхайн ажлыг эхлүүлэхээр ингэдэг юм байна. Манай сум энэ цагаас хойш удаан орших уу, эс орших уу гэдэг дээр тулаад байгаа шүү. Энэ уурхайнхан ийм болгож байгаа юм. Түүнчлэн 40-45 насны хүмүүсийг хөгширсөн гэх томъёоллоор ажилд авахгүй юм. Уг нь ид хийж бүтээдэг нас байлтай. Гэхдээ залуу хүмүүсийг ажилд авч байна аа. Ажилд авлаа гээд дарамт их, цалин бага. Тэгэхээр залуус маань ажлаасаа халагдахгүйн тулд дарамт бүрийг даван туулж, тэр жаахан цалинтай ажлыг хийсээр байна” гэсэн шүүмжлэлийг өрнүүллээ. Түүнчлэн Н.Пүрэв гэх 50 эргэм насны нэгэн эрхэм дуу өсгөгчийн ард ирж “Эрдэнэс таван толгой” компанийн захирал Б.Энэбиш, ЗТБХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг нэлээд улалзуулаад авав. Тэрээр өнгөрсөн жил би энэ хоёр хүнээс нэг нэг зүйлийг хүссэн юм. Б.Энэбишээс манай нутгийн залуусыг мэргэшүүлээд өгөөч гэж. Харин Ж.Бат-Эрдэнэ танай хот төлөвлөлтийг стандартын дагуу хийж, сайхан амьдралтай золгуулж өгнө гэж яриад л алга болцгоосон. Өнөөг хүртэл юу ч хийгдээгүй” хэмээсэн юм. Түүнчлэн энэ нутагт болохгүй зүйл ихээхэн байгаа гэнэ. Дор хаяж л сумынхаа удирдлагуудтай уулзаж чадахгүйд хүрчээ. Энэ байдлыг нутгийн иргэд илэрхийлэхдээ манай дарга нар нутагтаа хуралдаж чадахаа болиод Индонезид очиж тансаг буудалд хуралддаг болсон гэж байв. Учир нь тус сумын удирдлагууд саяхан Индонез руу удаан хугацаагаар аялаад ирсэн юм байх. Тэр ч бүү хэл “Манай Засаг дарга хаачив аа. Ерөнхийлөгчийг манай нутгийн иргэдтэй уулзаж байхад хаашаа алга болчихдог байна аа. Хамгийн түрүүнд гар барьж, индэр дээрээс үг хэлэх ёстой баймаар” хэмээн сураглах нь ч байв. Тус сумын Засаг дарга нь Ерөнхийлөгчийн энэ уулзалтад хүрэлцэн ирээгүй байсан нь тэр юм. Мөн “Таван толгой уул бол тахилга, шүтлэгэтэй. Энэ нутагт бороо хур буух нь энэ хайрханыг тахиж шүтсэнтэй холбоотой байдаг. Тиймээс энэ хайрханыг хамгаалалтад авч тахиж шүтэж баймаар байна. Эс тэгвээс ухаж төнхөх газрын зурагт орсон энэ уул удахгүй алга болно. Үүнийг л үлдээж өгөөч. Алтан сайхан уулсынхаа оронд арзайж сэрийсэн төмөр тахих гэж үү” гэсэн утга бүхий үгийг ард хувцас өмссөн лам эрхэм асууж байсан юм. Мөн Д.Зоригт сайдад хандан “Оюу толгойн гэрээг та асуудал бүхэн дээр цээжээрээ хамгаалж харагдах юм. Та тэндээс авлига авсан уу. Эсвэл хийсэн буруу зүйлдээ бантаад байна уу” гэдэг асуулт ч танхимд хуран цугласан иргэдийн дундаас индрийн зүг шидэгдэв. Энэ өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж хүсэлт тавихаар зэргэлдээх сум Баян-Овоогоос ч төлөөлөгчид иржээ. Тэднийг төлөөлж малчин Г.Жаргал ярихдаа “Манай нутагт Кокс химийн үйлдвэр гэж байдаг. Тэр үйлдвэрийг 2010 онд бүрэн зогсоосон. Гэтэл одоо ч ажилласаар л байх юм. Өдөр нэг, шөнө хоёр яндангаар ажиллаж байна. Энэ үйлдвэрээс гарсан хорт утаа, уур ойролцоогоор 40 километрт цацагддаг. Үйлдвэр нь “Ажнай” корпорацийнх юм билээ. Мөн нүүрс угаасан муу усаа хашаа давуулан асгадаг нь нутгийн хөрсийг ихээр бохирдуулж байна. Манай нутгийн мал, хүн, ан амьтан, өвс ургамлын тоо сүүлийн 20 жилийн дотор ихээхэн цөөрлөө. Энэ нь уул уурхайгаас шууд хамааралтай. Түүнээс гадна манай тэндхийн түйрэн, шороо гэж тамтагаа алдаад байна. Энэ уурхайнхан, алт эрдэнэс авахаа мэдэхээс бусдыг мэддэггүй. Ийм, тийм хөрөнгө олох тооцоо судалгаагаа бүрэн хийсэн байж хэдхэн төгрөгөөр зам тавихад яадаг байна аа. Саяхан “Энержи ресурс”-ын тавьсан зам гэж бий. Түүнд нүхэн гарц, энэ тэр гэж юу ч байдаггүй. Энэ бүх зүйлийг эсэргүүцэж манайхан энэ сарын 16-нд зам хаасан юм. Гэтэл цагдаа нар ирээд хүчээр тараачихаж байгаа юм даа” хэмээн шүүмжлээд авлаа. Ер нь иргэдийн ярих яриа, уул уурхайд хандах хандлага нэг ийм байлаа. Уул уурхайн компаниуд өөрсдөдөө авахыг мэдэхээс тухайн нутгийн хүн, мал, байгалийг хэрхэн шүтэж, харилцан уялдаатай ажиллахыг мэддэггүй гэж л иргэд шүүмжилж байсан юм. Гэхдээ энэ уурхайн үйл ажиллагааг зогсоо гэж иргэдийн зүгээс хэн ч хэлсэнгүй. Зөвхөн аюулгүй цэвэр орчинг бий болгож ажлаа хий гэдэг шаардлагыг л тавьж байсан юм. Иргэдийн үгийг сонссоны дараа Ерөнхийлөгчийн ажлын багт багтсан салбар бүрийн төлөөлөгчид дээр дурдсан асуултуудад цөөн үгээр хариулт өгч та бүхний энэ асуудлуудыг бүрэн шийдэж өгөх болно гэдэг ам өчгөө өгцгөөсөн. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийн ярьсан юм. “Цогтцэций сумынхан цаашид яаж хөгжих вэ. Ямар байдлаар ажиллахав. Хаашаа тэлж, газар авахаар бол хаана авах вэ гэх зэрэг хөгжлийн төлөвлөгөөг гарган түүний дагуу зохицуулж өгөх шаардлага тулгараад байгаа юм байна. Үүнийг урсгалаар нь явуулж болохгүйд хүрч байна. Ер нь Ерөнхийлөгчөөр намайг сонгогдож гарч ирэх үед хамгийн их яригддаг байсан зүйл бол ашигт малтмалын лицензийг олгох асуудал байсан. Тиймээс эрс шийдэмгий алхам хийж энэ ажлыг таслан зогсоох үүднээс дахин хайгуулын лиценз олгохгүй байхаар шийдсэн. Энэ ажил энэ оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилж дахин хэн нэгэн хайгуулын лиценз авахгүй байх болно. Хугацааг дуусахаас өмнө Ашигт малтмалын тухай хууль гарчихна. Хайгуулын лиценз олгохгүй байх шийдвэр гарах үед манай нутгийн 40 гаруй хувь нь лицензийн дор ороод байсан. Харин одоо энэ тоо гурав дахин буурсан. Тэгэхээр бид өнгөрсөн зүйлээ тэр тийм, ийм байсан гэж яриад яахав. Одоо гарах хууль цаазан дээрээ сайн ажиллаж, саар зүйлийг дахин давтахгүй байх хэрэгтэй байна. Тэгээд бас нэг зүйлийг шийдэх хэрэгтэй болжээ. Энэ нь ямар нэг ажлыг хийхдээ хамгийн түрүүнд орон нутгийн иргэдийн саналыг авах ажил. Түүнээс гадна манайхан ашигт малтмалын лиценз олгохдоо зөвхөн ганц агентлаг дээр ярьдаг дутагдал байна. Тэгэхээр энэ асуудлыг анхан шатны байгууллага буюу иргэдтэйгээ зөвшилцөж байж шийддэг болъё гэж байгаа. Хэрвээ орон нутгийн иргэд үгүй гэвэл тэнд ямар ч ажил хийгдэхгүй. Харин хайгуул хийгдэж ашиглахаар болбол яаж ашиглах, дэд бүтэц нь ямар байх вэ, нутгийн иргэдэд хэр хор хохирол учруулж, хэр ашигтай байх нь вэ гэдгийг бүхий л шатанд нь дүрэм журмаар шийддэг болъё. Энэ төлөвлөгөө гарвал ажлыг зохион байгуулах эрхийг орон нутагт өгье гэдгийг бас шийдэх хэрэгтэй байна. Уурхай хүрз тавьсанаасаа хойш сүүлчийн нөхөн сэргээлт хийх хүртэл орон нутгийн хатуу хяналтыг давхар тавьдаг байх ёстой. Түүнчлэн энэ уурхайнууд орон нутгийг эмнэлэг, цэцэрлэг, сургуулиар хангах ёстой гэж би үзэж байгаа. Мөн уул уурхай дээр ажиллаж байгаа хүмүүс цэрэгт татагдсан юм шиг байж болохгүй. Майхан, гэрт хонодог. Долоо хоног ажиллаж, долоо хоног ажилгүй байж болохгүй. Энэ шаардлагыг Оюу толгой ч тэр, Таван толгой ч тэр, гадны болон дотоодын компаниудад бүгдэд нь тавина. Үүний хойноос нэхэл хатуутай явах болно. Ингэхэд орон нутгийн удирдлагууд сайн ажиллах хэрэгтэй. Тоос шороо, осол аваар, усны асуудалтай холбогдсон ийм асуудал байгаа гэдгийг ойлгож байна. Тэгэхээр орон нутгийн төсвийн төвлөрүүлэлтийн тодорхой хувийг орон нутагт нь үлдээж байх нь зүйтэй юм. Манай Сангийн яам нэг талаараа орон нутагт юм өгч байгаа шиг харагдаж байгаа ч нөгөө гараараа буцаагаад авчихдаг. Энэ байдлыг зогсоох ёстой. Үүнийг шинэ ашигт малтмалын хууль, бусад хуулиар өөрчилж өгнө гэдгийг хэлье. Мөн малчдын хувьд малчгүй, малчинчгүй болох нь гэдэг асуудал яригдаж байна. Энэ асуудал зөвхөн Өмнөговь аймагт яригдаагүй. Миний очсон газар бүхэнд хэлэгдэж байна. Тэхээр малчин удам энэ үеэр дуусч болохгүй. Энэ мал гэдэг зүйл биднийг үеийн үед тэжээж ирсэн. Харин уул уурхай нэгэн цагт дуусна. Малчин ард тэр үед байхгүй болчихсон байх ёсгүй” гэдгийг хэлснээр уулзалт өндөрлөв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүний дараа Оюу толгойн үйл ажиллагаатай танилцаж, нутгийн иргэдтэй уулзахаар Ханбогд сумыг зорьсон юм.
Үргэлжлэл бий.
Л.МӨНХТӨР
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: