”МИАТ” дампуурвал агаарын замын хяналт Хятадуудын мэдэлд шилжинэ

« Mongolian airlines» групп «МИАТ» ХК-ийг дампууруулах зорилготой байгуулагдсан гэдэг нь тодорхой болсоор байна. Хамгийн гол нь «Mongolian airlines» групп энэхүү зорилгоо биелүүлж, «МИАТ» ХК-ийг дампууруулж чадвал Монгол Улсын агаарын замын хяналт хятадуудын мэдэлд шилжинэ гэсэн үг. У чир нь «Mongolian airlines» группийн үүсгэн байгуулагчид Сингапурын хятад найз Биллитэйгээ хамтран хямд үнээр агаарын орон зайг эзэгнэхээр шийдээд байгаа аж. Хэрэв «МИАТ» ХК дампуурвал «Mongolian airlines» группт худалдагдах нь тодорхой. Ингэснээр Монгол Улсын иргэний нисэхийн хяналт, агаарын замын хяналт хятадуудын гарт орох нь дамжиггүй.

«Mongolian airlines» группийг үүсгэн байгуулагчдын хувьд төрийн өмчит «МИАТ» ХК-г хувьчилж авах гээд чадаагүй тул шинэ компани байгуулж, зах зээлийг нь булаахаар шийдсэн. Үүнийхээ бэлтгэл ажил болгож «МИАТ» гэдэг нэрнийх нь орчуулгыг хулгайлж авчихаад байгаа талаар бид мэдээлсэн билээ. «Mongolian airlines» гэх энэхүү нэрийг «Изинис эйрвэйз» компанийн ерөнхий захирал С.Мөнхсүх эзэмшдэг байж. Харин шинэ компанийн хөрөнгө оруулагчид «Mongolian airlines» гэдэг нэрийг С.Мөнхсүхээс 400 мянган ам.доллараар худалдаж авсан сурагтай.

Хэдийгээр «Mongolian airlines» группийг УИХ-ын гишүүн Л.Болдын «Бодь» группийн хөрөнгө оруулалттай гэдэг ч цаана нь УИХ-ын гишүүн Х.Баттулга, Сингапурын хятад иргэн Билли, «МАК» компанийн захирал Б.Нямтайшир зэрэг хөрөнгө оруулагчид байгаа нь нэгэнт тодорхой болсон.

Х.Баттулгын хувьд олон жил Сингапурчуудтай нөхөрлөж ирсэн. «Женко» группийн тоо тоймгүй олон компанид сингапур найзууд нь хөрөнгө оруулсан ч гэлцдэг. Бүр Х.Баттулгатай олон жил нөхөрлөсөн Биллиг «Женко» группээс хувь эзэмшдэг ч гэх нь бий. Тэгвэл асар их хөрөнгө мөнгө шаардагдах нислэгийн компани байгуулахад Х.Баттулгын Сингапур нөхдийнх нь хувь орсон гэх мессэж хүчтэй нисэх боллоо. Энэ байж болох л хувилбар.

Ямартай ч «МИАТ» ХК дампуурвал манай улсын иргэний нисэхийн үйл ажиллагаа, агаарын замын хяналт тэр чигтээ хятадуудын гарт орох нөхцөл бүрдэнэ. Иймд төрийн өмчит «МИАТ» ХК дампуурвал хэн хариуцлагыг нь хүлээх бол. ҮАБЗ энэ асуудлыг мэдэж байгаа болов уу.

Б.Даваахүү
Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих