“Хонгор” Хаянаа сайдад зүтгэсэн нь xордсон хонгорынхонд завшаан боллоо

Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэн Ц.Мөнхбаттай ярилцлаа. Одоогоос таван жилийн өмнө тэднийх 300 шахам гахайтай, газар тариалан эрхэлдэг, Хонгор сумын төвд дэлгүүр ажиллуулдаг байсан. Харин суманд нь цианит натри, мөнгөн ус тархсанаас хойш тэдний бүх гахай үхэж, өөрсдөө өдийг хүртэл эмнэлэг дамжиж яваа юм. Гахайгаа алж, муудсан дотрыг нь харуулж байсантай нь харьцуулахад тэрбээр нэлээд туржээ.

-Таны бие гайгүй юу. Хонгор сумаас нүүчихсэн үү?

-Эмчилгээ хийлгээд л байж байна. Гэр бүлээрээ өвчтөн болцгоосон доо. “Сонгодо” эмнэлэгт 2009 онд шинжилгээ хийлгэхэд цусанд нь идээ орсон гэж оношилсон. Түүнээс хойш мэс засалд ч орлоо. Их ч юм үзлээ. Бидэнд тариалангийн газар, трактор, гахайн аж ахуйн гээд бүх л зүйл байлаа. Харин одоо өвчнөөс өөр зүйл алга. Эмнэлэгт ойрыг нь бодоод хотод хөлсний байранд амьдарцгааж байна. Гурван хүүхэд маань ч амралтаараа эмчилгээ хийлгэж байгаа. Найз нөхөд, ах дүү нарын буянаар л болцгоож байна даа.

-300 шахам гахай чинь бүгд үхчихсэн үү?

-Үхсэн. Хонгорт хор тарснаас хойш л хэд хэдээрээ үхээд эхэлсэн шүү дээ. Гэдсийг нь задлаад үзэхээр цэврүүтээд үмхийрчихсэн байдаг. Тэр үед би гахайныхаа тэр муудсан дотор гэдсийг сэтгүүлчид, мэргэжлийн хүмүүст гараараа бариад үзүүлээд байсан минь намайг хүнд өвчлүүлсэн юм билээ. Гахайнууд үхэж байх үед сумын малын эмч хүртэл “Мөнхбат аа, чи гахайгаа үхэж дуусахаас нь өмнө хиамны цехэд махыг нь зарчих” гэж ятгаж байсан. Надад тэгж монголчуудыг алах зориг байхгүй. Тухайн үед хордсон малнуудыг устгах гээд бүртгэж яваад эргээд ирэхэд махны ченжүүдэд зарчихсан байдаг байсан. Тиймэрхүү муухай явдал Хонгорт болж байсныг гэрчлэх олон хүн байгаа. Миний сүүлчийн гахайг мал эмнэлгийнхэн турж үхсэн байна гэж баахан шоу хийсэн дээ. Дараа нь эмч нь “Хонгор үнэхээр хүнд болчихсон байна лээ. Гэхдээ бид чинь төрийн мэдлийнх болохоор хий гэснийг нь хийнэ шүү дээ” гэж уучлал гуйж ч байсан. Одоо ч гахайны минь байр сав, хоол нь Хонгорт байж байгаа.

-Манай сэтгүүлч танай суманд томилолтоор ажиллаад ирлээ. Иргэдийн биеэр туурдаг тууралт хэвээр байгааг мэдээлсэн. Та сумынхантайгаа холбоотой байна уу?

-Ах дүү минь тэнд байгаа шүү дээ. Хордсон, өвдөж зовсон хүмүүс ч яах вэ гээд байнга ярьдаг. Цианиттай шороогоор сургууль зассан тухай тэр үед ярьж байсан даа. Тэр сургуульд ажилладаг хоёр багш хорт хавдартай болсон гээд өнөөдөр ярьж байна. Ерөөсөө л сумын төвийн цэвэр усанд холбогдоогүй, замын урд талын хэсэгт амьдардаг хүмүүс хорт хавдар тусдаг, яр шархандаа баригддаг юм шүү дээ. Түүнээс Хонгор сум бүхэлдээ хордчихсон юм биш.

-Долоо хоногт 2-3 хүн хорт хавдраар нас барж байна гэсэн мэдээлэл Ерөнхийлөгчид ирсэн гэсэн.  Манай сэтгүүлчид ч хонгорынхон ингэж ярьсан. Үнэн үү?

-Арванхоёрдугаар сарын дунд үед долоо хоногт гурван хүн нас барсан. Хоёр нь түрүү булчирхайн хорт хавдраар, нөгөө нь бас л хорт хавдраар бурхан болсон юм. Ер нь Хонгорын төвд хүн нас барсан л бол хорт хавдраас болсон байдаг. Үүнийг хэвийн зүйл гэж хэлэхэд хэцүү.

-Таны мэдэж байгаагаар 2007 оноос хойш Хонгор суманд хэд орчим хүн нас барсан бэ?

-Дал гараад явчихсан. Хорь гаруй настай залуучууд л гэхэд хорт хавдраар өвдсөн. Шаравхай гуайн охин л гэхэд жирэмсэн байхдаа аавыгаа сахиж байсан. Гэтэл гэдсэнд байсан охин нь одоо хоёр настай. Бас л цусны хорт хавдартай. Ийм л байна даа. Миний сонсоогүй хэдэн хүн нас барсныг мэдэхгүй юм. 2008 оны арванхоёрдугаар сарын 18 гэхэд 60 эмэгтэй үр зулбачихсан, 18 хүн нас барчихсан тоо байдаг. Гэтэл Эрүүл мэндийн яам яг тэр үед арван хүн нас баржээ гээд мэдээлж байсан. Ер нь тийм хортой нөхцөлд нас барж байгаа хүмүүсийг задлан шинжилгээнд оруулдаггүй. Дотор эрхтэн нь ямар байсныг Эрүүл мэндийн яам мэдэх ёстой биз дээ. Хонгорын иргэн олгой нь өвдөөд авахуулахад л доторхи нь өмхийрчихсөн байдаг. Мэргэжлийн хүн хэлдэг шүү дээ. Одоо хордсон хүмүүст ямар ч шинжилгээ хийгээд химийн бодис илрэхгүй. Бие эрхтнийг нь бүхэлд нь өвчлүүлчихсэн байгаа гэж. Пүрэвсүрэн докторын хэлж байгаагаар цианит натри, мөнгөн усаар зэрэг хордсон анхны тохиолдол хонгорынхон юм билээ. 2010 онд нэг хүн цус харваад нас барсан. Талийгаачийг нутаглуулчихаад гэртээ орж ирээд эхнэр нь мөн л нас барсан. Гэр бүлээрээ амиа алдсан хүмүүс олон байгаа. Тэр үед бид Д.Хаянхярваа гишүүнд “За бид хэл ам хийхээ больё. Харин та Хонгорт амьдрахад биеэр юм туурахгүй, хорт хавдраар нас барахгүй гэсэн баталгаа л гаргаад өгчих” гэж гуйж байсан. Д.Хаянхярваа гишүүн баталгаа ч гаргаж өгөөгүй. Хонгорыг зүгээр л хаячихсан. Тэгээд ч түүнийг “Хонгор” Хаянаа гэмээр. Ер нь “Хонгор” Хаянаа Сангийн сайдын суудалд зүтгэсэн нь хордсон хонгорынхонд завшаан боллоо. Тэгээгүй бол Хонгор хаягдсан хэвээр, хэн ч дурсахгүй байсаар байх байлаа.

-Иргэд нь хорт хавдар туссан ч хайхрахгүй хэвээр байсан гэж үү?

-Тийм л байгаа шүү дээ. Хордлогын нэртэй эмч Юндэн “Эхчүүд нь зулбана. Дараа нь иргэд нь хорт хавдар тусна. Гажигтай хүүхэд гарна” гэсэн. Яг л хэлснээр нь болж байна. Тэгсэн атлаа эрх баригчид, бидний сонгосон түшээд Хонгорыг мартахыг, мартуулахыг хүссэн шүү дээ. Харин бидэнд одоо завшаан тохиолдлоо. Ерөнхийлөгч сайд болох гээд ороод ирсэн Хаянаад биднийг санууллаа. Түүнээс бид мянга хэлээд, яриад нэмэргүй шүү дээ. МҮОНРТ л гэхэд дандаа Хаянаагийн хүмүүс, МАН-ынхныг яриулдаг.

-Өнгөрсөн хугацаанд тойргоосоо сонгогдсон гишүүдэд хандаж байв уу?

-Би хувьдаа гишүүдэд ханддаггүй. Хаянаа биднийг ийм болгоод хаясан биз дээ. Тоох ч үгүй. Уг нь би эрхэм гишүүдээс гуйхааргүй амьдралтай байсан. Газар тариалантай бол тариалантай, мал аж ахуйтай бол ахуйтай, эрүүл жаргалтай амьдарч байсан. Өнөөдөр би гуйлгачин, Хаянаа тэрбумтан болчихоод байж байна. Тийм байхад юуг нь гуйх юм бэ.

-Танай сумын зарим хүмүүсийг улс төржиж байна гэж байгаа.

-Хаянаа өөрөө улс төржиж байгаа. Би улс төрийг мэдэх ч үгүй. Харин амьдралаараа хохирсон. Амьдралаа үгүй хийлгэчихээд би ярихгүй гээд яах юм бэ. Хонгорынхон ядарсан хүмүүс. Хувьчлалыг нь хурган дарга нар хийгээд авчихсан. Иргэд нь дандаа хүний царай хардаг. Хордсон, өвдөж зовж байгаагаа хэлээч гэхээр “ажилгүй болчихно, айж байна” гэдэг. Өнгөрсөн пүрэв гаригт л гэхэд Хаянаа урьд шөнө нь үүрэг өгч байгаад иргэд рүүгээ дайруулсан байна лээ.

-Уг нь Д.Хаянхярваа гишүүнийг өөрөө очиж иргэдтэй уулз гэсэн үүргийг Ерөнхийлөгч өгсөн. Яагаад очоогүй юм бол?

-Ойлгомжтой бодлого шүү дээ. Засаг дарга Ч.Чүлтэмбат, Дархан-Уул аймгийн Засаг дарга Эрдэнэбат хоёр руугаа утасдаж “Та нар наад хэдхэн хүнээ бариад байж чадахгүй байна уу” гэж загнасан байгаа. Тэгэнгүүт нөгөөдүүл нь хөдөлж байгаа царай нь тэр. Зовсон хүмүүсийг бариад идэх дөхсөн шүү дээ.

-Манай сонинд ярилцлага өгсөн Ш.Саранцэцэг гуайг гэр бүлээр нь дарамтлаад, сумаасаа хөөнө, шүүхэд өгнө гэсэн юм биш үү?

-Тэгж дарамталдаг. Харин би тэр дарамтаас нь айхгүй.

-Танай сумын ямар хүмүүс нь хордоогүй гээд байгаа юм бэ?

-МАН-ынхан. Ш.Саранцэцэгийн дансыг шалгуулна гэсэн гэнэ лээ. Ингэж хэлж байгаа хүмүүс өөрсдөө яагаад хордоогүй гэж ярьж байгаа нь тодорхой байгаа биз. Тамгын газрын дарга Лхагвасүрэн хордсон иргэдийг хөөгөөд явуулна, шүүхэд өгнө гэсэн гэнэ лээ. Дандаа Хаянаагийн нөмөрт байдаг нөхдүүд шүү дээ. Аймгийнхан  тэднийг андахгүй л дээ.

-Хордсон гэж ярьж байгаа хүмүүс сумынхаа нэр хүндийг гутааж байгаа гэх юм.

-Гутаагаагүй. Харин хордож ядарсан хүмүүсээ хамгаалж байгаа. МАН-ынхан ядарсан хэдэн ардаа яаж дарамталдаг гээч. Хаянаагийн өгдөг хоёр шуудай нүүрсийг хүртэл өгөхгүй гэж дарамталдаг. Хаянаагийн хүмүүс хонгорынхныг шүүж суудаг шүү дээ.

-Ардын намынхан хордоогүй юм болов уу?

-Хордолгүй яах юм бэ. Эмнэлгийн эмч Цэцэгээ хүртэл цээжин дээр нь хордлого гарчихсан байхад хордоогүй гээд сууж байсан. Яагаад эрүүл мэндээ боддоггүйг нь ойлгохгүй юм. МАН-ынхан зээл олгоно, тусална гэдэг байх. Хордсоноо ярьдаг хүмүүсийг ч ингэж ятгаж байсан. Өнгөрсөн жил манай сумын иргэн Б.Оюунаа “Одоо ойлгож байна. Үгээ хэлцгээе” гэж байсан. Гэтэл хэдэн га газрыг нь МАН-ын Ч.Чүлтэмбат булаагаад авчихсан байж. Иймэрхүү юм Хонгорт их бий. Тэнд Хаянаагийн бөгс долоогчид дүүрэн байна шүү дээ. Надад хүртэл хангалттай мөнгө амлаад, дуугүй болчих гэж байсан. Би ах дүүгээ худалдах хүн биш учраас зөвшөөрөөгүй.

-Тухайн үед биднийг очиход тугал үсгүй төрж байсан. Одоо яаж байна вэ?

-Тэр нь гайгүй. Ерөнхийдөө хор нь гайгүй болсон байх. Харин нэгэнт хордсон хүмүүсээ л эмчилмээр байна. Биднийг ингэж ярихаар нутгийн нэр гутаалаа. Будаа тариа, ногоо зарагдахаа болилоо гэдэг. Тийм биш. Хонгорын төвийн хэдхэн метр.кв талбайд асуудал байгаа шүү дээ.

-Тэгвэл та нар юу хүсч байна вэ?

-Эрүүл мэндийн яам хордсон иргэдээ эмчилж чадахгүй. Японы эмч нар бидэнд тусалъя гэхэд Засгийн газар “Хонгор хордоогүй” гээд зөвшөөрөөгүй гэсэн. Тэгтэл тусалъя, эмчилье гэж байгаа гадаадын эмч нарыг авчраад, эсвэл хүргэж өгөөд эмчлүүлээд өгөөч. Зун бороо орсны дараа Хонгорт иргэдийн нүд нь улайчихсан, даралт ихэссэн аймаар хүмүүс байдаг.

-Та гэхэд өнгөрсөн хугацаанд хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэв ээ?

-”Сонгодо” эмнэлэгт мэс засалд ороход л зургаан сая төгрөг болсон. Түүнээс хойш эмчилгээнд лав л 20 орчим сая төгрөг орсон. Уушги, бөөр, гэдэс идээ болчихсон, амьдаараа өмхийрчихсөн байлаа. Одоо бол гайгүй болж байна. Надад илэрч байсан шинж тэмдгүүд одоо хонгорынхонд илэрч байна гэсэн.

-2008 онд арав гаруй хүнийг авчирч гуравдугаар эмнэлэгт эмчилж байсан байх аа.

-Хэд хоног хэвтүүлээд хөөгөөд гаргачихсан шүү дээ. Нэгэнд нь бүр туршилт хийчихсэн. Чойжил гэдэг хүнийг авчраад элгийг нь боочихсоноо өөрт нь хэлээгүй. Хожим болохоо болихоор хувийн эмнэлэгт үзүүлэхэд элэг боосныг нь хэлсэн байдаг шүү дээ. Намайг ч эмнэлэгт хэвтүүлье гэж байсан. Гэхдээ би улсын эмнэлгийн туршилт болохыг хүсээгүй. Тиймдээ ч өнөөг хүртэл амьд явна.

-Тэр үед нуруун дээрээ эвэрхийтэй хүүхэд төрж байсан.

-Зургаан сартайдаа өнгөрсөн, хөөрхий. Төрснөөсөө хойш дөрөвхөн зуун грамм жин нэмсэн гэсэн. Одоо бол хонгорынхон эмнэлэгтээ ч олигтой эмчилгээ хийлгэж чаддаггүй. Эм тариа байхгүй л гэдэг. Тэр үед Хонгорыг нүүлгэх асуудал яригдаж байсан ч сонгуулийн дуулианд намжчихсан хэрэг. Саяхан Хонгорт нэг айл нүүж очоод буузны чех ажиллуулахаар зөвшөөрөл хүссэн юм билээ. Тэгтэл мэргэжлийн хяналтынхан “Хонгорын төвд хүнсний үйлдвэрлэл явуулах боломжгүй” гээд өгөөгүй. Энэ юу гэсэн үг гэдгийг тайлбарлаад өгөөч.

-Д.Хаянхярваа гишүүн тэгээд танай сумынхантай уулзаагүй юу?

-Баасан гаригт очсон гэнэ ээ. Тэгээд “улс төржилгүй, тайван байгаач” гэсэн гэнэ. Бид ерөөсөө улс төржөөгүй. Харин эрүүл болгоод өгөөч л гэж хүсч байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих