Г.Лхамаа: Нэгдүгээр эмнэлэг хүлээж авалгүй буцааснаас болж дүү минь таксинд бурхан болчихлоо
Энэ сарын 8-ны өдөр хөдөө орон нутгаас ирсэн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан талаар нэгэн иргэн өөрийн твиттерт бичжээ. Тодруулбал, Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхээр очсон боловч эмнэлгийн зүгээс эмч бичиж өгөөд гуравдугаар эмнэлэгт үзүүл хэмээн явуулсан байна. Харин өнөөх иргэн гуравдугаар эмнэлэг явах замдаа таксинд нас барсан аж.
Хөдөө орон нутгийн иргэд Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт үзүүлэх харьяалалтай байтал ийнхүү өөр эмнэлэгт очиж үзүүл хэмээн буцааж, тэр бүү хэл эмнэлгийн машинаар эмчийн хяналтанд хүргүүлэх хүсэлтэй байгаагаа хэлэхэд татгалзсан эмч, эрүүл мэндийн байгууллагад гомдолтой байгаагаа талийгаачийн ар гэрийнхэн илэрхийлсэн юм. Ингээд болсон явдлын талаар талийгаачийн хүргэн ах Г.Лхамаагаас тодрууллаа.
-Юуны өмнө танай гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье. Тухайн өдөр юу болсон юм бэ?
-Өөд болсон дүү минь Баянхонгор аймгийн Баянцагаан сумаас ирсэн. Бие нь өвдөөд байсан учир Нэгдүгээр эмнэлгийн хажууд байдаг өнгөт эход зүрхийг нь харуултал “Энэ хүн чинь хүнд байна шүү. Яаралтай хяналтад орох юм байна. Гуравдугаар эмнэлэг явалтгүй. Нэгдүгээр эмнэлэг харьяа нь юм чинь энэ эмнэлэгт бичиг хийж өгье” гээд бичиг хийж өгсөн.
Тэгээд арайхийж алхаж очоод түргэн тусламжийн эмчид үзүүлэхэд хэсэг наашаа, цаашаа гүйлдээд л даралтыг нь хэмжиж үзсэн ч тийм, ийм даралттай байна ч гэж хэлсэнгүй. Хэсэг хугацааны дараа “Энэ хүн чинь Гуравдугаар эмнэлэг явах юм байна” гэсэн. Тэгэхээр нь “Яагаад тийшээ явна гэж. Энэ чинь харьяаллаараа үзүүлэх ёстой эмнэлэг нь биз дээ. Гуравдугаар эмнэлэгт харьяалалгүй юм чинь авахгүй шүү дээ” гэхэд авна гээд явуулсан.
-Тэгээд Нэгдүгээр эмнэлгийнхэн анхан шатны тусламж үзүүлээгүй юм уу?
-Эм бичиж өгсөн. Тэгээд Гуравдугаар эмнэлэг яв гэсэн тул бид “Та нар түргэний машинаараа хүргээд өгөөч. Бид эмчтэй явсан нь дээр байх. Тэгэхгүй бол айж байна” гэдгээ хэлсэн. Гэтэл “Зүгээр. Зүгээр. Энэ эмийг уугаад яв” гээд хоёр янзын эм бичиж өгсөн. “Ядаж тайвшруулах тариа хийхгүй юу” гэхэд “Энэ эмийг уугаад явахад санаа зоволтгүй” гэсэн. Тэгээд эмнэлгээс унаа гаргаж өгөхгүй гэсэн учир такси бариад Гуравдугаар эмнэлэг явсан. Эмнэлгээс дөнгөж хөдлөөд Их дэлгүүрийн орчим явж байхад дүү маань хүүхдээ налаад хэвтээд тэр чигтээ өнгөрчихлөө.
-Үнэхээр харамсалтай явдал болжээ?
-Харин тийм. Талийгаач маань эмчилгээ авч чадсангүй. Эмчийн нэрийг цохон хэлээд яахав. Гэхдээ тэр эмч арга хэмжээ авсан бол өнөөдөр дүү маань амьд байх байсан ч юм билүү. Тусламж авч чадалгүй эмнэлгээс эмнэлгийн хооронд замдаа бурхан боллоо доо.
-Эмчийн бичиж өгсөн эмийг уусан юм уу?
-Уусан. 10 минутын зайтай уу гэж бичиж өгсөн юм. Нэгийг нь уугаад нөгөөг нь ууж амжилгүй бурхан болсон доо хөөрхий. Талийгаачийг хүүхэд болон эгчтэй нь хамт таксинд суулгаад би өөрөө араас нь явж байсан юм. Тэр уусан эм нь нөлөөлсөн үү. Эсвэл бүр түргэнд нь оруулчихав уу мэдэх юм алга. Талийгаачийг өнгөрсөн талаар сонсоод хүүхдүүд болон эхнэр нь нутгаасаа хүрч ирсэн байгаа. Манай эхнэрийн дүү байсан юм. Ар гэрийнхнийх нь зүгээс тэндээ шаардлагатай арга хэмжээг нь авалгүй өөр эмнэлэг рүү явуулсанд маш гомдолтой байгаа. Хэрэв тэгээгүй бол дүү минь өнөөдөр амьд байж болох байсан шүү дээ. Тийм хариуцлагагүй эмчид цаашдаа хэн амь насаа тайван даатгах юм бэ. Бид хаанаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах вэ гэдэгт итгэх аргагүй боллоо.
-Талийгаач бие нь өвдөөд эмчлүүлэх гэж хотод ирсэн юм уу?
-Дүү минь дөнгөж 50 нас гарч яваа 4 хүүхэдтэй. Гурван оюутан хүүхэдтэй байсан. Талийгаач минь тэднийгээ эргэж тойрох гэж хотод ирсэн байсан юм. Тэгээд бие нь өвдөөд хотод орж ирснийх биеэ үзүүлчихээд буцах гэж байсан юм. Үнэхээр гомдолтой байна.
Энэ талаар Нэгдүгээр эмнэлгээс тодруулах гэсэн боловч амралтын өдөр таарсан тул мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Тун удахгүй тодруулаад эргэн мэдээлэх болно.
URL: