RIO TINTO: Төмрийн хүдрийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх эсэхээ оны эцэст шийдвэрлэнэ
Пүрэв гарагт “Rio Tinto” компанийн жил тутмын уулзалт боллоо. “Rio Tinto” групп “Төмрийн хүдрийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх эсэхээ энэ оны эцэст шийднэ” гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак онцолсон байна.
“Rio Tinto” компани экспортоо нэмэгдүүлбэл нэг тонн төмрийн хүдрийн ханш 10 ам.доллароор нэмэгдэх тутамд бэлэн мөнгөний урсгал нь хоёр тэрбум ам.доллароор нэмэгдэх боломж байгаа юм байна. Бразилд “Vale” компанийн ослын дараа төмрийн хүдрийн ханш тонн тутамдаа 20 ам.доллароор өсөөд байгаа юм. “Vale”-тай холбоотой олон зүйл тодорхойгүй хэвээр байгаа гэдгийг Жан-Себастьян Жак мөн онцолсон байна.
Төмрийн хүдрийн экспортоор хоёрдугаарт ордог “Rio Tinto”-ийн хувьд 2019 оны олборлолтын төлөвөө 338-350 сая тонн болгон бууруулсан юм. Хэдий тийм боловч зарим хуучин уурхайнуудаа орлох шинэ төслүүдэд хөрөнгө оруулалт хийсээр байна. Түүнчлэн “Таваарын гол зах зээл болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаа ч цаашид эрэлт өндөр хэвээр байна” гэж “Rio Tinto” таамаглаж байгаа аж.
АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээрийн тухайд “Ямар нэгэн байдлаар тодорхой хэлцлүүд хийгдэнэ” гэдэгт итгэлтэй байгаагаа “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал хэлжээ. “Bloomberg”-ийн судалгаагаар “Rio Tinto” групп орлогынхоо 45 хувийг БНХАУ, 16 хувийг АНУ-ын зах зээлээс олдог байна.
Уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахины өмнө тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд уул уурхайн компаниуд нүүрс хүчлийн хийн ялгаруулалтаа багасгах алхмуудыг эхнээсээ хийж эхлээд байгаа юм. Хэдий тийм боловч “Хүлэмжийн хийн ялгаруулалт багатай эдийн засаг руу шилжихэд хугацаа хэрэгтэй. Засгийн газар, салбарын тоглогчид, нийтээрээ хамтдаа ажиллаж байж хамгийн шилдэг шийдэлд хүрнэ” гэж “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак мөн дурджээ.
Эдгээр мэдээлэлтэй зэрэгцээд Австралийн Хөрөнгийн биржид “Rio Tinto”-ийн хувьцааны ханш 0.5 хувиар өсөж, 95.6 австрали доллар боллоо.
BloombergTV.mn
Т.Элиса | @elisa_elisat
URL: