Танилц: МХЕГ-ын дарга нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэр

3629

“МХЕГ-ын дарга нар авлигын хэргээр ял завшлаа”, “Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна”…гэх зэрэг мэдээлэл олон нийтийн хэрэгсэлээр тарж, иргэд олон нийтийн дунд шүүх, шүүгчийн талаар буруу ташаа ойлголт газар авч байгаа тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан шийтгэх тогтоолын зарим хэсгээс  танилцуулж байна.

Нийслэлийн прокурорын газраас:

Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар,

Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар,

Д.Хандсүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

М.Цагаанбаатарт Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

Э.Онон, М.Нарангэрэл нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

Ш.Тэгванданд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ж.Саруулд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

Д.Зандансүрэн, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат,  Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангул, Э.Оргил, Т.Чингиз нарт Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянаад:

Шүүгдэгч Н.Баярсайханыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ЭХТА-ийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэж,

Шүүгдэгч Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг ЭХТА-ийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг Н.Баярсайханаас авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус гэмт хэрэг үйлдсэнээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч М.Цагаанбаатар, Э.Онон, Ж.Саруул, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангуль, Э.Оргил, Т.Чингиз нарыг “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж бусдад хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ЭХТА-ийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Харин Н.Гантулга, Т.Чингиз, Н.Маржангуль, О.Баттөр, Э,Оргил нарыг Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж бусдад хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн тул тэдгээрийг ялаас чөлөөлсөн байна.

Шүүгдэгч Д.Хандсүрэн, М.Нарангэрэл нарт холбогдох хэргийг Хахууль өгөх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Зандансүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг үйлдэж төгсөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэснийг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Түүнчлэн шүүгдэгч Ш.Тэгванданг Хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд бусдад зуучилж, дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн болохыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих