Тохиролцооноосоо буцаж байна хэмээн Хятадыг буруутгажээ

159

Худалдааны асуудлаарх зөвлөлдөх уулзалтын үеэр өмнө нь хүрсэн тохиролцооноосоо Хятадын эрх баригчид буцаж байна гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа бөгөөд Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг энэ сарын 10-нд нэмэгдүүлэх бодолтой байна. Энэ тухай АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер мэдэгджээ.

“Бид зөв замаараа явж байна гэж бодож байсан. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Хятад улс амлалтаа зөрчиж байгааг бид харсан” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Хятадын төлөөлөгчид энэ долоо хоногт Вашингтон хотод хүрэлцэн ирэх бөгөөд талууд энэ сарын 9-10-нд зөвлөлдөх уулзалт хийх юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар 2018 оны 12 дугаар сарын эхээр Аргентинд уулзах үеэрээ гурван сарын дотор хоёр улсын хооронд худалдааны хэлэлцээр байгуулахаар тохиролцсон билээ. Урьд нь төлөвлөж байсны дагуу нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Хятадын бараа бүтээгдэхүүнд татварыг 10 хувиас 25 хувьд хүргэж нэмэхгүй байхыг зөвшөөрснөө Трамп мэдэгдсэн юм. Худалдааны гэрээ байгуулах хугацаа гуравдугаар сарын 1-нд дууссан боловч АНУ-ын Ерөнхийлөгч хэлэлцээ амжилттай болж буйтай холбоотойгоор татварыг нэмэхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Хятад улстай хийж буй эдийн засгийн яриа хэлэлцээ хэтэрхий удаан явагдаж байгаа учир энэ сарын 10-наас эхлэн Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэгдүүлнэ хэмээн Д.Трамп өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих