Д.Ундраа: Манайхаар үйлчлүүлсэн 13 хүүхдийн 80 хувь нь ураг төрлийнхний хүчирхийлэлд өртсөн

137

УИХ-ын дарга Занданшатарын зохион байгуулж нээлттэй хэлэлцүүлэг хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх сэдвийн дор яг одоо үргэлжилж байна. Уг хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож, илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. Тухайлбал, эмэгтэй гишүүдээ төлөөлж УИХ-ын гишүүн Н.Оюундарь тавьсан илтгэлдээ, холбогдох хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгийг томилж, дөрвөн сарын хугацаанд ажиллаад 2018 онд маш дэлгэрэнгүй зөвлөмж гаргасныг сануулж байлаа. Гагцхүү хэрэгжилтэн дээрээ гацдаг гэх шүүмжлэлийг хэлж байсан юм. Хүчирхийллийн гэмт хэргийн бас нэг шалтгаан бол ажилгүйдэл, нийгмийн бухимдалтай холбоотой гэж үздэг учраас Д.Оюунхорол гишүүн санаачлаад ажлын байр, хувийн хэвшлээ дэмжих цогц арга хэмжээ авч, түүнчлэн итгэлийн зээлийн асуудлыг гаргаж тавьж байгаа гэдгийг тэрээр мөн дурдлаа.

УИХ-ын гишүүдийн зүгээс хүн рүүгээ хандсан хөгжлийн бодлого руугаа онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг онцолж байсан бол хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын зүгээс төр иргэдээ хамгаалах, ялангуяа хүчирхийлэлд өртсөн хүүхдэд тавих анхаарал хангалтгүй байна гэдэг хатуухан шүүмжлэлийг хэлж байна.

Энэ талаар “Үжин” төвийн захирал Д.Ундраа хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрүүл мэндийн болон сэтгэл зүйн хохирлыг нэг ч тооцдоггүй. Гэр бүлийнхэн нь ч эрүүл мэнд, эдийн засгийн хувьд хохирогч болж хоцордог гэдгийг дурдаад, цааш ярихдаа “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидод үйлчилгээ үзүүлж эхлээд зургаан сар болж байна. Бид энэ хугацаанд 13 хүүхдэд үйлчиллээ. Тэдний 80 хувь нь ураг төрлийнхний хүчирхийлэлд өртсөн. Бидний хувьд гэр бүлийн орчинд нь үйлчилгээгээ үзүүлээд явж байгаа.

Ер нь жилийн жилд судалгаа гаргаж тоо яридаг. Гэтэл агентлагийн байгууллагууд нь дөрвөн өөр тоотой сууж байна. Яагаад анхан, дунд шатныхан нэг тоотой байж болдоггүй юм. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн хэдэд нь үйлчилж, хэдэд нь үйлчлэхгүй байгаа юм бэ. Яг бэлгийн хүчирхийлэлд өртсөн нийт хүүхдийн 10 хувьд нь ч хүрэхгүй хүүхдэд үйлчилгээ үзүүлж байна. Санхүүжилтийг нь тооцохоор үйлчилгээнд маш бага хувь оногддог.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид өндөр хамгаалалтад байх ёстой. Хууль зүйн хороо гэж дарга нараар бүрдсэн баг ажлаа хийхгүй, хуралдаа ирэхгүй юм, зарим нь орлогчдоо явуулчихна. Цагдаагийн байгууллага ч тогтвортой ажилламаар байна. Зарим сумд хэсгийн төлөөлөгчгүй байна шүү дээ. Тэгэхээр яаж гэмт хэрэг буурах юм бэ.

Мөн үүнтэй холбоотой эрүүл мэндийн хуулиудад холбогдсон журмаа салбарынхан нь мэдэхгүй байна. Өсвөр насныхны хэдэн хувь нь тэмбүүтэй гээд тоо байгаа шд. Нэг суман дээр гэхэд 70 гаруй гэр бүл хүчирхийллийн хэрэгт холбогдсон байна. Бодит байдлыг би хэлье гэж бодсон.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл гэж төсөвгүй хүмүүсээр бид юу хийлгэх юм. 108 дугаарын ажилтнууд маш их стресс дунд  ажиллаж байна. Зургаан настай хүүхдийн эрхтнээс нь идээ гоожсон тийм нөхцөлд бид ажиллаж байгаа. Хүчирхийлэл үйлдэж байгаа тэр хүмүүсээр төрийн бодлогын алдаа чинь гараад байгаа юм гэх мэт хатуухан шүүмжлэлүүдийг хэлж байна.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Энэхүү хэлэлцүүлэгт тавигдсан илтгэлүүдийг ном болгон хэвлэн гаргаж УИХ-ын гишүүд болон ард иргэдэд гарын авлаг болгон түгээхээр төлөвлөжээ.

Updown.mn


URL:

Сэтгэгдэл бичих