АЛТАНХУЯГИЙН АЛТАН НҮҮДЭЛ

Болоод өнгөрсөн дайнд бэлтгэж байгаа генералууд үргэлж ялагддаг.

Наполеон Бонапарт

Наполеон хорон үгээрээ юу хэлсэн бэ? Өнгөрсөн дайны хуучирсан стратеги, арга барил, зэвсэг хэрэгслээсээ салж чаддаггүй, түүндээ үхэн зууралдсан арми ялагддаг гэсэн хошин бөгөөд гашуун үг юм. 2012 оны сонгуулийн мэдээлэл харилцааны дайн, сонгогчдын санаа бодлын төлөөх тэмцэлд АН түрүүлж өөрийн үндсэн байрлалаа эзэллээ. Засгийн газраас гарах тухай Н.Алтанхуягийн мэдэгдэл, түүнийг 100 хувь баталсан ҮЗХ-ны шийдвэрийн ач холбогдол байлдааны талбарт хөх тугийн хүчин байрлалаа түрүүлж эзэлж буйд оршино. Байрлалаа түрүүлж эзэлсэн нь бэлтгэлээ базаах эхлэл болохоос төгсгөл биш. Хамтарсан Засгийн газар байгуулагдсан өдрөөс л гарах тухай  ярьж хэлэлцсээр нэгэнт үүсчихсэн хүлээлт, урьдчилаад бэлтгэгдчихсэн шийдвэр болчихсон байсан буцах нүүдлийг гишүүд нь санал ч хураахгүй баталгаажуулсан нь гэнэтийн зүйл, сонин үйл явдал биш юм. Намын гишүүд, дэмжигчдийнх нь оюун санааны, үзэл баримтлалын, өөрсдийгөө тодорхойлох, илэрхийлэх сэтгэл зүйн эрэлт хэрэгцээ, зүй тогтолт үйл явц гэсэн үг. Улс төрийн хоёр гол өрсөлдөгчтэй санаа бодлын зах зээлд сонгогчид үндсэн таван бүлэгтэй. Ардчилсан намын байрлалын баруун жигүүрээс тоолбол эдний гишүүдийг нэгдүгээр, дэмжигчдийг нь хоёрдугаар бүлэг гэж үзнэ. Зүүн жигүүрээс сегментчилбэл МАН-ын гишүүд болон дэмжигчдийг мөн ийм дарааллаар хуваана. Дундын бүлэг сонгуулийн хувь заяаг шийдвэрлэнэ. Хоёр намын гишүүд, дэмжигчдийн бүлгийг хасвал Монголд энэ хэсэг сонгуулийн зах зээлийн ойролцоогоор 40-50 хувь болно. Бүгд найрамдах, Ардчилсан нам гэсэн хоёр гол өрсөлдөгчтэй Америкийн сонгуулийн талбарыг технологчид нь ерөнхийд нь ингэж бүлэглэдэг байна. Үйл ажиллагааны эрч нь саарч, үнэт зүйлс, үзэл баримтлал нь тэр хэрээр зүүрмэглэж байснаа нам нь өрсөж байрлалаа эзлэхэд гишүүд, дэмжигчдийн бүлэг хамгийн түрүүнд хүлээж авах нь гарцаагүй зүй тогтол. Эрх баригч МАН-ын давуу тал нь туршлага, хөдөөгийн уул тал бүрт хүрсэн сүлжээ, тэндээ тохирсон, танигдсан нэр дэвшигчдийн бүрэлдэхүүн, бүтэц, засаг захиргаа, хөрөнгө санхүүгийн илүү нөөц. МАН нухацтай, даацтай боловч сул тал нь удаан, нүсэр, хүнд суртал, шат дамжлага ихтэй, шийдвэр гаргах процесс сунжирч өгнө.  Уламлалт арга барилдаа их үнэнч. Гишүүд, дэмжигчдээ цуглуулна. Ёс төртэй, сүр жавхлантай, алга ташилттай хурал, цуглаан хийсний дараа гишүүд, намын хороо, байгууллагууд нь суртал ухуулгын аянд мордоно.

Ардчилсан нам зохион байгуулалт, сүлжээгээр МАН-ыг гүйцэхгүй. Давуу тал нь хурд, хөдөлгөөнт чанар, хурц, шинэ санаа гаргахад оршино. Дөчин мянган айлын орон сууц, хүүхдийн мөнгө гэсэн амлалт 2004 онд телевизгүй, радиогүй эвслийн түүз болж, МАХН-ыг засаг барих 39 суудалгүй болгож байлаа. Н.Алтанхуяг агуу улс төрч, солигдошгүй намын дарга биш. Өнөөдрийн нөхцөлд алган дээрээ алтан өндөг авч явах чадвар нь түүнд илүү байна. Засгаас гарах тухайд ганцаарчилсан тоглолт хийсэн гэх боловч УИХ дахь бүлгийн ахлагч, намын генсектэйгээ тохой залгаж суугаад зарласан, өөрийн байрлал, төрхөмдөө эргэн буух, эгнээ жагсаал, эмх журамдаа орох нь хэзээ вэ гэдгээс бусад нь нэгэнт тодорхой асуудал байсан. Улс төр үндэсний бөх шиг тасархай аваргагүй, алдар хүнд, хүлээн зөвшөөрөгдсөн байдлын хувьд эрэмбэ ойролцоо тэнцүүхэн хүмүүсээс бүрдэх болсон билээ. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдон орон зайгаа үлдээж, түүнийг нь хөтөлгөө морь шиг явсан Э.Бат-Үүл нөхөх гэж улайрахгүй байна. Н.Алтанхуягийг солиод хэрэггүй гэж Э.Бат-Үүл мэдэгдлээ. З.Энхболд гурван жил хагасын турш Н.Алтанхуягийг огцруулах, Засгийн газраас гарах, өөрөө оронд нам даргалах хүслээ илэрхийлэхээс өөр уран нүүдэл, улс төрийн уян хатан тактик хэрэглэж чадсангүй. Жишээ нь, хэвтээ бүтэцтэй, гишүүддээ чих зөөлөн АН-ын аймаг, дүүргийн хороод, анхан, дунд шатнаас, Ховдоос Сүхбаатар, хотоос хөдөөг хүртэл хүртэл засгаас гарах эсэх тухай санал асуулга явуулж, үр дүнг нь Н.Алтанхуяг нарт цувралаар хүргэн шахсан бол аваад залчих л энгийн бөгөөд хүчтэй арга хэрэгсэл байлаа. АН-ын үе үеийн дарга нар бүгдээрээ намхан боловч бүр давжаарч болохгүй гэсэн онигоо хүртэл гарсан байна. Х.Баттулгын хувьд гурван жил гаруй бодож боловсруулсан, төсөвлөж тооцсон ажлынхаа үр дүнг бүрэн гүйцэд үзэж чадаагүйдээ харамсал илэрхийлсэн болохоос бус МоАХ-д түшиж намын даргын суудалд хүчтэй зүтгэхгүй орхилоо. Н.Алтанхуягийн өрссөн алхам АН дахь олон фракцийн Засгийн газраас гарах, намаа сэрээх улс төрийг байгүй, банзгүй болгож байна. МАН-ын зургаан сайдыг чиглэсэн улс төр Засгийн газраас гарсан АН-ын шийдвэр тойрсон анхаарлыг хангалттай сарниуллаа. Дэд сайд нарын нэрс, зураг, намтар гараад ирэхээр АН Засгийн газарт байсныг бүр мартуулж эхэлнэ. Улс төрийн дээд хүрээнд яригдаж байснаар бол Цагаан сар гэхэд салъя гэж салсангүй, салаа замын эхээр саллаа гэдэг шиг юм болж, хөөгдөж гарах магадлал их байв. Хөөгдөж туугдаж гарснаас өргөдлөө өгсөн нь сонгуулийн дараа ам уралдан ярих үр дүн болж мэднэ.

Н.Алтанхуягийг хусч чадлаа гэхэд дараа нь яах вэ? Гарман дээр морио соливол дотоод эв нэгдлээ хангаж чадахгүй, эрчим хүчээ өвөр зуураа үзэлцэж барна гэсэн болгоомжлол хүчтэй байна. Лев Гумилевын бичсэнчлэн, “дэврүүн сэтгэл хөөрөл”-ийн эрчим хүчээ дотроо цуглууж, гадагшаа чиглүүлж чадвал ялалт хол биш: АН дотроо хагарахын зовлонг, түүнээс болсон гашуун ялагдлыг хангалттай амссан хүчин. Хорин настай, эрийн цээнд хүрсэн улс төрийн хүчин туршлага сууж байна. МАН-тай Засгийн газарт хамтрахад гол үүрэг гүйцэтгэсэн “Алтангадас” дотооддоо сөрөг хүчин болвчихвол энэ цуурал дээр хангалттай тоглоом хийхээ “ах нам” сайн мэднэ.

АН эгнээ байрлалаа түрүүлж эзэлсэн ч бэлтгэлээ хангах яагаа ч үгүй байна. Нүүдэл суудал болж, чанарын үр дүнд хүрэхийн тулд дотоод эв нэгдэл, өөрийн хурд маневр, унаган үзэл баримтлалдаа түшсэн хурц шинэ санаа гаргах давуу тал, боломжуудаа ашиглах тулалдааны бэлтгэл дөнгөж эхэлж байна. Өөрийн үндсэн давуу тал болсон хурц шинэ санаа, хурдаа ашиглах боломжийг бүрдүүлэх ёстой болно. 2012 оны сонгууль Медведев, Путин хоёр солигдон, урьдчилаад бэлэн болгочихсон кино ирж үзээрэй гэдэг шиг уйтгартай, шинэ асуудал, шинэ сэдэвгүй болчих аюул бий. Өмнөх сонгуулийн Оюутолгой, Тавантолгой, эх орны хишиг, эрдэнийн хувь гэсэн хуучин сэдвээсээ давж гарахгүй бол жилээс жилд буурч байгаа ирц улам бүр доошилно. Энэ жил 2008 оны байдлаар 14-17 настай байсан 200 гаруй мянган шинэ сонгогч анх удаагаа санал өгөх эрхтэй болж байна. Шинэ сонгогчид, залуучууд намын хурал, Одиссейн дуулал шиг урт мөрийн хөтөлбөр, улс төрийн сүржин хөөрлийг сонирхохгүй, ойлгохгүй. Тэд өчигдрийг сонгохгүй, аливаа “изм”, улс төрийн ерөнхий үзэл баримтлалыг моодноос гарсан дуу мэт хүлээж авахгүй. Эдийн засгийн хувьсгал гэсэн нэр томъёо сүржин гоёмсог боловч маш ерөнхий. Сонгууль бүрийн өмнө л ялна гэж сүр бадруулж, туг намируулаад ирэхээрээ тавиулж орхидог, дуулсан дуундаа бага уярвал, халуун цустай ч хүйтэн тооцоотой өрсөлдвөл гоол алдахгүй, хийнэ гэж АН-ынхан өөрсдөө ярьдаг билээ.

Д.Болортоль


URL:

Сэтгэгдэл бичих