Хотын дарга шинээр баригдах замын бэлтгэл ажилтай танилцав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр 2012 онд нийслэл хотод баригдах авто зам, замын байгууламжийн бэлтгэл ажилтай өнгөрсөн амралтын өдрүүдэд танилцлаа. Энэ жил нийслэлд баригдах томоохон замуудын нэг болох Яармагийн гүүр-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэл 13,7 км замыг улсын төсвийн хөрөнгөөр барина. Гадна дотны зондын ирж буцах гол гарц болсон энэхүү зам нь нэг чиглэлдээ гурван эгнээ бүхий зургаан урсгалтай болох аж. Замын зураг төсөл бэлэн болсон байна. Нисэхийн товчоо-Био-комбинат-Шувуун фабрик чиглэлийн 22,5 км авто замд өргөтгөл шинэчлэл хийж, бетон зам барих ажлын зураг төсөл хийгдэж байгаа байна. Хэдийгээр энэ чиглэлийн зам барих хөрөнгө мөнгөний асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа ч хотын зүгээс шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хангахыг хотын дарга даалгалаа. Мөн энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих Хүчит шонхор захаас Баянхошууны зам хүртэл тавигдах 1,6 км замын бэлтгэл ажилтай хотын дарга танилцлаа. Эхний хийсэн зураг төслөөр бол 70 гаран айл замын траст орж чөлөөлөгдөхөөр байсан боловч замын трастыг ямар нэгэн хүндрэл гарахгүйгээр өөрчилж болох тухайгаа холбогдох албаныхан танилцуулж, хотын даргаас дэмжлэг авсан юм. Өнгөрсөн жил нийслэлд баригдсан замын ажлуудыг эрт эхлүүлж, цагт нь дуусгаж сайн ажилласан шигээ өнөө жил ч мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эртнээс эхэлж, замын чанарт тавих хяналтыг улам сайжруулахыг хотын дарга үүрэг болголоо.
Д.ДАВААСҮРЭН
URL: