Төв аймгийн зам “там” болох вий
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажил явагдаж байна. Энэ бол олон жил хүлээлгэсэн маш том бүтээн байгуулалт.
Зам засвар, шинэчлэлтийн бүтээн байгуулалттай холбогдуулан том оврын болоод хүнд даацын автомашинуудыг Баянзүрхийн товчоогоор Улаанбаатар хот руу нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлаж, Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор хот руу нэвтүүлж байгаа.
Удахгүй шинэ замаар сүнгэнэн давхих өдрийг сэтгэлдээ зурагласан Налайхын иргэд бүтэн тойрч гурав дахин урт зам туулж Улаанбаатар хотод хүрч байгааг саад, бэрхшээлд тооцохгүй харин ч Төр, засгийн бодлого шийдвэрт баярлаж хүлээцтэй хандаж буй.
Харин Төв аймгийн Зуунмод хотын иргэд хүнд даацын олон машин холхих болсонд тааламжгүй хандаж байгаагаа илэрхийлсээр байна. Улаанбаатар хотоос Төв аймаг 45 км-ын зайд оршдог, нийслэлтэй хамгийн ойр аймаг. Тиймээс ч тус аймгийн иргэд, оршин суугчид өдөр бүр хичээл, сургууль, ажилдаа аймгаасаа явж, буцах нь элбэг.
Зуунмод хотын оршин суугч Б.Ганчимэг “Манай ажил Улаанбаатар хотод, Модны хоёрт байрладаг. Би өглөө бүр 06.00 цагт Зуунмод хотоос ажилдаа явдаг. Манай аймгаас хот хүртэл зам харьцангуй энхэл, донхолгүй эвдрэл багатай. Гэтэл долоо хоногийн өмнөхийг өнөөдрийнхтэй харьцуулахад маш их эвдэрсэн байгаа нь ажиглагдлаа /дээрх зургийг үзүүлэв./. Үүнийг Налайхын замыг засч байгаа тул хүнд даацын том машинууд өдөр, шөнөгүй зорчих болсонтой холбоотой гэж бодож байна. Налайхын зам 11 дүгээр сард ашиглалтад орно гэсэн. Тэр болтол манай аймгийн зам Налайхын зам шиг нүх сүвтэй, хагархай цоорхойтой хэцүү болох вий гэж санаа зовж байна.
Налайх хотод ойрхон тул иргэд нь хот руу ажил, хичээлдээ явдаг шиг манай аймгийн маш олон хүн өглөө хот руу ажилдаа явж орой аймаг руу гэртээ харьдаг. Тэгэхээр зам бол маш чухал. Налайхын замыг засч байгаа нь сайн хэрэг ч эргээд баруун талдаа Төв аймаг замгүй болчихвол тун хэцүү. Үүнийг төр, засгийн удирдлагууд анхааралдаа авмаар байгаа юм” хэмээн учирласан юм.
Д.Итгэл
Shuud.mn
URL: