Дарга, цэрэггүй “түргэн авахуулсан” Налайхын замын бүтээн байгуулалт

4

Өнгөрөгч бямба гараг буюу амралтын өдөр хотоос  гарч малгайн үс сэргээхээр хөдөөг зорив. Налайхын зам хаалттай, шинээр гаргасан шороон замаар тоостой гэлгүй машин тэрэгнүүд цувна. Амралтын өдөр болоод ч тэрүү аялал зугаалгаар яваа хүмүүсийн цуваа үл тасрах аж. Харин зам зуур Налайхын замын өргөтгөлийн ажил амралтын өдөр гэлтгүй идэвхтэй үргэлжилж байгааг  анзаарлаа.

Замын ажлыг хэд хэдэн гүйцэтгэгч нарт хэсэг хэсгээр нь хуваарилан өгсөн бололтой. Ажил урагшлуулах арга нь тэр байх.  Хуучин байсан цардмал замыг хуулчихжээ.  Түүнийгээ том том оврын машинд ачиж хаа нэгтээг зорих аж. Зарим газарт нь хуучин замыг хуулах ажил ид өрнөж байна. Засмалаас  шороон зам руу салдаг хэсэг дээр энгийн хувцас ногоон хантаазтай зохицуулагч нар зогсож машин тэрэгнүүдийн хөдөлгөөнийг зааж чиглүүлж байгаа харагдсан. Бодвол тэд  гүйцэтгэгч компанийхан байсан байх.

Налайх хүртэлх 4 эгнээ хатуу хучилттай замын бүтээн байгуулалтын ажил ингэж амралтын өдрийг ч үл анзааран эрчимжиж байгааг бодоход заасан хугацаанд замаа ашиглалтад оруулах хатуу даалгавартайнх биз ээ. Ажил хийж байгаа хүмүүст цаг нар гэдэг үнэ цэнэтэй. Гүйцэтгэгч компаниудын хувьд тэрэг техник сайтай нь анзаарагдсан.  Хуучин зам дагуу хэд хэдэн газарт  хүнд оврын  тэрэг техникүүд паркалсан байна билээ.

Налайх-Чойрын чиглэлийн 20.9 км урттай 4 эгнээ асфальтобетон хучилттай авто замын ажилтай холбоотойгоор  түр замын ажил бүрэн дуусч, энэ замаар зорчихыг зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслүүдэд зориулж тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг бүрэн хийж дуусгажээ. Энэ ч бас бүтээн байгуулалтын нэг хэсэг. Хэдийгээр тоос шороо ихтэй ч энэ түр замаар нүдээ аниад явсан ч будилж төрөөд байхааргүй аяндаа хөтлөөд Налайхын төв рүү оруулаад ирнэ. Харин хотын дарга бүтэн сайн өдөр /2019.05.05/ тус замын ажилтай танилцах үеэрээ энэ тоос шороог бууруулах үүднээс замыг  ойр ойрхон усалж байхыг үүрэгдэж, үүнд нь зориулж Хот тохижилтын газраас нэмэлтээр усалгааны машин гаргуулахаар болжээ.

Налайх Чойрын замын уулзварын хэсэг буюу том бөмбөрцгийн хөшөөтэй хэсгээс цааш зам чөлөөтэй.  Ер нь бол  зүүн зүг зорьж байгаа машин тэрэгнүүд  зам сунана гэхгүйгээр Төв аймгийн замаараа  явбал бие болоод унаа тэргэнд амар юм билээ. Налайхаас 20 гаруй км давхиад Төв  аймаг хүрэх  сайхан засмал байна.  Сэлүүхэн ч юм.

Ямартай ч өнгөрсөн сарын 20-оос эхэлсэн  энэ замын ажлын  явц маш сайн гэж хэлж болмоор харагдсан. Энэ 10 гаруйхан хоногийн дотор 20,9 км замын хуучин замын  хучилтыг  хуулж дуусгаад ачуулж зөөж байна.  Зарим нэг нь замын суурь хөрсөө тэгшилж хусч байгаа бололтой байсан.

Одоо ч хүмүүс  сайныг нь ярихаас илүүтэй шүүмжлэх дуртай болсон цаг. Гэтэл амралтын өдөр гэлтгүй үргэлжилж байгаа бүтээн байгуулалтыг харахаар сэтгэлд гэгээ гэрэл гийж, бахархах сэтгэл төрж л явлаа.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Налайхын замын ажлын явц болон барилгын материалын үйлдвэрлэлийн цогцолбортой биечлэн ням гарагт танилцжээ. Дарга цэрэггүй л завгүй байгаа бололтой. Хотын Засаг дарга энэ үеэрээ үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудын удирдлагуудтай уулзаж, ажил явуулахад тулгамдаж буй ямар асуудал байгааг тодруулж,  яаралтай шийдэхийг холбогдох албаны хүмүүст даалгажээ.  Мөн энэ замын ажилд орон нутгийн иргэдээс авч ажиллуулахыг компанийн удирдлагуудад үүрэг болгосон байна.  Бүтээн байгуулалтын буянаар Налайх дүүргийн  иргэд хэсэгтээ ажлын байраар хангагдвал аятай юу.

Энэ зуны хамгийн том хоёр бүтээн байгуулалтын нэг нь энэ Налайх чиглэлийн зам. Төлөвлөж буйгаар ирэх арваннэгдүгээр сарын 30 гэхэд ашиглалтад оруулах юм.

Хотод хийгдэж буй хоёр дахь том бүтээн байгуулалт бол Замын цагдаагийн ойролцоох гүүрэн байгууламж. Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо барих гүүрэн гарц”-ын гүүрийн доод байгууламжийн ажил бүрэн дууссан, бусад ажил зураг төсөл хуваарийн дагуу явж байгаа, нийт ажлын гүйцэтгэл 50 шахам хувьтай явж байгаа гэсэн мэдээллийг өглөө.  Тэгэхээр энэ  том байгууламж  төлөвлөсөн хугацаандаа буюу энэ оны арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгийг гүйцэтгэгч компани  хотын даргад танилцуулсан.

Харин Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы хувьд  “Чанар, стандарт, аюулгүй байдал, технологийн горим алдуулахгүйгээр ажлын гүйцэтгэлийг шахаад долдугаар сарын 1-ний дотор төв гүүрэн замыг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээхийг гүйцэтгэгч компани анхаарч ажиллах ёстой” гэдгийг сануулаад байгаа.

Монголд нэг бүтээн байгуулалтын тухай олон жил ярьдаг, тэр нь тэгээд сонгуулийн шоу болсоор ирдэг таагүй зураглал бий. Харин энэ Засгийн газар, хотын шинэ даргын хувьд бүтээн байгуулалтыг шууд эхлүүлж шуурхайлж байгаа нь сайшаалтай.

Хожим хойтдоо эрх баригч нарын хувьд энэ нь  жишиг болж үлдвэл сайн л байна.

Г.Хантулга


URL:

Сэтгэгдэл бичих