З.Энхболд: МАН-ын зургаа үнэхээр жул харагдаж байна лээ

УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.

-Нэр дэвшиж буй зургаан сайдыг Ерөнхийлөгч хүлээн авч уулзлаа. Төрийн тэргүүний зүгээс нэрс оруулж ирсэн Ерөнхий сайд болон нэр дэвшигчдийг хатуухан шүүмжилсэн. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Ерөнхийлөгчийн уулзалт дээр чөлөөлөгдөж буй зургаа, оронд нь орох зургаа аль аль нь ирсэн. Чөлөөлөгдөх гэж буй зургаан сайдыг эхлээд юу хийж бүтээсэн түүнийгээ тайлагна гэсэн. Тодруулбал, УИХ-аас та нар ийм тийм ажил хийнэ гэсэн үүрэг аваад сайд болсон. Одоо чөлөөлөгдөх боллоо. Тайлангаа тавиад хууль номынхоо дагуу чөлөөлөгдөөд ороод ир гэсэн байна лээ. Тухайн сайд ажлаа хийж байхад, чөлөөлөгдөөгүй байхад орных нь хүнийг томилох тухай асуудлыг зөвшилцөх бололцоогүй. Ер нь ямар ч хүнийг ажилд авахын тулд ажлынх нь байр сул байх ёстой. Хамгийн сүүлд 2007 онд Л.Одончимэд гэдэг УИХ-ын гишүүнийг чөлөөлснийхөө дараа Д.Дэмбэрэл, одоогийн УИХ-ын даргыг оронд нь томилж байжээ. Урьд нь ийм жишиг байсаар байтал бушуухан сайд болох гээд давхиж орж ирсэн чинь буруу байна. Наад хууль дүрмээ унш. Хар ухаанаар бодоход ажлын байран дээр хүн авах гэж байгаа бол тэр нь хүнгүй сул байх ёстой ш дээ. Гэтэл тэгээгүй яаруу сандруу ороод ирсэн учраас болохгүй байна гэсэн зүйлийг Ерөнхийлөгч хэлсэн байна лээ. Нам нь чөлөөлөгдөх шийдвэр гаргангуут сайдыг нь чөлөөлөгдсөнд тооцоод явж болохгүй. Сайд нарыг УИХ томилж, чөлөөлдөг бүрэн эрхтэй. АН-ын ҮЗХ-ны хурал болсон байж болно. Тэр нь чөлөөлөгдмөөр байна гэсэн намын шийдвэр болохоос биш сайдыг ажлаас нь бүрэн чөлөөлсөн тогтоол биш шүү дээ. Тэгэхээр ийм наад захын юмаа мэдэхгүй хүмүүс төрийн ажилд саад учруулж байна. Манай сайд нар намын шийдвэр гарчихсан учраас чөлөөлөгдөөд л явна. Гэхдээ хажууд нь хууль дүрэм гэж юм байна. Хуулиа дагаж мөрдөх ёстой. Түүнийгээ л баримтлаагүй гэсэн байр суурийг Ерөнхийлөгч илэрхийлсэн.

-Нөхөн оруулах зургаан сайдыг УИХ-ын гишүүд дундаас томилохгүй байх байр суурийг Ерөнхийлөгч эртнээс илэрхийлж байсан. Гэтэл Ерөнхий сайд УИХ-аас гурван сайдыг томилохоор оруулаад ирлээ?

-Сайд нарын чанар жил ирэх тусам муудаж байна. Гэхдээ сайд бүрийг хэлж байгаа юм биш. Үнэхээр олон түмэнд өөрийгөө таниулчихсан сайн хүмүүс орж ирвэл дэмжээд явна. Нөгөөтэйгүүр, УИХ-ын гаднаас авах уу, дотроос авах уу гэдэг нь жирийн иргэн хүнд сонин биш байж болно л доо. Хэн нь ч сайд байсан яахав гэж бодож болно. 2000 оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс хойш УИХ-ын гишүүн сайд байж болдог болчихсон. Гэтэл “болно” гэдэг үгийг бүр 100 хувь ашиглаад 76 гишүүнтэй УИХ-ын 15 нь сайд болчихоор болохгүй болчихож байгаа юм. Гадаад орнуудад гишүүн нь сайд байж болдог тохиолдол бий. Гэхдээ дөрөв, таван зуун гишүүнтэй Японы парламентын арав, хорин гишүүн нь сайд хийхэд нөлөөлөхгүй. Манай 76-гийн 15 нь сайд болчихоор ажлаа хянуулах ёстой сайд, ажлыг нь хянах ёстой УИХ хоёр холилдчихоороо бие биенийхээ ажлыг хянах утгаа алдаж байгаа юм. Тийм учраас Ерөнхийлөгч уулзалтын үеэр “Хянадаг хянуулдаг хоёр нэг хүн байж болохгүй. Чи шинэ сайдынхаа нэрийг оруулж ирэхдээ УИХ-ын гишүүдээ өөр хүн байхаар бодож орж ирээрэй” гэж Ерөнхий сайдад хэлсэн байна лээ. Гэтэл Ерөнхий сайд өмнөөс нь “Урьд нь ингэж шийдээд болоод л байсан шүү дээ” гэж хэлсэн байгаа юм. Альваа удирдагч муу ажлыг үргэлжлүүлдэг биш түүнийг зогсоодог, өөрчилдөг байх ёстой гэж Ерөнхийлөгч хэлсэн гэсэн. Уг нь 70, 80 жил болчихсон МАН-ынхан энэ хэмжээний мэдрэмжтэй байх ёстой. Олон түмэн наад УИХ, засгийн ажил чинь холилдчихоод болохгүй байна. Бид бензиний үнийн өсөлтөөс болж хохироод байна. Валютын ханшаас болоод хохироод байна гээд байхад дээр нь нэмээд УИХ-ын гишүүдээ сайд болгох гээд зүтгүүлээд байх нь зохимжгүй хэрэг байгаа юм. Үндсэн хуулинд УИХ-ын гишүүн заавал сайд байна гэж заагаагүй. Байж болно л гэсэн болохоос биш байхгүй ч байж бас болох байхгүй юу. Ерөнхий сайд бид олонх юм чинь юу ч хийсэн яадгийн гээд шинэ сайд нараа оруулж ирлээ.

-Он гарсаар шатахууны үнэ огцом өслөө. Үүнийг Засгийн газар тодорхой хэмжээнд тогтоож болоогүй юм байх даа?

-Засаг яаж бензиний үнэд нөлөөлж чадах юм бэ гэсэн яриа гарч байсан. Үүний хариулт бол Өрсөлдөөний хууль юм. Хуучин бол бензиний үнэ мянган төгрөг байна гээд Засгийн газрын тогтоол гараад явдаг байсан. Өнөөдрийн гол механизм бол өрсөлдөөний хууль. Эргэлтийг нэмэгдүүлэх, компаниудын тоог олшруулж өрсөлдүүлэх ёстой. Цөөхөн хэдэн нийлүүлэгчид үгсэн хуйвалдаад үнэ хөөрөгдсөн бол хотойтол нь торгодог боллоо. Хуучин бол тав арван мянган төгрөгөөр торгодог байсан. Өрсөлдөөний хуулийг Засгийн газар хэрэгжүүлж байсан бол үгсэн хуйвалдах зоригтой компани гарахгүй байсан биз. Уг нь өнөөдрийнх шиг арван тэрбумаар торгоод явах байсан юм. Би УИХ дээр асуусан.

Наадах арван тэрбум чинь юу юм бэ, хууль бусаар олсон орлогын хувь юм уу гэж. Гэтэл үгүй энэ бол борлуулалтын хувь гэж тайлбарлаж байсан. Тэгэхээр энэ жил торгохын тулд өмнөх жилийн нийт борлуулалтын 2-6 хувиар торгодог түүнийгээ хэлсэн юм байна лээ. Мэдээж тодорхой хэмжээнд үнээ 300 төгрөгөөр нэмсэн юм чинь ихээхэн хэмжээний ашиг олсон байж таарна. Тэр орлогыг хурааж авах нь өөрөө том шийтгэл болно. Нэг удаа ингэж торгуулсан нефть импортлогч компаниуд дахиж хэзээ ч үгсэн хуйвалдахгүй. Яагаад гэвэл халаастай нь ярьж байгаа учраас тэр. Түүнээс биш та нар үгсэн хуйвалдаж болохгүй гэсэн албан бичиг явуулаад ухамсарт нь найдаад байх хэрэггүй. Хотойтол нь торгоод дахиад тийм юм хийх нь бүү хэл бодох ч боломжгүй болгох ёстой. Өөрөөр хэлбэл, хуулиа хэрэгжүүлж байсан бол бензиний үнэ нэмэгдэхгүй байсан.

Ард түмний амьдралыг сайжруулах гэхийн оронд бензиний үнийн өсөлтөөр далимдуулж амьдрал муутгаад байх юм. Зүгээр л хүрсэн хөгжлийн түвшинг нь хадгалаад явмаар байна гэх хүн олон бий. Нэг л өдөр шийдвэр гаргаад бүх хүмүүсийн халааснаас литр тутамд нь 300 төгрөг авчихаад байхад засаг арга хэмжээ авч чадахгүй байна. Уг нь хууль нь байгаа. Хэрэгжүүлэх хүсэл алга, том компаниудынхаа хармаанд орчихсон юм чинь. Ийм арчаагүй байдлаас болоод төр засгийн нэр хүнд унаад байгаа юм. Энэ нь явж явж гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал холилдсоны үр дагавар гэдгийг хэлмээр байна.

-Ерөнхийлөгч МАН-ын шинэ зургаан сайдыг өмнөх зургаан сайдтай нь харьцуулж байсан. Таны зүгээс хэр оновчтой томилгоо болсон гэж үзэж байгаа вэ?

-Хэвлэлээр Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын оронд тавих гэж байгаа Ц.Дашдорж, Батлан хамгаалахын сайд Л.Болдын оронд тавих гэж байгаа Ж.Энхбаяр гээд бүгдийг нь харьцуулсан мэдээллийг гаргасан. Үнэхээр л жул харагдаж байна лээ л дээ, хөөрхий амьтад. Тэр Ц.Дашдорж нь дөрвөн жил дэд сайд хийсэн юм байна лээ ш дээ. Хэн ч мэддэггүй юм байна. Н.Батбаяр гишүүнийг 2004-2006 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхад дэд сайд нь байсан юм билээ. Тэр үед ажилдаа ирдэг ч байсан юм уу бүү мэд. Д.Хаянхярваа гишүүнийхээ хувьд хийх ажил олон бий. Эхлээд хордуулсан Хонгор сумандаа очиж хоргүй болгох хэрэгтэй. Иргэд нь үхээд байна. Тэгэхээр тэнд аюултай байдал үргэлжилсээр байна гэсэн үг. Тухайн үед Засаг дарга нь байсан. Одоо УИХ-ын гишүүн байна. Юун Сангийн сайд болох.

А.БИЛГҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих